Хэтэрхий хүчирхэг Цахиурын хөндий


2017-05-17 17:05:52 0

    Миний бие зээлийн картынхаа төлбөрийн тооцоог өнгөрсөн долоо хоногт шалгаж үзээд цочлоо. App store надад хамаагүй наймааны төлөө 909 ам.доллар суутгачихжээ. Хакерын халдлага байж таарах нь гэж бодлоо. Шалгаад үзтэл онлайн тоглоом тоглодог 10 настай хүү маань виртуал хөлбөмбөгч худалдаж авахын төлөө ийм их зарлага гаргасан юмсанж.

Хүүгийнхээ цахим хэрэгслийг хурааж, нууц үгээ шинэчиллээ. Цагтаа Google-ийг дэмжигч байгаад хожим нь технологийн аваргуудын сүр хүчний эсрэг тэмцэгч болж хувирсан Тристан Харрисын тайлбарлаж буйгаар бол хүү маань ийм юмнаас болж цээрлэл амсаж буй түм буман хүүхдийн л нэг ажээ.

Ноён Харрис бол Стэнфордын их сургуулийн харьяа Persuasive Tech Lab-ийн төгсөгч. Уг байгууллага нь гэймнээс авахуулаад болзоо тогтоох Tinder сайт, хуурамч мэдээлэл хүртэлх бүх л өгөгдөлд хүмүүс компьютерын хулганаар товшин хандахад хүргэх зорилготой, зан авир өөрчлөх программ хангамж хөгжүүлэх ажил эрхэлдэг. Google, Facebook зэрэг технологийн аварга компаниудын эрх ашиг үйлчлүүлэгчдийнх нь эрх ашигтай нийцдэг байсан үе төгсгөл болж буй тэрхүү эргэлтийн цэгт та бид хүрээд ирчихлээ хэмээн ноён Харрис үзэж байна.

“Соёл, бодлого хоёр улам дотогшоо, хувиа хичээсэн шинжтэй болж буй нь нарийн учир шалтгаантай. Онлайн орчинд цаг, мөнгө хоёрыг тань аль болох ахиухан үрүүлэх зорилготой инженерүүдийн бүхэл бүтэн арми эдгээр компанид зүтгэж байгаа. Энэ компаниудын зорилго таны зорилгоос тэс өөр” хэмээн тэрбээр тайлбарласан юм.

Ноён Харрис нэгэнт тогтчихсон “тогтолцоог өөрчилж дөнгөхгүй нь” гэдгийг ойлгомогцоо Google-ээс гарч, технологийн компаниудад бизнесийн одоогийн загвараа өөрчлөх шахалт үзүүлэх зорилго бүхий Time Well Spent хэмээх сайн дурын хөдөлгөөн үүсгэн байгуулжээ. Програм хангамжийг сонгуулийн дүнд нөлөөлөх, тарчиг амьдралтай иргэдэд мөлжигч шинжтэй зээл шахах зорилгоор ашигладаг болсон бодит үнэнийг ухамсарлаж буй технологийн мэргэжилтэн ганц түүгээр тогтохгүй.

Хөрөнгө оруулалтын Elevation Partners компанийн бизнесмен Рожер МакНами цагтаа Facebook, Amazon, Google компаниудад анхны хөрөнгө оруулагчдын нэг байсан бол эдүгээ эсэргүүцэн тэмцэгч болж хувирчээ (Тэрбээр одоо ч Facebook-ийн хувьцаа эзэмшигч). Интернэт өгөгдөл хянах ажиллагаанд хамрагдах, үл хамрагдах эрхээр хангах нөхцөл бүхий гэрээг технологийн аварга компаниуд хэрэглэгч нартайгаа байгуулах ёстой хэмээн ноён МакНами үзэж байна.

Тэрбээр АНУ-ын Хүнс, эмийн бүтээгдэхүүний захиргаатай (Food and Drug Administration) төстэй, “Давруу явуулга шинжтэй, хэт донтуулдаг технологи”-ийг зохицуулах үүрэгтэй байгууллага байгуулах лобби өрнүүлж байна. Ийм байгууллага нь үйлчлүүлэгчдэд сөрөг нөлөөтэй технологийн бүтээгдэхүүнийг эмийн бүтээгдэхүүнтэй адилаар шалгаж, шаардлагатай гэж үзвэл худалдаалахыг хориглох юм.

Дэлхийн компаниудын эд баялгийн хамгийн аварга хэрчмийг гартаа атгаж буй Цахиурын хөндийн эдийн засаг, улс төрийн эрх мэдэл өргөжсөөр байгаа нь хүмүүсийн анхааралд улам бүр өртөх боллоо. Технологийн аваргуудыг дэмждэг, эсэргүүцдэг улс төрчдийн зарим нь эдгээр компанид өөр зохицуулалт үүсгэх, тэр ч байтугай хувааж жижиглэх талаар эргэцүүлж эхлэв.

