богино мэдээ New

Хаврын чуулганы завсарлагаанаар УИХ-ын даргын онцолсон мэдэгдэл

Дуусашгүй цаг хугацааны нэгэн хэлхээ болсон бидний 4 жил эх орон, ард түмнийхээ тусын тулд цаашид ч тасралтгүй үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна. .
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
 
    Хүндэт ард иргэд ээ,
 
  Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган хуулийн хугацаандаа эхэлж, коронавирусийн цар тахал дэлхий дахиныг, түүний дотор бидний эх орон, ард түмнийг түгшээсэн онцгой нөхцөлд цахим технологи ашиглан хуралдлаа. 
Дэлхийн 210 гаруй оронд тархан, 4.0 сая гаруй хүн халдварласан аюулт тахлаас ард иргэдээ сэргийлэн хамгаалах чиглэлээр Монгол Улсын төр, засаг онцгой хүч чармайлт гарган ажиллаж байна.
    Улсын Их Хурлын гишүүд санаачлан, Улсын Их Хурлын Тамгын газартай хамтарч “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх,  тэмцэх,  нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” нэг удаагийн хууль болон “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд,  орлогыг хамгаалах,  ажлын байрыг хадгалах,  эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” хууль, “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү,  эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх,  төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан.
    Эдгээр хууль тогтоомжуудын хүрээнд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс  эхлэн аравдугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100.000 төгрөг олгохоор боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын ирээдүй хойч болсон 1.1 сая хүүхэд хамрагдаж байна. Өнчин хүүхдүүдийн тэтгэмжийг 100.000 төгрөгөөр нэмж, 288 мянган төгрөг болгосноос гадна өрх толгойлсон 4-өөс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдийн тэтгэмжийг мөн 100.000 төгрөгөөр нэмлээ. Ингэснээрээ 288 мянган төгрөг болгох шийдвэр гарч, бодитойгоор хэрэгжиж эхэлсэн.
 
Эх, хүүхдийг энэрэн хамгаалах энэ арга хэмжээнд талархсан эхчүүд, хүүхдүүдийн талархал Улсын Их Хурал, Засгийн газрын нэр дээр ирсээр байна.
 
    Түүнчлэн нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдийн хүнсний талоны мөнгийг 2 дахин нэмэгдүүлсэн. Нийгмийн халамжийн тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдлээ. Тухайлбал, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 өндөр настан сардаа 188 мянган төгрөг авдаг байсныг 288 мянган төгрөг болголоо.
 
    Хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэдэд олгодог тэтгэмж 100,000 төгрөгөөр нэмэгдлээ. 
 
    Малчдын орлого болон ноолуурын салбарын худалдан авалт, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малчин өрхүүдэд ноолуурын кг тутамд 20.000 төгрөгийн урамшуулал олгох асуудлыг өнөөдөр эцэслэн шийдвэрлэснийг зургадугаар сарын 5-ны дотор хэрэгжүүлэх чиглэл өгч байна. 
 
    Эдгээр арга хэмжээ болон нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх, албан татвараас чөлөөлөх, үйл ажиллагаа нь доголдсон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд 200.000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох, зээл, зээлийн хүүг бууруулах, хойшлуулах зэрэг шийдвэр нь иргэнээ дээдэлсэн төр оршин байхын утга учрыг харуулсан сайн жишиг гэж бодож байна. 
 
    Цаашид хямралаас сэргийлэх, уналт уруудалтыг тогтоон барих, багасгах, үйлдвэрлэл үйлчилгээг хөрөнгө оруулалт, хөнгөлөлт, зээлээр дэмжих замаар эдийн засгаа тэлэх, иргэдийнхээ амьжиргаа, айл өрхийн хэрэглээг хямралд нэрвүүлэхгүй байх чиглэлээр авсан эдгээр арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлж, үр дүнд хүргэх нь нэн чухал гэдгийг цохон тэмдэглэж байна. Тухайлбал, ХӨСҮТ-ийн байр, түрээсийн асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суралцах, хөгжих, чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зэрэг ажлыг Засгийн газар хойшлуулалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эмч, эмнэлгийн ажилтан, төрийн тусгай албан хаагчдад зориулсан ипотекийн орон сууцны хөнгөлөлттэй хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэрийг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгож байна.
Эрхэм гишүүд ээ, 
 
Хаврын ээлжит чуулган 30 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан 73 удаа, Түр хороо 2 удаа хуралдаж, 120 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна. Хорио цээр, хязгаарлалтын нөхцөлд дунджаар 66 хувийн ирцтэйгээр хуралдаанд оролцож, богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажилласан Улсын Их Хурлын гишүүддээ талархал илэрхийлье. 
 
Та бид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” хэд хэдэн томоохон хуулийг хэлэлцэн баталлаа. Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Төрийн аудитын тухай хуулиуд болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа-2050” хөтөлбөрийг энд дурдаж болно. 
 
   Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хариуцлагыг сайжруулах, Засгийн газрыг эмхлэн байгуулах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой байдлыг хангах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх зэрэг суурь  өөрчлөлтүүд эдгээр хуульд туссан.
 
    Шүүхийн тухай багц хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай зэрэг хуулиудын эхний хэлэлцүүлгийг хийж, дараагийн парламентад хүлээлгэн өгч байна. Ингэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан гарах хуулиудыг хоёр парламент дамжиж хэлэлцдэг олон улсын жишгийг харгалзан үзсэн болно. 
 
