М.Энхболд “бадар барьж”, бид Хятадад “дагаар орох” уу


2016-12-23 11:18:02 0

Б.ШИРНЭН

Эрх баригч намын дарга М.Энхболд болон Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нар Персийн булан, Гималайн нуруу орчмын улсуудад ажлын айлчлал хийж явна. Тэднийг УИХ-ын долоон гишүүн энэ сарын 14-нөөс хойш дагалдан яваа юм.



Ц.Мөнх-Оргил сайдын мэдээллийг Хятадын төв хэвлэлийнхэн олзлов

      Коммунистууд төрийн эрх барьдаг Балба (Непал) улсад Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 19-20-ны өдөр айлчиллаа. Энэ улстай бид ямаршуухан харилцаатай вэ, гэдгийг манай улсын төрийн далбаан дээрх соёмбыг хэрхэн дүрсэлснээр маш хялбархан харж болохоор байлаа. Ц.Мөнх-Оргил сайдын хойно “мандуулсан” төрийн далбаан дээрх соёмбо тэмдэг дээр арга билэг, ард түмнийг илэрхийлсэн загас байгаагүйгээс гадна, сумын хошуу, бат бэх, цэх шулууны билгэдэл болсон хэсгүүд буруу газраа байрласан байгааг бид  хэдэн өдөр олон нийтийн сүлжээнээс харсан.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт Ц.Мөнх-Оргил сайд “гарзгүй” гэж үзсэн тул Бразиль, Индонез улсад суух Элчин сайдын яамдыг татан буулгах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, дэмжүүлсэн. Эдгээр улстай эдийн засгийн тоймтой харилцаа байхгүй тул элчингээ татахаар шийдсэн байгаа юм. Гэвч, эдгээр улсаас илүү Балба, Бутантай илүү харилцаатай юу, гэвэл үгүй шүү дээ. Айлчлалаараа хүртэл доривтой шийдчих асуудал Монгол-Балба, Бутаны хооронд байхгүй. Тэгэхээр эрхэм сайдын айлчлал ёс төдий болж, “тунхагт” мутарласнаар дуусах нь бараг ойлгомжтой байгаа юм. Ерөнхийдөө, төрийн далбааны “хэрүүл” эхлүүлснийг эс тооцвол түүний айлчлаас горьдох зүйл нэгээхэн ч үгүй. Харин явахаасаа өмнө Далай ламын талаар байр сууриа илэрхийлсэн нь ёстой л үндэстэнг хоёр хуваах хэмжээнд хэлцэл үүсгэж байна.

Тухайлбал, Далай ламын айлчлалтай холбоотойгоор Хятад улс Түвдийн талаар баримтлах байр сууриа хадгалахыг хатуу шаардсан нь эдийн засгийн гүнзгий харилцаатай манай улсад хэрхэн нөлөөлөх нь анхаарал татсан сэдэв байсан. БНХАУ-ын дарга Си Жиньпин 2014 онд манай улсад айлчлах үеэрээ Хятад, Монгол хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлсэн талаар хэлсэн бөгөөд энэ үеэрээ Түвд, Тайваньтай холбоотой асуудлаар байр сууриа тодорхой болгох ёстойг сануулж байсан удаатай.
Гэвч, Далай ламын айлчлалын дараа нөхцөл байдал муудсан бөгөөд Улаанбаатар, Бээжингийн хооронд яригдаж байсан яриа хэлцлүүд зогссон юм. Дотоодын хэвлэлүүдийн таамаглаж байснаар Далай ламын айлчлалтай холбоотойгоор Хятадаас хүссэн 4.2 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээр зогсч, Хятадын тал эдийн засгийн харилцаагаа хумьж магадгүй болоод байсан юм. Хэдийгээр бид шашны айлчлал эдийн засаг, улс төртэй хамааралгүй гэх байр суурь баримталж байсан ч Бээжингийн эдийн засгийн дарамт өндөр тул энэ удаад “бууж өгөв” бололтой. Учир нь, өчигдрөөс өрнө дахины томоохон хэвлэлүүд болоод бүх Хятадын байр суурийг дэлхий дахинд дамжуулдаг “Синьхуа” агентлаг манай улсыг албан ёсоор Хятадаас уучлал гуйж, Далай ламыг дахин урихгүй гэх мэдээллийг цацаж эхэллээ.

Жишээ нь, БНХАУ-ын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг монголчууд Далай ламыг дахиж урихгүй гэдгийг онцоллоо. Мөн “Global times” цахим хуудас Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Далай ламын айлчлалтай холбоотойгоор Хятадын Засгийн газраас уучлал гуйсан тухай мэдээллийг өчигдөр нийтэллээ. Нийтлэлд дурдагдсанаар Далай ламыг дахин урихгүй гэж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ярьсан бөгөөд энэ талаар амлалт өгсөн гэжээ. Ингэхдээ “Нэг хятад” бодлогыг тууштай баримтлана гэсэн байр суурийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баталж, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцянд илгээлт явуулсан гэв.

Энэ нь манай улсын байр суурь болж дэлхий дахинд цацагдаж байгаа бөгөөд эрх баригчид эдийн засгийн хямралтай холбоотойгоор шууд буулт хийсэн явдал боллоо гэдгийг тааварлаж ядах зүйлгүй. 
Учир нь, Гадаад харилцааны сайд “Далай лам шашны үйл ажиллагаа явуулсан ч гэсэн үр дагавар нь улс хоорондын асуудал боллоо. Эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэлтэй үед бүр ч хүнд тусч байгаа” гэжээ. Гэхдээ, Далай ламын айлчлал асуудал дагуулж байгаа нь үнэн хэдий ч цэвэр шашин номын айлчлал хийж, сүсэгтэн олонтой уулзсаны төлөө Монгол Улс шалдаа бууж, “дагаар орох” шаардлага байсан уу, гэх асуудал ний­гэмд хурцаар яригдаж эхлэв.

