богино мэдээ New

Хотжилт роман зургаадугаар хэсэг

саахалт айлын охин жаахаан бандиар мотоцикл унуулчихсан цай хоол, тавагтай идээтэй тосон ирсэн нь булдруу Баяраа гэх өвгөний хэнз охин сургуульд байхад нь доод ангид нь сурдаг байсан одоогийн анхны хайр Золоо нь билээ. Тэнд л анх дотно танилцаж нэг нэгнээ чи тийм хүүхэд байсан тэ? .

Зургаадугаар хэсэг                                                                                                                                                                                                                            Э.Миеэгомбо

Содном хүүгийн туйлын ихэд сэтгэлээ чилээн байсан зүйл нь гэрийнхээ буйрыг сэлгэж аав, ээж хоёрыгоо намаржаалаад ирэх минь яавдаа гэсэн санаашрал, нэгэнт л хүн бүлгүй болсон учир шууд өвөлжөөлчихдөг ч юмуу гэж бодон явсан хүн чадалгүй ирсэн тэрэндээ болоод өөртөө гомдож өрөөл бусдаас тусламж л хүсэх нь дээ гэж санаа нь зовниж, туслаад нүүлгээд өгөх хүн хэн билээ гэж хуруу даран тоолж, хошуугаа цорвойлгон бодоход муу найзуудаас нь өөр хэн ч толгойд нь буусангүй, уг өнгө нь цагаан ч хайргүй хэрэглээд бор болгочихсон зузаан хөнжилийг Пэлжээ ахтайгаа хувааж нөмрөн нойрны найрны дугарааны гуравт л тас явлаа.

Содном нойрондоо нохой шиг, унтах бүртээ сонин содон зүүд зүүдэлдэг болохоор тэр байх, хар дардаг юм болов уу гэхээр айж цочиж сэрсэн удаагүй, зүгээр нэгэн зүүд юм уу гэхээр манаж санаж үзээгүй. 
Энэ шөнө харин, тээр жил цэргээс дөнгөж халагдаад ирэхэд нь нэг нүүдэл хийсэн нь сэтгэлд нь хоногшиж үлдсэн юм байлгүй тэр намрыг зүүдлэв бололтой. Аав Жамбалдорж нь шинэ намаржаа гэж багийн даргыг шалж, шарталтаар дайлсаар байгаад Шавар түрүүний голыг өгсөн, уулын энгэр бараадаж багийн төвийн ойролцоо нүүхээр болж мэдэхгүй хүн өвөлжөө гээд хэлчихмээр тийм сайхан нөөлөгтэй газар, тэр жилийн зун адуу мал шазайлгатал халсан хэр нь намар их эрт сэрүүн орж, намрын улиралд малынхаа авсан жаахан тамирыг барчихгүйн тулд голдоо ойртож нөмөр газар бараадсан хэрэг. Тэгж нүүдэллэж явахад нь шинэ намаржааных нь саахалт айлын охин жаахааан бандиар мотоцикл унуулчихсан цай хоол, тавагтай идээтэй тосон ирсэн нь булдруу Баяраа гэх өвгөний хэнз охин сургуульд байхад нь доод ангид нь сурдаг байсан одоогийн анхны хайр Золоо нь билээ. Тэнд л анх дотно танилцаж нэг нэгнээ чи тийм хүүхэд байсан тэ? тэрийг энийг санаж байна уу? гэж хүүхэд насаа болон бие биенээ санахыг эрмэлзэн ярилцаж үзсэн, харин тэр намар Содномын аз юм уу? ирээдүйн эз юм уу? бүү мэд, сумын сургууль дээр гахайн ханиад гэх халдварт өвчин гарч арваннэгдүгээр ангийн сурагч Золоогийн хичээл карентилагдаж сэрүүн намрын эхэн сардаа тэр хөдөө гэртээ намаржиснаар дотносон найзлахын эхлэл тавигдаж, хэн хэндээ хайртай гэж хэлж үзээгүй ч нэг л мэдэхэд хонин дээр, хойд уулын энгэрт, хүний нүднээс хол болзон суухдаа гэрлэх тухайгаа ярьж элдэвийг мөрөөддөг болсон байв. Сургуулийн хичээл эргээд жигдэрч хахир хүйтэн өвөл хаяанд ирлээ, Золоо ч хагас бүтэн сайн болгоноор хөдөө гэртээ яаран очдог болж, түүнийг ирж чадахгүй үед Содном үнэн худал нь мэдэгдэхгүй шалтаг гарган төврүү салхилдаг болж залуу хосууд их л жаргалтай өвлийн эхэн сарыг хамтдаа үдлээ. 

