богино мэдээ New

ЭМГЭНЭЛ: Пойлуурын БАЯРСАЙХАН /1964-2024 он/

Пойлуурын Баярсайхан 2024 оны нэгдүгээр сарын 1-нд хүнд өвчний улмаас таалал төгсөж үр хүүхэд, хань ижил, ах дүү, нутгийн зон олондоо нөхөж баршгүй гарз тохиолгон тэнгэрт дэвшлээ..

   Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харъяат нутгийн зон олон, сур харвааны хүрээлэлдээ “Сурын Том Баярсайхан” хэмээн авгайлагддаг Пойлуурын Баярсайхан 2024 оны нэгдүгээр сарын 1-нд хүнд өвчний улмаас таалал төгсөж үр хүүхэд, хань ижил, ах дүү, нутгийн зон олондоо нөхөж баршгүй гарз тохиолгон тэнгэрт дэвшлээ.

Тэрбээр 1964 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төржээ. Улмаар 1972-1980 онд Төв аймгийн Лүм суманд 8 жилийн дунд сургууль, 1980-1984 онд Улаанбаатар хотын төмөр замын техникумыг “Замын техникч”-ээр төгссөн байна. Мөн 1984-1987 онд Ардын армын 167-р ангид цэргийн албыг түрүүч цолтойгоор нэр төртэй хаасан юм.

П.Баярсайхан 1991-2016 он хүртэл 25 жил “Монголын цахилгаан холбоо” ХХК-д өндөр үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж гавьяаныхаа амралтад гарчээ.  Байгууллага хамт олныхоо дунд нэр хүндтэй ажилласан түүнд “Яамны жуух бичиг”, “Цахилгаан холбооны тэргүүний ажилтан”, “Хүндэт үнэмлэх” зэрэг шагналуудаар энгэрийг нь мялаахаас гадна өв уламжлал, монгол харвааныхаа дэг жаяг, эдлэл хэрэгсэл үйлдвэрлэл, залуу хойч үеэ бэлдэхэд сэтгэл зүрхээ зориулсныг нь төр засгаас өндрөөр үнэлж төрийн дээд одон медаль, Алтангадасаар шагнасан байна.

   Үндэсний өв уламжлал сурын спортоороо 1989 оноос эхлэн хичээллэж Урианхай сурын аймгийн мэргэн, Үндэсний их сур болон Урианхай сурын спортын МУ-ын спортын мастер, Үндэсний их баяр наадмын гуравдугаар байр, “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан”, “Мөсний сурын спортын дэд мастер цол тэмдэг”-ээр шагнагдаж байв.

Түүнчлэн сурын спортоор хичээллэхээс гадна энэхүү үндэсний спортынхоо эдлэл хэрэгсэлийг үйлдвэрлэдэг урлаач хүмүүн байлаа. Түүний бүтээлийг салбар, хамт олон нь үнэлж “Оны шилдэг сум урлаач”-аар хүртэл шалгаруулж байсан юм.

Хамт олон, харваач нөхөд, зон олныхоо хайр хүндэтгэлийг үргэлж хүлээж ирсэн эрхэм хүмүүн та тэнгэрийн орондоон амгалан нойрсож, элгэн садан, эх орондоо эргэн төрөхийн ерөөл тальбъя.

 

Ах дүү, төрөл төрөгсөд, үр хүүхэд, хань ижилд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын  Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 4