Мөнгөгүйн зовлон их

Азиас Япон, Монгол хоёрт л айлчилж чаддаг Далай ламыг МАН-ын Засгийн газар ойрын дөрвөн жилдээ Монголын хилийн дээсээр алхуулахгүй юм байна. Хятадын хүслийг хангасан энэ шийдвэрийг гаргах хамгийн том хөшүүрэг нь бидний мөнгөгүйн зовлон буюу Хятадаас хүссэн 4.2 тэрбум ам.доллар байв.
Зайлшгүй авах шаардлагатай гэх эрх баригчдын тайлбараар бол бид Хятадын мөнгөгүйгээр ирэх дөрвөн жилд амь зуухгүй мэт төсөөлөгдөж байгаа. Жишээ нь, “Standby” хөтөлбөрт хамрагдвал, Засгийн газар бие даан цалин нэмэх, халамж өгөх, тэтгэвэр нэмэгдүүлэх зэрэг асуудлаар шийдвэр гаргах боломжгүй болдог. Ингэж эдийн засгийн бүтцийг өөрчлөх нь зээл олгох үндсэн шалгуур тул үүнийгээ л дагана. Тэгэхээр эрх баригч намын мөрийн хөтөлбөр, халамж нэмэгдүүлэх үндсэн бодлогуудыг хөдөлгөх эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй. Хажуугаар нь бондын эргэн төлөлтийг хойшлуулсан ч төлбөрт өгөх мөнгө нь энэ жилдээ 500 гаруй сая ам.доллар тул МАН, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хангалттай эх үүсвэр болж чадахгүй. Тэгэхээр урт хугацааны зээлийг аль нэг улсаас авах болов уу гэх хүлээлт байсан нь БНХАУ-ын хөгжлийн зээл гэгдэж байгаа бөгөөд МАН ч, ард түмэн ч ирэх жилүүдэд Хятадын мөнгөөр амь зуух тул энэ удаадаа бууж өгөхөөс өөр аргагүй байсан бололтой. Гэхдээ Засгийн газрын байр суурь сүсэгтэн олны дургүйцлийг хүргэсэн хэвээр байгаа юм.

Суусан газраасаа “шороо атгаж” ирэх үү

Хятадын зээлээс гадна “жижиг, сажиг” мөнгөний эрэлд гарсан Их хурлын дарга М.Энхболд ОХУ-аар дайрч, Персийн булан дахь орнуудад ажиллах айлчлалаа эхлүүллээ. Балба, Бутан зэрэг орныг болвол газрын тосны нөөцөөрөө хангалуун амьдардаг булангийн орнууд М.Энхболд тэргүүтэй манай улсын төлөөлөгчдийг алтадсан харшдаа хүлээн авч эхэлсэн юм. 

Тухайлбал, өчигдөр М.Энхболд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувей­тийн сангийн Ерөнхий захиралтай уулзсан юм. Мэдээж, “Кувейтийн сан”-тай, харьцангуй баялаг ихтэй  сангаараа дамжуулан зээл олгодог улсад айлчилсных эдийн засгийн хамтын ажиллагааны талаар дурдахгүй өнгөрнө гэж байхгүй.  
Гэвч, Кувейтийн тал “Манай улс Монгол Улстай 20 орчим жилийн харилцааны түүхтэй. Сүүлийн жилүүдэд харилцаа удааширч, зарим асуудал шийдлээ хүлээж байна. Монголын парламентын ордны барилгын санхүүжилтэд бид 12 сая ам.доллар олгосон боловч газрын асуудал шийдэгдэхгүй удааширсаар, Хүүхдийн эмнэлэг барихад зориулахаар боллоо гэсэн. Хамгийн сүүлд уг хөрөнгийг Түлэнхийн төвийн барилгад шилжүүлэх санал тавиад байна. Мөн Шүрэнгийн УЦС-ын төслийн хөрөнгө оруулагчийн асуудал байгаа. Бид холбогдох судалгааг хийгээд танай талын техник эдийн засгийн үндэслэлийг хүлээж байна” гэжээ.
Харин УИХ-ын дарга М.Энхболд “Манай эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгаа учраас Засгийн газар энэ байдлыг гэтлэн давах тусгай хөтөлбөр гаргаад ажиллаж байгаа. Олон улсын банк, санхүүгийн байгууллага, сайн харилцаатай улс орнуудын дэмжлэг бидэнд нэн чухал байна. Түүнчлэн манай улс “Кувейтийн сан”-тай уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтран ажиллах боломжтой” талаар ярьж, “бадар барьжээ”. Тэрээр мөн тус улсын Үндэсний Ассамблейн даргатай уулзахдаа “Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танай Засгийн газрын тэргүүнд хандаж, Монголын эдийн засгийн хүндрэлтэй байдлыг гэтлэн давахад тусламж дэмжлэг үзүүлнэ үү хэмээсэн албан захидал ирүүлснийг Та анхааралдаа авч, дэмжиж өгөхийг хүсэж байна” гэж хэлэхээ мартаагүй юм.

Улсдаа 65-ын бүлэгтэй, Засгийн газраа дангаар байгуулсан Монголдоо бараг л “хаан” шиг хүн хаа очсон газраа “бадарчилж”, тусламж гуйдаг л юм байна. Улс мөнгөгүйн зовлонтой нь байх ч бусдаас гуйхаас өөр сонголт үлдээгүй л юм байх даа, бидэнд.
Эх сурвалж: www.assa.mn