Болзооны чихэрлэг амтанд дурлаж, хайрын бурманд донтсон залуу хосыг нөгөө Ромео, Жульетта хоёрт тохиолдсон үхэл гээч нь л хагацааж чадах байсан байх.

Шинэхэн он гарахтай давхцан хайрын сэтгэлийг холдуулах хар мэдээ дуулдсан нь Золоогийнх хотруу нүүх байлаа, Золоогийн эцэг эх нь нас дээр гарсан хүмүүс учир том хүү нь хэдэн малаа айлд тавиад хотруу ирж өвөлж гээд дуудсан юмсанж, Содномын найзууд нь хүн амьтнаас сонссоноо нуулгүй шууд биендээ хэлдэг учир, Золоогийн том ах багагүй боловсролтой, хөрөнгөөр баян хүн байдаг тэр нь чиний талаар сонсоод дүүгээ хөдөөний боловсролгүй хар юмтай явуулахгүй гэсэндээ дуудсан гэж байна лээ шдээ гэж үнэнийг өччихсөн, Содном ч хадамдаа гологдсон залуу болж үлдэн салъя гэж салаагүйдээ гэж зөвтгөсөөр хоёр жилийг ардаа үджээ, Золоо тэр хавартаа ХААИС-д элсэн орж, сүүлдээ утас нь ч холбогдохоо больж шөнө унтах гээд хэвтэх бүртээ ярьдаг байсан болохоор Содном хүү утасруу нь орой болгон тэр цагтаа залгадаг болчихсон, даанч орох ярианы эрх хаагдсан гэхээс өөр юм сонсохоо байж автомат хариулагч бүсгүйг Золоо юм шиг санадаг болсоор уджээ, гэсэн хэдий ч Содном сэмхэн Зологоо санасаар явсаныг хэн ч мэдэхгүй тийм л дотогшоо нууцлаг хүн.
Намар айсуйг сануулан алтан наран өмнөх өдрүүдээс орой мандаж, Золоогоо зүүдлэн нүүрэндээ инээмсэглэл тодруулан унтаж буй Содномын машиныг нэг хүн хоёр тийш нь займчуулан бүүвэй бүүвэй гээд дуу аялан өнгө салган инээж гарав, сэрээд хартал ачааны машины жолооч хөгшин сумын заан Дэлгэр хөхрөн зогсоно.

Пэлжээ, Содном хоёр сэрээд хаалганы түгжээгээ тайлсанд, Дэлгэр заан кабинд орж ирэн тухлан суугаад өчигдөр шөнө наашаа гараад саяхан л орж ирлээ радиотар муутай жолооч ус тээдэг авгай муутай жолооч уур тээдэг гэж үнэн пяздаа ус халаад ганцаараа явсан болохоор замд нойр хүрээд хөгийн юм боллоо, Содномыг надтай явуулчихгүй чи бас догь эрээ гэж Пэлжээг битүүхэндээ дургүйлхэн шоглоно.

Содном ч сумын заан ахын яриаг сонсон мэндийг нь мэдчихээд эргэн тойрноо ажин нүдэндээ итгэхгүй байсаар айраг асгаад дараа нь халтартсан хромоо углан гадаа гартал Нарантуул олон улсын биш олон түмний зах нээгдэж буй цагтай нь яг таарч ийш тийш яаран гүйлдэж буй модон авдар түрсэн наймаачид, халуун хоол цуйван, бууз хуушуур гээд хашгиралдаж буй ах эгч дүү нар харагдаж, хашааны буланд хэвтсэн өнөөх нөхөр сэрээгүй, захаар дүүрэн хүн гэхээсээ илүү хог хийсээд л төсөөлж байснаас нь шал өөр харагдсанд сэтгэл нь гонсойх шиг болж бодолд дарагдан ийш тийш харан зогсоно. Утсаа гарган Насаа ахруугаа залгалаа, ашгүй нэг хэн бэ гэж ихэмсэг өнгөөр утсаа авч байна, хариуд нь Содном байнөө Хужиртын яагаав Жамбалдоржийн гээд тэвдэн хэлтэл, аан ахын дүү хотод ирчихсэн үү? Хаана явна? Сайн явж ирэв үү? ах нь ажилтай байнааа заагаад өгвөл манайхруу таксидаад очиж чадна биздээ? Хүрлээ эгч нь гэртээ байгаа гэж дуртай байгаа болон завгүй байдлаа илтгэн ярьтал мань эр нэрлэхэж нэрээ идсэндээ чадна чадна гээд олж очих итгэл өвөртлөн хэлж орхив, таксидхаараа ахруугаа залгаад жолоочтой нь яриулчихаарай за гээд хурдан гэгч нь утсаа салгалаа.

