богино мэдээ New

Монгол Улсын анхны ногоон бондын арилжаа эхэллээ

Өнөөдөр “ХААН банк” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй ногоон бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан оролцлоо..

    Өнөөдөр “ХААН банк” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй ногоон бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан оролцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн зах зээл, ялангуяа хөрөнгийн зах зээлийг тогтвортой, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн хөгжүүлэх, тогтвортой санхүүжилтийн олон улсын стандартыг зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр санал санаачилга гарган, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр 2019 онд “Монгол Улсын ногоон таксономи”-ийг баталсны үр дүнд Монгол Улс ногоон таксономиг баталсан дэлхийн анхны улсуудын нэг болсон. Түүнчлэн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл өнгөрсөн онд “Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг”-ийг, энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023” арга хэмжээний үеэр “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи”-ийг тус тус баталснаар Монгол Улс ногоон санхүүжилтийн тогтолцоог бий болгож, энэ хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлагаараа олон улсад тэргүүлэгч улсуудын нэг гэдгээ дахин харуулсан юм.

Хөрөнгийн зах зээл дээр ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээг гарах, хөгжүүлэхэд Санхүүгийн зохицуулах хороо онцгой анхаарч, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, ногоон хөрөнгө оруулалт татах бололцоог бүрдүүлэх чиглэлээр 2021 онд бондын бүртгэлийн зохицуулалтын орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилсэн. Энэхүү зохицуулалтаар компаниуд тодорхой үнийн дүн бүхий бондыг бүхэлд нь нэг удаа бүртгүүлж, тэдгээрийг өөрийн онцлогт нийцүүлэн хэсэгчлэн гаргаж болох “Бонд гаргах хөтөлбөр” хэрэгжүүлэх боломжтой болсон бол санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгон барьцаагүйгээр бонд гаргах, ялангуяа “Ногоон бонд” гаргах харилцааг илүү уян хатан, дэмжсэн зохицуулалтыг бий болгосон. Инэснээр Монгол Улсад дотоодын компаниуд анх удаа олон улсын жишигт нийцсэн ногоон бонд гаргах зохицуулалтын орчин бүрдсэн юм.

Түүнчлэн, өнгөрсөн онд Санхүүгийн зохицуулах хороо Биржийн бус зах зээлийн үнэт цаасны бүртгэлийн зохицуулалтын шинэчлэлийг хийснээр компаниуд, үнэт цаас гаргагчид зөвхөн хөрөнгийн биржээс гадна биржийн бус зах зээлд хаалттай хүрээнд ногоон бондыг шуурхай, зохицуулалтын уян хатан орчинд гаргах давуу боломжтой болсон юм. Дээрх зохицуулалтуудын үр дүнд системийн нөлөө бүхий банкуудын нэг болох “ХААН банк” ХК-аас нийтэд санал болгон гаргаж буй Монгол Улсын анхны ногоон бондыг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэсэн бөгөөд тус бондын анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлж буй нь хөрөнгийн зах зээлд томоохон онцлох үйл явдал болж байна.

“ХААН банк” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй ногоон бонд нь хөтөлбөрийн хүрээнд төгрөгийн болон ам.долларын хосолсон хэлбэрээр гарах бөгөөд олон улсын “Sustainable Fitch” байгууллагаар ногоон бондын зарчмуудтай нийцсэн талаарх дүгнэлт гаргуулснаар онлцох шинэ бүтээгдэхүүн болж байна. Энэ удаа 36 сарын хугацаатай, 16 хувийн хүүтэй, 170,000 ширхэг бондыг гаргаж нийт 17 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, ногоон санхүүжилтийн зээлийн багцаа нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхээр үнэт цаасны танилцуулгадаа тусгажээ.

Санхүүгийн зохицуулах хороо Баярсайхан