    Удахгүй болох Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдах шинэ парламент “эрх зүйн хувьсгал” хийх эрхэм зорилтыг цаашид эрэмбэ дараатай үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 
 
    Эрхэм гишүүд ээ, 
 
2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 7 дахь удаагийн парламент хууль тогтоох, хянан шалгах хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ. 
 
    Өнгөрсөн 4 жилд бид ээлжит болон ээлжит бус 11 чуулганд чуулж, нийт 1400 шахам хууль тогтоомж баталсан байна. Энэ удаагийн Их Хурал батлан гаргасан хууль тогтоомжийн тооноос гадна чанарын үзүүлэлтээр амжилт тогтоосон, бүтээлч парламент байсныг тэмдэглэе. 
 
Манай парламент ард түмний засаглах эрхийг хангах, шударга ёс, хуулийн засаглал тогтоох, эрүүл нийгэм, саруул ирээдүйн замыг засах томоохон өөрчлөлтүүд хийсэн ШИНЭЧЛЭГЧ, БҮТЭЭЛЧ ПАРЛАМЕНТ болж түүхэнд үлдэнэ.
 
    Хорь гаруй жил яригдаж, сүүлийн 3 парламент дамжин идэвхтэй өрнөсөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл хэргийг энэ парламент, УИХ-ын гишүүд Та бүхэн амжилттай хэрэгжүүлж чадлаа. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр засаглалын харилцан хяналт-тэнцлийг хангах, төр хариуцлагатай, тогтвортой, шүүх засаглал шударга, хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо иргэндээ, нутгийн хөгжилдөө чиглэсэн, бие даасан байх, баялгийн үр шим иргэддээ тэгш шударга хүртэж, санд хуримтлагдан, хөгжлийн төлөө зарцуулагдаж байх тулгуур зарчмуудыг тогтоосон.
 
    Эдгээр өөрчлөлт нь цэгцэрсэн төр, эрүүл нийгэм, сайн цаг, сайхан амьдралыг Монгол эх орон, ард түмэнд минь авчирна гэсэн итгэл үнэмшлээр та бид хичээн зүтгэсэн. Бидний хийгээд ард олны маань итгэл үнэмшил үр дүн болох ёстой. Түүхэн өөрчлөлтийн түүхэн үнэ цэнэ, энэ байх болно.
 
    Парламент өөрийгөө шинэчлэх зорилтыг тавьж, тодорхой алхмуудыг хийлээ. Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж, Үндсэн хуулиар олгосон ард түмний засаглах эрхийг хангах чиглэлд бид шинэ жишиг тогтоосон. Зөвлөлдөх санал асуулгаас эхлээд нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлэг 60 гаруй удаа зохион байгуулсан байна. Хуулийг ард түмэн, олон нийтийн төлөөлөлтэй хамт боловсруулж, хэлэлцэж баталсан ийм жишиг манай парламентын үед хэлбэржиж тогтлоо. 
 
    Парламентын танхимыг хэрүүл маргааны биш, шинжлэх ухаанч мэтгэлцээн өрнөдөг индэр болгох, гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Парламентын судалгааны хүрээлэнг байгууллаа. Хурууны хээгээр санал хураалт, ирцийг бүртгэдэг технологийг нэвтрүүлснээр хуралдааны ирцийн дундаж 60-аас дээш хувьд хүрлээ.
 
    Улсын Их Хурлын алсын хараа болсон Стратеги төлөвлөгөөг 17 жилийн дараа шинэчлэн баталлаа.
Улс төрөөс ангид, хараат бус, мерит зарчимд суурилсан төрийн албыг төлөвшүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийсэн. Татварын 1.0 хувийн тогтолцоог бүрдүүлж, үйлдвэрлэгчдээ дэмжин тэтгэх эрх зүйн шинэ орчин бүрдүүллээ. 
 
    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр, ард түмний өмчид үлдээж, Оюутолгойд Монголын эрх ашгийг хангуулах тогтоол баталсан. 
 
    Малчдын тэтгэврийн насыг наашлуулж, ээжүүдээ цалинтай болгож, багш нар, залуучуудаа дэмжсэн хууль баталж, эмч нарын цалинг нэмж, ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэсэн.         
 
    Энэ мэт олон чухал шийдвэрийг нэрлэж болно. Шинэчлэл, цэгцрэх өөрчлөлтөд чиглэсэн эдгээр хууль тогтоомж бүрэн хэрэгжиж, үр дүнд хүрэх сайхан ирээдүйн эхийг тавьснаараа Та бид бахархах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. 
 
    Энэ дашрамд хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцааг өндөр түвшинд үзүүлсэн Л.Өлзийсайхан даргатай Улсын Их Хурлын Тамгын газрын нийт хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
 
    Эрхэм гишүүд ээ, 
    Төрийн эрх барих дээд байгууллагад түмнээ төлөөлөх, ард түмнээсээ авсан бидний “томилолтын” хугацаа өндөрлөх дөхөж байна. “Амьдрал бол цагийн хэлхээ юм. Энэ хэлхээ дуусашгүй” гэсэн мэргэн үг бий. Дуусашгүй цаг хугацааны нэгэн хэлхээ болсон бидний 4 жил эх орон, ард түмнийхээ тусын тулд цаашид ч тасралтгүй үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна. 
 
Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэндээ болон Монголынхоо нийт ард түмэнд амжилт ялалт, баяр бахархлыг хүсэн ерөөе.  
 
  Улсын Их Хурлын тухай хуулийн 29.14-т заасны дагуу 2020 оны хаврын ээлжит чуулганыг түр завсарлуулж байгааг мэдэгдье.