Пэлжээ, Дэлгэр хоёр дээр ирэн ингэлээ гээд хэлтэл Пэлжээ өө тийм үү гайгүйдээ олоод оччих байх, алив ах нь хоол авч өгье гээд тэр гурав Эгшиглэн гээд ганц гайгүй сайхан хоолтой газрыг шилж сонгон орлоо.

Содномд 1,2-р хоол захиалан ид ид, цохьчих айлд байхын зовлон, айраггүй өнжихийн цангааг мэдрээгүй хүн сайн идээд ав, чиний цэргийн ангиас чинь долоон дор шүү дээ гэсээр хоолыг нь дуустал нь идүүлэн гараад, тэр айлдаа очоод тэгээд ахруугаа яриарай такси 700 төгрөг байдын шүү мөнгөө тооцож өгөөрэй гэж захив, Содном за гэчихээд замын зардалын 20,000 төгрөгөө гарган Пэлжээд өгөх гэсэнд энэ их солиотой нөхөр шүү харин ч би чамд өгөх ёстой чамайг элэг бариад өгөхгүй байхаддаа гэж тоглоом хийн мөнгийг нь авалгүй за баяртай гээд нэг приүсэнд суулгаад явууллаа. Хойд суудал дээр нь суугаад мэнд мэдээд жолооч залууд утсаа өгөн наад ах чинь гэрээ заана байх гээд яриултал жолооч залуу утсаар аан мэднэ мэднэ очоод таньруу залгая гэж өөрт тохирохгүй өнгөөр ярилаа. Жолооч залууг харахад наранд түлэгдээд борлосон царайтай, үеийн гэмээр бас ноцолддог байрын залуу харагдана, анх удаа хотод ирж байгаа юм уу гэж лавлан асуухаар нь Содном маань тийн яаж мэдээв хө тэгж их мэдэгддэг юм уу? гээд өөрөөсөө ичтэл, аан үгүй үгүй саяын ярьдаг ах хүү л тэглээ гээд толиндоо харан мишээв. Аль нутаг уу гэж танилцахад Увс аймгийн Тэс сумынх жаахан ноцолдох гэж оролддог гээд даруухан хэлээд тэр яриагаа үлдээв. Яг үнэндээ бол сумын заан, тойргийн барилдааны аймгийн начин Мөнхболд гээд одоо сумын заануудын барилдаанд шуугиулж яваа эр байв. Манай хүн ч гэсэн барилддаггүй ээ сум, овооны наадмаас хэтэрч тэрэндээ бараг давж түрүүлж үзээгүй гэж бас л үнэнээ хэлэн хөдөөний хээгүй зангаараа сайхан яриа өдөн ойр хавийн зүйлээ лавлан, улсын наадмыг сөхөн ярьж, түгжирээн дунд ороход нь ингэх чинь хэцүү юм тэ олон машин дунд шахагдаж зогсохоор өөрийн эрхгүй давчдаад байхын гэж Мөнхөөг инээлгэн явлаа. 

Гацаж, түгжирч явсаар Маршалл таун гэх Содномын хувьд бол орд харш шиг газар ирэн зогсоод за ирчихлээдээ, нөгөө ахруугаа ярь хө. 2000 төгрөг гарч байна шүү гээд үнийн дүнг нь яг таг тооны машин дээр үнэнчээр бодсон юм шиг нэмж хэлэлгүй хэлтэл, 

Содном бас л гайхширан юуу? сая манай ах такси 700 байдаг гэсэн шүү дээ гээд Мөнхөөг хүмүүст ярих онигоотой болгоод л авлаа. 
Насаа ахруугаа залгаад ирчихлээ яах уу гэтэл, өөө за одоо манай охин гарч чамайг авах байхаа наад усан оргилуурынхаа хажууд байж бай агаан дүү гээд дахин харилцуураа таслав. 
Мөнхөө заза баяртай хө наанаа тэгээд байж байхгүй юу гэсээр тэндээсээ нэг хүн суулгаад давхиад өгөв.
Содном ч "Нийслэл хүү" киноны орчин цагийн жаахан бандийн томруулсан хувилбар нь болж гоё сайхныг нь гайхан шагширч ийм газар амьдраад байвал хэн манай хөдөөд очиж амьдрахыг хүсэх вэ дээ гэж толгой сэгсэрэн оргилуурын усаар тоглон зогсоно.