богино мэдээ New

Монгол-Хятадын нислэг 26 сарын дараа нээгдэхээр боллоо

Монголын талаас МИАТ компани Гуанжоу, Аэромонголиа компани Хөххот  чиглэлд нислэг гүйцэтгэнэ..

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Монгол Улс-БНХАУ хоорондын нислэгийг нээх талаар танилцууллаа. Тодруулбал, 26 сарын турш хаагдаад байсан хоёр улсын хоорондох агаарын нислэг, харилцааг ирэх сараас эхэлж шат дараатай нээхээр болжээ. Ковид 19 цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос одоог хүртэл зогсоод буй Монгол-Хятадын хоорондын агаарын тээврийг сэргээх эхний алхмыг тавьж, ирэх зургадугаар сараас хуваарьт нислэгийг үе шаттай эхлүүлэх аж. 

Ингэснээр зорчигч тээврийн урсгал нэмэгдэж, агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарт эдийн засгийн өсөлт гарах дэмжлэг бий болно гэж Л.Халтар мэдээллээ. Хятадын талаас ирэх зургадугаар сарын 1-ний өдрөөс хоёр талын агаарын тээвэрлэгчид Бээжин, Шанхай хотоос бусад чиглэлд долоо хоног тутам нэг удаагийн нислэг үйлдэх боломжтой гэж мэдэгдсэн байна. Монголын талаас МИАТ компани Гуанжоу, Аэромонголиа компани Хөххот  чиглэлд нислэг гүйцэтгэнэ.

Цар тахлын өмнөх 2019 онд Монгол Хятадын хооронд агаарын тээврээр нийт 313,049 зорчигч тээвэрлэсэн нь олон улсын нислэгийн зах зээлийн 26 хувийг эзэлж байв. Үүнээс нь 214,567 буюу 70 орчим хувийг зөвхөн Бээжингийн чиглэлд, үлдсэн хувийг Хөххот, Эрээн, Хайлаар, Манжуур, Гуанжоу, Тяньжин чиглэлд тээвэрлэжээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0