богино мэдээ New

Б.Батцэцэг: Би сайд болсноосоо хойш 9 жил компани дээрээ очоогүй

Ер нь хэзээ нэгэн цагт төр нийгмийн зүтгэлтэн биднийг ганцхан түүх, цаг хугацаа л шүүж, дүн тавина..

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг саяхан сэтгүүлч Э.Дөлгөөний “Стратеги” нэвтрүүлгийн анхны зочин болж ярилцлага өгсөн  юм. Түүний уг ярилцлагаас онцлох хариултуудыг тоймлон хүргэе.

-Таны үүсгэн байгуулсан “Мөнхийн үсэг” гэх мэт компаниуд төрийн том тендерүүдийг дангаараа авч монополддог гэсэн тоо баримттай мэдээлэл цацагдаж байна. Сайдын суудлаа ашиглаад тендер авдаг гэдэг дээр та тайлбар өгөөч?

-Би сайд болсноосоо хойш есөн жил компани дээрээ очоогүй. Бүр тодруулж хэлье. Миний бие 2016 оноос хойш  нэг ч төрийн байгууллага руу “Манай компанид туслаач” гэж хандаж үзээгүй. Гадаад харилцааны сайд бол чухал алба.  Миний хийж буй үйлдэл, хэлж буй үг бүрийг дан ганц дотоодод ч биш гадаад ертөнцөд ч ажиглаж байдаг. “Мөнхийн үсэг” -ийн хувьд тэртэй тэргүй хэвлэлийн чанарыг Монголд таниулсан компани. Тэр утгаараа тендер авсан биз.  Би “Мөнхийн үсэг” гэх мэт компаниудынхаа авсан  тендерт нөлөөлөөгүй. Манай компани дээр очоод хэнээс нь ч тодруулж болно.

- Та Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг огцруулахад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй үгсэн хуйвалдаж, улстөрийн ажиллагаа хийсэн юм уу?

-Үгүй ээ, би Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг огцруулахад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй үгсэн хуйвалдаж, улстөрийн ажиллагаа хийгээгүй. Сайдын суудлаа ашиглаж тийм нөлөө үзүүлсэн гэхээр нь бүр гайхсан ш дээ. Би дараагийн засагт үлдье, энэ засгийг унагаая гэсэн ажиллагаанд огт оролцоогүй. Чуулганы санал хураалтад би Засгийн газраа огцруулахгүй гэж санал өгсөн.

Улстөрд ирэх, буцах цаг гэж бий. УИХ-ын гишүүн болгон өөрсдийгөө сайд хийх чадвартай гэж бодож байгаа. Гэхдээ хүн болгонд тийм боломж олддоггүй. Сайд болно гэдэг Ерөнхийлөгчтэй  ярьж хуйвалдаад болчихдог ч юм биш. Гадаад бодлого тогтвортой байх ёстой гээд сайдаар улирч ажиллаач гэсэн санал тавьсан учраас л би сайдаар үлдсэн. Яг үнэнийг хэлэхэд сул гишүүнээ хийгээд явах нь надад илүү таатай байна. Гадаад бодлого танин мэдэхүйн түвшинд биш, тэр түвшнээс ахисан учраас, ахиц үр гарч байгаа болохоор надад сайдаар улирч ажиллах санал тавьсан гэж бодож байна.

Намайг Ерөнхийлөгчөөс салдаггүй гэж шүүмжилсэн байна лээ. Ерөнхийлөгч бол Монгол Улсын тэргүүн дипломатч. Тийм учраас Гадаад харилцааны сайд заавал дагалдаж явах ёстой. Намайг Гадаад хэргийн сайдаар ажилласнаас хойш гадаад харилцаа идэвхжээд, олон айлчлал хийгээд эхлэхээр хүмүүс  анзаарч байх шиг байна. Өмнөх сайд нарын үед хэн нь хэнтэй явдгийг ч анзаарч сонирхдоггүй, мэддэггүй байж л дээ.

Ер нь хэзээ нэгэн цагт төр нийгмийн зүтгэлтэн биднийг ганцхан түүх, цаг хугацаа л шүүж, дүн тавина.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0