Сүүлийн 20-иод жилд зах зээлд эрх мэдэл хэт төвлөрөх хандлага, ялангуяа технологийн салбарт тод илэрлээ. Жишээ нь хайлтын сурталчилгааны зах зээлийн 88 хувь нь Google-д оногддог. Facebook нь (Instagram, Messenger, WhatsApp-ийг оролцуулаад) мобайл төхөөрөмж дэх медиа контентын 70 гаруй хувийг хяналтдаа байлгаж байна. Amazon цахим номын зах зээлийн 70 хувийг дангаараа эзэмшдэг.

Зах зээлд шинээр нэвтрэгч компани хэрэглэгчдийг өөртөө татаж амжихаас нь өмнө эдгээр ноёлох тоглогчид онлайн сүлжээнийхээ ачаар цар хүрээгээ өргөжүүлж чадаад байгаа. “Дараагийн таван жилд автоматжуулалт ихсэж, эдгээр компанийн хөрөнгө оруулалт тээвэр, эрүүлийг хамгаалах зэрэг эдийн засгийн бусад салбарт өргөжмөгц технологийн аваргуудын эрх мэдэл хууль тогтоогчдын хувьд шийдвэрлэх ёстой том бэрхшээл болж хувирна” хэмээн Вашингтон дахь Ардчилсан намын харьяат дээд албаны эрхэм анхааруулж байна. Жишээ нь Google автомат жолоодлогот автомашин бүтээхийн зэрэгцээ, Их Британийн Үндэсний эрүүлийг хамгаалах албатай (UK National Health Service) хамтран ажиллаж байгаа нь тус компанид эрүүл мэндийн нууцлалын зэрэгтэй материалд хандах боломж олгож байна.

Монополийн эсрэг хуулийг тоон технологийн цаг үед нийцүүлэн өөрчлөх талаар хэлэлцүүлэг Вашингтонд саяхан болсон. Сүүлийн 20- иод жилд хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ унаснаар, зарим бүтээгдэхүүн, үйлчилгээг төлбөргүй нийлүүлдэг, “өгөөжтэй” зах зээлд ажиллагч технологийн компаниудын байр суурь улам бэхжлээ. Чикагогийн их сургуулийн харьяа Бүүтийн бизнесийн сургуулийн профессор Луижи Зингалес “Та бид дижитал үйлчилгээг үнэгүй хүртээд байгаа юм биш. Өөрсдийнхөө өгөгдлөөр, өөрсдийнхөө анхаарлаар төлбөр төлж байгаа” хэмээн тайлбарлав. Тэрбээр технологийн компаниудын хүчин чадал эдийн засгийн салбарт бусдын урам зоригийг мохоох үйлчилгээ үзүүлж буй талаар саяхан хурал зохион байгуулсан юм.

Бүгдийг хянагч баян компани, хувь хүмүүсийн нөлөөг, ялангуяа улс төрийн эрх мэдлийг нь хязгаарлаж өгсөн 1890 оны Монополийн эсрэг Шерманы хууль зэрэг баримт бичгийг та бид анх үеийнх нь өргөн утгаар авч үзэх шаардлагатай хэмээн ноён Зингалес, түүнийг дэмжигчид үзэж байна. Цахиурын хөндий Уолл Стрийттэй өрсөлдөж, эм үйлдвэрлэгч аварга компаниуд улс төрийн лоббид гол хөрөнгө хаягч болчихоод буй өнөө цагт зохицуулалт хэт өнгөц байгаа юм. Ерөнхийлөгч Дональд Трампын үед энэ зохицуулалт бүр ч хөнгөн болно.

АНУ-тай харьцуулахад дижитал эрх зүйн хамгаалалтад илүү чанд шаардлага тавьдаг Европын холбоо цаашид ч тэмцлээ үргэлжлүүлнэ. Технологийн компаниуд зохицуулагчдаас түрүүлэн хөдөлж, бүтээгдэхүүнээ нэн даруй дахин инженерчлэх нь зүйтэй хэмээн ноён Харрис болоод түүнтэй адил сэтгэгчид үзэж байна. Жишээ нь хэрэглэгчид өгөгдлийн урсгалд ухамсаргүйгээр автах, хуурамч мэдээлэлд урхидуулах, виртуал бөмбөг өшиглөөд донтож суух магадлалыг хязгаарлах, онлайн үйлдлээ хэрэглэгч өөрөө хянах боломжтой тохиргоог Apple, Google зэрэг компани ухаалаг утсандаа үүсгэж лав чадна. Энэ нь бизнесийн төдийгүй ёс суртахууны үүднээсээ хор хохирол учруулагчид гэгдэж буй технологийн компаниудад өгөх чухам зөв зөвлөгөө юм.

Рана Фүрүхар

Засгийн газрын мэдээ сонин