богино мэдээ New

Тээвэрчид бухимдлаа илэрхийлж, шаардлага тавилаа

.

    Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны 362 дугаар тогтоол гэж гарсан. Үүгээр улс хоорондын байнгын ачаа тээврийн хэрэгслүүдийг хил нэвтрүүлэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн юм. Ингэснээр тээврийн салбар дах төрийн бодлого аж ахуйн нэгжийн удирдлагад шилжиж, тэд нар нь бусдын нөлөөлөлд автаж, үндэсний хөрөнгө оруулалттай тээврийн компаниудыг гадны явуулга, шахалтаар нүүрс тээвэрлэлтийн салбараас шахах үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд хийж ирлээ. Үр дүнд нь гадаадын хөрөнгө оруулагчид Монголын нүүрсний тээвэрлэлтийг бүхэлд нь хянах эрсдэлтэй нөхцөл үүссэн. 

Төр гэж байгаа бол өөрийн бодлого гэж байх ёстой, тэрийгээ Засгийн газрын бүтцээр, яамаар дамжуулж хэрэгжүүлдэг. Гэтэл яам нь өөрийнхөө үүргийг хэрэгжүүлэхгүй байгаагаас аж ахуйн нэгжүүд төр биш учраас компанийн болон хувийн ашиг завшааныг л эрхэмлэх нь тодорхой. 

Бодит жишээ дурдахад “Эрдэнэс Таван Толгой” ХК-иас “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ын “Тээврийн нэгдсэн систем”-д бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн тоог баримтлан тээвэрлэгчдэд хувь тэнцүүлэн тэгшитгэн тараах байдлаар

2023 оны 1-р улиралд 48 хувьд,
2-р улиралд 28 хувьд,
3-р улиралд 24 хувьд зөвшөөрөл олгосон. 
Гэтэл 2023 оны 4-р улирлын байдлаар 17,000 гаруй тээврийн хэрэгсэл “С” зөвшөөрлийн бичиг авах хүсэлтээ ЭТТ компанид ирүүлсэн. ЭТТ дахин хувь тэнцүүлэн тэгшитгэх зарчмаар зөвшөөрөл тараавал үндэсний тээвэрлэгчдийн эзлэх хувь 16 хувь болж буурахаар байна. 

Бид яагаад хувь тэнцүүлэн тэгшитгэж тараахын эсрэг байгаа гэхээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоог баримтлаж олгож байгааг далимдуулан нүүрс тээвэрлэх зориулалтгүй баахан техникийг гадны оролцоотой компаниуд бүртгүүлчихдэг. Тэгээд олон тээврийн хэрэгсэлтэй мэт харагдуулаад тэндээсээ хувь бодуулахаар үндсэндээ бүх тээврийн машиндаа зөвшөөрөл авчихаж байгаа юм.

 Татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ шударгаар төлдөг эсэх, орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байршуулж, ил тод хяналттай байлгадаг эсэх, Монгол Улсын хуулиудыг дагаж мөрддөг эсэх гэх мэт чухал үзүүлэлтийг харгалзахгүй, нийт машины тоонд хувь тэнцүүлэх гэдэг залилангийн шинжтэй арга хэрэглэхээ болих ёстой. Үүнийг бид шаардаж байгаа. 

Тэгэхгүй бол Монгол Улсын төсөвт татвар маш бага орж байна. Тэд нийгмийн даатгалын шимтгэлийг бага төлөхийн тулд жолооч нараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг гэж худал мэдүүлж байна. Хилийн цаана төлбөрөө авч байгаа учир Монгол Улсад ямар ч татвар төлөхгүй байна. Албан тушаалтнууд үүнийг мэдэхгүй биш мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч өөрсдөд нь ашигтай байгаа учир зориудаар улсаа хорлож ийм үйл ажиллагаа явуулж байна гэж бид харж байгаа.  

Хятадын том худалдан авагч 4 компанид “ЭТТ” ХК-иас 840 “С” зөвшөөрлийн бичгийг нэмэлтээр, давуу эрхээр олгосон. Эдгээр компаниудын 360 тээврийн хэрэгсэл өдөр бүр, очер дараалалгүй хил нэвтэрч бусад тээврийн ААН-үүдээс үлэмж давуу байдал олж авсан. 

Нүүрс тээвэрлэлт гүйцэтгэж байгаа ААН-үүд бүгд Монголд бүртгэлтэй ААН-үүд юм бол яагаад ӨРГӨТГӨСӨН ТЭЭВЭР-ийн компаниудад бусдаас давуу байдал болгож байгаа ойлгохгүй байна.

