богино мэдээ New

Хувьцаа эзэмшсэн эсэхээ шалгаарай

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэн бүрт тэнцүү хуваан эзэмшүүлэх шийдвэр гаргасан билээ. Энэ дагуу иргэн бүр 536 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй боллоо хэмээн хөөрцөглөх болсон ч чухам яаж эзэмших, эзэмшиж байгаа юу, үгүй юү гэдгээ ч сайн мэдэхгүй хүн олон байгаа. .

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэн бүрт тэнцүү хуваан эзэмшүүлэх шийдвэр гаргасан билээ. Энэ дагуу иргэн бүр 536 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй боллоо хэмээн хөөрцөглөх болсон ч чухам яаж эзэмших, эзэмшиж байгаа юу, үгүй юү гэдгээ ч сайн мэдэхгүй хүн олон байгаа. Тэгвэл энэ ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК иргэний шинэчилсэн бүртгэлийг үндэслэн иргэн бүрийн нэр дээр хувьцаа хуваарилах ажлыг хийж дуусгаад байгаа юм. Ингэснээр иргэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас эзэмшиж буй эсэхээ цахим хуудсаар шалгах боломжтой болж байна. 

Хувьцаагаа шалгахын тулд та гэр, ажил дээрээсээ, эсвэл өөрт хамгийн ойр интернэт кафед ороод https://net.schcd.mn/registration хаягаар хандана уу. Энэ үед хувьцаагаа хэрхэн шалгах тухай тайлбар монгол хэлээр гарч ирнэ. Та тайлбарын дунд байгаа регистр гэсэн линк /холбоос/-ээр ороход регистрийн дугаараа бичих талбар гарч ирнэ. Уг талбарт регистрийн дугаараа бичиж оруулаад хайх гэсэн товчийг дарахад таны хувьцааны талаарх мэдээлэл гарч ирэх юм. Регистрийн дугаараа бичихдээ зөвхөн кириллээр буюу Windows-ийн стандарт гарын драйвер ашиглах ёстойг анхаарна уу. Өөрөөр хэлбэл, monkey драйвер ашиглах юм бол алдаа заана гэсэн үг. 

Та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол 536 хувьцаа эзэмших эрх тань баталгаажсан байна. Хэрэв хамрагдаагүй бол хувьцааны эрх нээгдэхгүй юм. Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эхний ээлжинд бусдад арилжиж болохгүй гэсэн чиглэл өгсөн учраас та брокер, дилерийн компанид хандан өөрийн нэр дээр данс нээлгэсэн эсэхээс үл хамааран хувьцааны эзэмшил тань баталгаажна. Гэхдээ ирээдүйд үнэт цаасны зах зээлд оролцох, хувьцаагаа арилжих эрх үүсэх тул та өөрийн сонгосон брокер, дилерийн компани дээр данс нээлгэж болно. Монголын Хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороонд албан ёсны бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж буй брокер, дилерийн компаниудын хаяг, байршлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг мөн дээрх цахим хуудаснаас авч болно. Уг сайтад зөвхөн нийслэл төдийгүй аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа брокер, дилерийн компаниудын мэдээлэл бий.

 

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх: 
"Улс төрийн тойм" сонин