Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Нийслэлийн СБД-ийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын санхүүжилтээр барьж буй "Ногоон нуур 1008 айлын орон сууц"-ны төслийн удирдагч Yang Yao гэгч Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогджээ.
Гадаадын иргэн, Харъяатын газраас удаа дараа шалгалт явуулж олон зөрчил илрүүлсэн байна.
Yang Yao "Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 31, 155 дугаар тогтоолоор төслийн ажил гүйцэтгэх 372 ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн боловч төслийн талбайд гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлүүлсэн, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг нууж, зугтаалгасан, төслийн нэр дээр оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг ашиг олох зорилгоор тогтоолд заасан хаяг, байршлаас өөр газарт шилжүүлэн ажиллуулсан зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан" аж.
Олон удаагийн үйлдлээр хууль бус үйлдэл хийсэн учраас БНХАУ-ын иргэн Yang Yao-гийн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгож нутаг буцаасан ч албан зориулалтын паспортоор дахин хил нэвтэрчээ. Улмаар Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон учраас холбогдох хууль тогтоомжийн дагуу гурван жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргасан талаар тус газраас мэдээллээ.
Хууль зөрчиж албан буцаагдсан Yang Yao Гадаадын иргэн, Харъяатын газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, төрийн албан хаагчдад шахалт дарамт үзүүлэх зэрэг ноцтой зөрчил өнөөг хүртэл үзүүлсээр байгаа юм байна.
Эх сурвалж: Гадаадын иргэн, Харъяатын газар


Нийт сэтгэгдэл 0