богино мэдээ New

Монголбанкны ерөнхийлөгчийн "дайсан" үг

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв муудсан нь манай гадаад эрэлтийг бууруулж болзошгүй байна..

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

   Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 3 дугаар сарын 23, 24-ний өдрийн ээлжит хурлын шийдвэрийг танилцуулья. Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөвийг харгалзан бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9 хувьд хүргэх шийдэр гаргалаа.

Дэлхий нийт цар тахлын хүнд үеийг даван туулахтай зэрэгцэн олон улсын харилцааны хурцадмал байдлын улмаас шинэ сорилттой нүүр тулсан амаргүй цаг үетэй тулгараад байна. Энэхүү олон улсын харилцааны хүндрэлтэй холбоотойгоор дэлхий дахинд тодорхой бус байдал эрс нэмэгдэн, түүхий эдийн үнэ, тэр дундаа газрын тос, байгалийн хийн үнэ огцом өсөж, богино хугацаанд дэлхий нийтээр инфляц даамжрах, эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэлийг бий болголоо. Манай орны хувьд ч энэхүү нөхцөл байдал гадаад, дотоод орчны тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, шатахуун болон бусад импортын үнийн шууд болон дам нөлөөгөөр инфляцыг эрчимжүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн зардлыг өсгөж, эдийн засгийн өсөлтийг сааруулахаар байна.

Олон улсын харилцааны хүндрэлээс шалтгаалан манай эдийн засагт гадаад орчны тодорхой бус байдал эрс нэмэгдлээ. Тухайлбал:

  • Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв муудсан нь манай гадаад эрэлтийг бууруулж болзошгүй байна. Ялангуяа, ОХУ-ын эдийн засаг энэ онд агших хүлээлттэй болсон бол ОХУ-тай худалдаа, эдийн засгийн хувьд өндөр хамааралтай Евро бүсийн эдийн засгийн өсөлтийн төлөв саарахаар байна. Гэхдээ эдийн засгийн үр нөлөөг тоон утгаар хэмжихэд тодорхой бус байдал өндөр байгааг энд онцлох нь зүйтэй.
  • Нийлүүлэлтийн тасалдал даамжирч, тээвэр, хүнс, эрчим хүчний үнэ нэмэгдсэн нь төсөөлж байснаас өндөр, өргөн хүрээтэй инфляцыг дэлхийн улс орнуудад бий болгож, хүлээлтээс удаан үргэлжлэх эрсдэлийг дагуулж байна. Мөн дэлхийн зах зээл дээр хүнс, эрчим хүч, үнэт металл, түүхий эдийн үнийн хэлбэлзэл огцом нэмэгдээд байна.
  • Богино хугацаанд нийлүүлэлтийн шалтгаанаар үүссэн эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт түр хугацааных байх эрсдэлтэй. Хил, боомт дээрх гадаад худалдааны хязгаарлалтаас шалтгаалан экспортын гол бүтээгдэхүүний үнийн өсөлтийн давуу талыг хүртэж чадахгүй жилийн хугацаа өнгөрөөд байна. 
  • Цаашид олон улсын харилцааны нөхцөл байдал хэдий хугацаанд, хэрхэн өрнөхөөс эдийн засгийн гадаад орчны төлөв хүчтэй хамаарахаар байна.

Инфляц 2022 оны 2-р сард улсын хэмжээнд 14.2 хувь, Улаанбаатар хотод 15.5 хувийн өсөлттэй байв. Үүнд, гадаад талаас олон улсын зах зээл дээрх нефтийн үнийн өсөлт, тээвэр логистикийн саатал, түүнээс улбаатай тээврийн нэмэлт зардал, нийлүүлэлтийн доголдол, гадаад үнэ зэрэг нь импортоор дамжин нөлөөлөв.  Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны мэдээллээс харахад нийт инфляцын 50 орчим хувийг импортын инфляц бүрдүүлж байна.

Инфляцын  гүйцэтгэл 2-р сард өмнөх сарын түвшнээс бага зэрэг буурсан нь өмнөх төсөөлөлтэй нийцтэй байсан боловч шинээр олон улсын харилцаанд гарч буй хүндрэл, түүний үр дагавар нь 2022 оны инфляцын төсөөллийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл боллоо. Инфляцын төсөөллийн хувьд:  

  • Хилийн боомтын хязгаарлалтаас үүдэн импортын барааны үнэ буурахгүй байх, үргэлжлэн өсөж болзошгүй байна.
  • Олон улсын харилцаанд үүсээд буй нөхцөл байдал удаан үргэлжилвэл дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, хүнсний үнэ, гадаад инфляц эрчимжин инфляцыг 2022 онд нэмэгдүүлэх эрсдэлтэй боллоо.
  • Дэлхий нийтээр инфляцын төсөөллөө олон улсын харилцааны нөхцөл байдалтай холбоотойгоор нэмэгдүүлж байгаа боловч, 2023 онд эргэн буурахаар төсөөлөл хийж байна.

Энэ удаагийн төсөөллөөр эдийн засгийн өсөлтийн 2022 оны төсөөллийг буурууллаа.

  • Хилийн хязгаарлалттай холбоотойгоор нүүрсний экспортын биет хэмжээ хүлээлтэнд хүрэхгүй байгаа нь уул уурхайн салбарын өсөлтийг бууруулж байна.
  • Уул уурхайн бус салбарын хувьд цар тахлын тархалт буурч, өндөржүүлсэн бэлэн байдлын түвшин буурсан нь худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт сэргэхэд эерэг нөлөө үзүүлж байна. Гэвч,
  1. Олон улсын харилцааны нөхцөл байдалтай холбоотойгоор тээвэр, худалдаа, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нь нийт нийлүүлэлтийг хязгаарлах,
  2. БНХАУ-ын “Тэг-Ковид” бодлоготой холбоотой хилийн хязгаарлалт сулрахгүй байгаа нь өсөлтийн төсөөллийг бууруулах нөлөө үзүүлэв.

Цар тахлын сорилттой нүүр тулсан 2020-2021 онд Төв банкны бодлого нь эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чиглэж, бодлого харьцангуй амжилттай хэрэгжив. Энэ нь 2021 онд уул уурхайн бус салбарт болон хөдөлмөрийн зах зээлд сэргэлтийн шинж тэмдэгүүд илэрч эхэлснээс харагдаж байна. Үүсээд буй гадаад орчны таагүй нөхцөл байдал нь гадаад худалдааны нөхцөлийг муутгаж, нийлүүлэлтийн сүлжээний доголдлыг гүнзгийрүүлсэн төвөгтэй байдлыг үүсгэлээ. Энэ нь дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хангахад хүндрэл учруулж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн тул нийлүүлэлтийн шалтгаанаас үл хамааран мөнгөний бодлогын төлөвөө чангаруулах шаардлагатай тулгарлаа. Түүнчлэн, томоохон эдийн засагтай орнууд инфляцын нөлөөгөөр бодлогын хүүгээ өсгөж, гадаад суурь хүү өсч байгаа нь манай улс шиг хөгжиж буй орнуудын хувьд үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд бодлогын тохиргоо хийх нөхцөл байдлыг үүсгээд байна.

Иймд, Мөнгөний бодлогын хорооны энэхүү ээлжит хурлаар бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, жилийн 9 хувиар тогтоохоор боллоо.  

Монголбанкны зүгээс цаашид эдийн засгийн сэргэлт, инфляцын өрнөл, хэрхэн өөрчлөгдөх, олон улсын харилцааны нөхцөл байдалтай уялдуулан мөнгөний бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлэх болно.

Анхаарал хандуулсанд баярлалаа!