Бизнесийн тэгш боломж бүрдүүлэх нь аль ч Засгийн газрын үүрэг байдаг. Монголын Засгийн газар яагаад татвар төлөгчдөө хөсөр хаяж байгаа юм бэ? Яагаад өрсөлдөөний тэгш бус нөхцөл үүсгэж, биднийг санхүү, татвар шимтгэлээр дарах хирнээ нэг хэсэг ААН-үүдэд давуу байдал олгож байгааг ойлгохгүй байна!!!  

Ийм тэнцвэргүй, шударга бус нөхцөл байдал цаашид үргэлжилвэл Тавантолгой – Гашуунсухайт боомт чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслийн 10 гаруй хувийг бүрдүүлэгч Үндэсний тээвэрлэгчид сөхөрч унах нь тодорхой байна. Бидэнд тэнцвэргүй нөхцлөөр ажиллах боломж алга. 

Засгийн газар Монгол Улсын хуулийг ягштал мөрдөж ажилладаг үндэсний ААН-үүдийг гадныхантай нийлж хяхаж байгаа нь гайхал жигшил төрүүлж байна. Бид одоо зүгээр хараад суухгүй!

 Бид Засгийн газар, ЗТХЯ болон ЭТТ ХК-д дараах шаардлагыг хүргүүлсэн. Шаардлагын хариуг 2023 оны 10 дугаар сарын 10-ны дотор өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт орно. 

Бид Монгол Улсын иргэд, хуулиа барьж, Засгийн газрынхаа бодлогыг хэрэгжүүлэн ажиллахыг хүсэж байгаа. Үүнийг минь дэмжихгүй, биднийг хөсөр хаяхаар шийдэж байгаа бол бид эцсээ хүртэл тэмцэхэд бэлэн. Бид өөрсдийн газар нутаг дээр шударгаар бизнес эрхэлж болохгүй юм бол тэр эрхээ олж авахын төлөө эрс шийдэмгий тэмцэлд босохоос өөр арга байхгүй! 

Зүгээр сууж байгаад мөлжүүлнэ гэж байхгүй шүү. Ингээд шаардлагаа толилуулъя: 

  • Монгол Улсын Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг болох шилэн ажиллагааны хүрээнд Монгол Улсын хэмжээнд автотээврийн нэгдсэн цахим системд хөгжүүлэх. 
  • “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ын Тээврийн нэгдсэн системийн бүртгэл, хяналтыг сайжруулах.
  • ТНС-д бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслийг Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт, норм, дүрэм, журамд нийцэж байгаа нэг бүрчлэн шалгаж баталгаажуулах.
  • ТНС-д бүртгэлтэй тээврийн хэрэгслийн мэдээллийг бусад оролцогчдод нээлттэй, ил тод болгох. 
  • Нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалтанд мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг яаралтай байгуулж, ажиллуулах. 
  • Автотээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж доорх шаардлагыг хангасан компаниудад хил нэвтрэх “С” зөвшөөрлийн бичгийг ялгавартай олгох.
  • Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн 10.2.7 дахь заалтыг хангасан компани байх.
  • Монгол Улсын “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”, “Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм” болон “Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх ба тээвэрлэлтэд зуучлах үйлчилгээ – MNS 5346 : 2007” стандартын шаардлагуудыг хангаж тохирлын гэрчилгээ авсан байх.
  • Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч байх. 
  • 2021, 2022, 2023 онуудын хилээр гаргасан нүүрсний хувь хэмжээтэй уялдуулан 3 уурхайд хуваарилсан “С” зөвшөөрлийн бичиг квотыг өөрчлөх 
  • Өргөтгөсөн тээвэр гэх давуу байдал олгосон тээвэрлэлтийг зогсоож эрх тэгш, шударга, нээлттэй нэгдсэн хуваарийг батлах. 
  • Гашуунсухайт автозамын эзэмшигч болох “Эрдэнэс Монгол” ХК-д Тавантолгой Гашуунсухайт боомтын чиглэлийн автозамын засварын ажлыг чанартай, түргэн шуурхай хийж гүйцэтгэх ажилд хяналт тавьж ажиллах. 
  • Хувийн хэвшлээс санаачлан боловсруулж байгаа “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-ийг Засгийн газарт танилцуулахад салбарын яам нь дэмжлэг үзүүлэх. 

Дээрх бүх асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ачаа тээврийн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулах санаачлагыг гаргаж байна. Жишээ нь Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Монголын авто замчдын холбоо байна. 

Хамтран ажиллах дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын төлөөллийг урьж байна. 

МОНГОЛ ТЭЭВЭР НЭГДЭЛ

МОНГОЛ ТЭЭВРИЙН ИРЭЭДҮЙ НҮТББ

НҮҮРСНИЙ АВТО ТЭЭВРИЙН КОМПАНИУДЫН ХАЙРХАН ХОЛБОО НҮТББ

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0