богино мэдээ New

Г.Батбаяр: Алдаатай шийдвэр гаргасан шүүгч арав хүртэл жил хоригдоно

“Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй” гэсэнтэй нийцэхгүй байна. .

     Сэтгүүлч Х.Ариунаа

     ШУТИС-ийн эрэгтэй оюутан, 19 настай П-г өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр зургадугаар бичил хорооллын 19 дүгээр байрны орчимд 26 удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Тухайн үедээ олон нийтийг цочирдуулж хэвлэл мэдээллээр яригдаж байсан уг хэргийг үйлдэгч Б–г шүүхээс гэм буруугүй гэж тогтоосон. Тодруулбал, “Цочирдсондоо аргагүй хамгаалалт хэрэглэж хүний амь хөнөөсөн” хэмээн цагаатгасан юм. Хүний эрх, эрх чөлөөг тунхагласан Монгол улсын шүүх засаглалын шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг хуульч, өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа.

-Талийгч залуугийн ээж Т.Дамдинсүрэнгийн хувьд шүүхийн шийдвэрийг бүрэн эсэргүүцэж байгаа юм. Цочирдсон хүн хүнийг 26 удаа хутгалж, гар хурууг нь хүртэл таслах тохиолдол байх уу. Энгийн иргэд хөндлөнгөөс харахад ч санаатай мэт харагдахаар байгаа юм. Үүнд та хууль зүйн гаргалгааг тайлбарлаач?

-Миний хувьд хэвлэлээс олж авсан мэдээллийн хүрээнд үйл явдлыг сонссон төдий л байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.1, 16.13 дахь хэсэгт “..хүн амьд явах… халдашгүй чөлөөтэй байх..” гэсэнтэй уялдуулан энэхүү эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор аргагүй хамгаалалт гэдэг ойлголтыг хууль тогтоогчид Эрүүгийнс хуулийн 40-р зүйлд хуульчлан оруулж өгсөн. Гэхдээ энэхүү эрхийг хууль буруу тайлбарлах аргаар гэмт этгээдүүдэд ял завшуулах хэлбэрээр тайлбарлахийг хориглоно. Шүүгчид гэм буруутай нь шүүхээр тогтоогдож байсан Б-г аргагүй хамгаалалт гэж үзээд цагаатгасан.

Аргагүй хамгаалалт гэдэг нь “…бусдын амь нас эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэн довтолсон халдлага үргэлжилж байх үед халдагчийн амь нас эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдлийг ойлгоно…” гэсэн Улсын Дээд Шүүхийн норматив тайлбар байна. Гэхдээ хууль хэрэгжүүлэгч нар энэ зүйл ангийг хэрэглэхдээ аргагүй хамгаалалт гэх үйлдэл нь бусад эх сурвалжаар нотлогдсон тохиолдолд тал бүрийн нотлох баримт, шалтгаант холбоо, гэмт этгээдийн сэтгэл зүй, оюун санааны шинж зэрэг олон зүйлийг сайтар шинжлэн судалсны эцэст тайлбарлан хэрэглэнэ. Гэтэл энэ удаагийн тохиолдолд гэмт этгээдэд ял завших арга болгон ашиглагдаж байгаа байж магадгүй нь харамсалтай тохиолдол юм.

Холбогдогч Б-ийн мэдүүлгээр “…хохирогч П нь над руу хутга барин намайг алахаар довтлох үед би өөрийгөө хамгаалах зорилгоор хутгыг нь булааж аваад түүнийг 26 удаа хутгалсан…” гэх нь үйл явдлын бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь П-ийн амь нас хохирох үед гэмт этгээд ганцаараа байсан хэр нь өөрийгөө хохирогч байсан гэж нотлон ярьсан байна. Энэ нь ЭБШХ-ийн 83 дугаар зүйл. Хохирогчийн мэдүүлэг. 83.2. “Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй” гэсэнтэй нийцэхгүй байна. Учир нь гэмт этгээдийн өөрийгөө”…халдлагад өртсөн хохирогч бол би … хохирогч хутга бариад дайрахаар нь аргагүй хамгаалалт хийж олон удаа санаатайгаар хутгалж, хөнөөхөөс өөр аргагүй нөхцөлд байсан…” мэтээр тайлбарлан ярьсан байж болзошгүй мэдүүлгийг хэн ч гэрчилж, нотлоогүй нь түүний мэдүүлэг мэдүүлгийн чадвараа алдаж нотлох баримтын хүрээнд үнэлэгдэх боломжгүй болсон байгааг илтгэж байна.

Хохирогчийн хутгыг булаагаад авсан юм бол яаж хамгаалалт хийхээрээ гар мухар хүнийг олон удаа хутгалж байж амь насаа хамгаалж үлдсэн нь ойлгомжгүй байгаа. Тэгээд ч аргагүй хамгаалалтын хүрээнд нэг удаагийн, хянах боломжгүй зөнгөөрөө хийгдэж байгаа үйлдлийг хамааруулж ойлгохоос олон удаа хийгдсэн бол энэ нь аргагүй хамгаалалтын шинжийг хадгалахгүй гэдгийг бүх хуульчид гадарлана.

-Б-ийн хувьд хичээлийнхээ хажуугаар утас зардаг байсан. Талийгаачийг гар утас худалдан авна гээд өөрийн “Приус” маркийн автомашиндаа суулгаад авч явсан. Улмаар хүүгийн цогцсыг орон сууцны арк орчимд орхиод, өөрөө “Өргөө” кинотеатрын хажуугийн замаар машиныхаа гэрлийг асаалгүй явж байгаад цагдаад баригдсан. Ингэхдээ Б цагдаад “Би хүнд хутгалуулсан гэж хэлсэн” гээд байгаа. Аргагүй хамгаалалт байсан гэдгээ нотлох мэтээр ГССҮТ-д тухайн өдрөө хүргэгдсэн. Энэ нь шүүх дээр нотлох баримтын хүрээнд яригдах уу?

–Иргэн Б-ийн биед учирсан гэх хэдэн шарх сорвийг бол, тэрээр хохирогч П-гийн амь насыг хохироох үедээ халдлага хийж байх явцдаа олсон байх боломжтой. Энэ гэмтлээ өөрт ашигтайгаар тайлбарлан үлгэр зохион ярьсан байж ч болно. Хууль хэрэгжүүлэгч нар Б-ийн мэдүүлгийг хуульд нийцүүлэн анхаарч шалгахгүй байгаа нь албан тушаалын гэмт хэрэг буюу ЭХ-ийн 272.2 буюу албан тушаалдаа хайнга хандах хэргийн хэв шинжийг агуулж байгааг хохирогч нар анхаарч АТГ-т хандах эрх нь нээлттэй байгаа. Яагаад энэхүү хэргийг ингэж зүйлчлэх санаа зорилго бий болов энэ нь гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхийг шалгуулах нь зүйтэй. Б нь хохирогчийн амь насыг хөнөөсний дараа машинд ачаад хээр аваачин булахаар нуун авч яваад баригдаж байгаа үйлдэл, гэмт хэргийг нуун далдлах санаа зорилго нь “…Б нь аргагүй хамгаалалт хийсэн…” гэх үндэслэлийг бүрэн үгүйсгэж байгааг шүүх анхаараагүй байна.

-Шүүгдэгч Б бол мэдээж өөрийгөө өмөөрч л худлаа ярина. Гэтэл хэргийн бүх дүр зураг түүний мэдүүлгээр бүрдсэн юм шиг байх юм. Энэ ямар учиртай юм бол?

-ЭБШХ-ийн 36 дугаар зүйл. Яллагдагч. 36.4. “Яллагдагч…өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэснээр гэмт этгээд юу ч гэж худлаа ярих эрх нь нээгдэж байна. Ийм байхад гэмт этгээдийн санаанаасаа зохиож ярьсан зүйлд итгэн хэргийн нөхцөл байдлыг түүний ярианд нийцүүлэн шалгасан юм шиг байдал харагдаж байгаа нь хууль буруу хэрэглэснийг харуулж байна.

-Шүүхэд хэрэг шилжиж ирэхэд хэрэгтэнд ашигтайгаар ялласан байсан. Гэхдээ улсын яллагч алдаа гаргасан байвал шүүх ямар эрхтэй байдаг юм бэ?

-Энэ нь Шүүх ЭХ-ийн 54 дүгээр зүйл. Ял оногдуулах нийтлэг зарчим. 54.2. Шүүх энэ хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон … гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэснийг зөрчин хэргийн шинж нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байгааг харуулж байгаа. Уг нь бол шүүх хэргийг уншиж үзсэний эцэст хэргийг шууд мөрдөн байцаалтад буцааж зүйл анги тохироогүй, мөрдөн шалгалт дахин явуулах талаар тогтоол гаргах эрхтэй боловч яагаад тэгээгүйг мэдэхгүй юм.

-Шүүхийн шийдвэрийг иргэд их цочирдон хүлээн авлаа. Шүүгч, прокурорыг гаднын нөлөөнд автсан байж болзошгүй гэж хардаж байгаа. Шүүгч, прокуроруудад хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин байна уу?

-Цагаатгах тогтоол нь шүүгчдэд ашигтай байдаг боловч уг хэргийг мөрдөн шалгаж шүүхэд ирүүлсэн хуульчдад их халтай. Цагаатсан этгээд хэсэг хугацааны дараа уг хэргийг шалгасан мөрдөн байцаагч, прокурорыг ЭХ-ийн 248 дугаар зүйл. Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх гэснээр гомдол гаргаж ажлаа хийж байсан хүмүүсийг шалгуулах, нэр төр, алдар хүндийн хохирол нэхэмжлэх, хэлмэгдсэнийн нөхөн олговрыг төрөөс нэхэх зэргээр эрх зүйн олон таагүй үйл явдлыг үүсгэж болно. Ард иргэд энэ шүүхийн шийдвэрийг хууль бус үйлдэл боллоо гэж үзэж эргэлзэж байх шиг байна.

Тиймээс хохирогч П-ийн гэр бүлийнхэн тухайн хуралд оролцож шийдвэр гаргасан шүүгчийг шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн буюу ЭХ-ийн 250 дугаар зүйл. Шүүхээс хууль бус шийдвэр гаргах. ”Шүүгч шунахайн болон хувийн бусад сэдэлтээр илт хууль бус шийдвэр гаргасан бол… хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэнтэй нийцүүлэн УМБГ-ын Тусгай Субъекттэй Холбоотой Гэмт Хэргийг Шалгах Хэлтэст өргөдөл гарган шалгуулж, хардлагаа нэг тийш болгох эрх нь нээлттэй. Гэхдээ ингэж цаг алдаж байхын оронд давж заалдах гомдлоо сайн бичээд цаашаа маргалдвал илүү үр дүнд хүрнэ.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.