богино мэдээ New

"Хотжилт" роман

нэг өндөр охин нь чи найз нараа танилцуулаач гэхэд нь юу ч үзээгүй гэнэн залуу юм хойно "аан тэг тэг" гэж хэлээд дахиад л танихгүй охидуудад инээд бэлэглэв хэдий тэр охидууд их хотын ихэмсэг, их зантай гэмээр охидууд ч сайн аживаас яг л сэтгэлээсээ хэнд ч үл баригдан буй нь илт харагдаж байлаа.

Зохиолч Эрхэмбаярын Миеэгомбо

        Мянгат нь биш ч малчин айлын ганц хүү Жамбалдоржийн Содномдорж аавын дэргэдээс холдож үзсэн ч , аймгийн төвөөс хэтэрч шалиагүй, дунд сургуулийн есдүгээр ангийг дундын дүнтэйгээр дүүргэж, арваннайман насыг амталсан даруйдаа цэрэг эрийн албыг нэр төртэйгээр нэгхэн жил хаан, нэг сонгуульт жилээс дараагийн сонгуулийн жил хүртэл хөдөө айлын хөрөнгөний эзэн сууж өдөр хоног, сар жилүүдийг жаргалтайгаар жавхалзаж, эх нь зандчивал залхуурч, эцэг нь найрлавал найрамдаж , найзуудтайгаа нийлэн наадаж өнгөрүүлнэ. 
Мал сүргийн тоо толгойг эрс нэмэгдүүлж, эцэж цуцахааргүй их тарга тэвээрэг авхуулж сурч, арилжаа наймаа, хадлан тэжээл, отор нүүдэл гэдгийг насандаа багтамгүй сайн хийж эцэг эхээ мянгат малчин болгох нь нилээн дөхөж бас болоогүй сум нэгдэлээс сайшаагдан шагнагдах болсон үе.
Буурай аав болон эцгийн эрдмийг өөртөө өвлөн авч энэ жилийнхээ сумын наадамдаа гурван айраг түрүү авчихсан, бөхийн барилдаандаа гурав даваад тугаа тойрчихсон ёстой л нөгөө наадамд гурван даваатай, найранд гурван дугараатай Өвөрийн хангайн ханагар сайхан эр.

Зуны адаг сар хэдийнээ гарч баяр наадмын улирал эцэслэж, хурим найрын сар эхэлж буйг сануулан хол ойроор хөл хөдөлгөөн, хөөр баяр ихтэй, машин мотоциклын моторын дуу хадаж, хойш урагш тоост зам татуулан давхилдана, харин тэдний хот айлаар нам гүм налайн байв. 
Тэр нэгэн өдөр Содномын таньж мэддэггүй хот газрын хэдэн хүн урьж залуулалгүй, угтаж тосуулалгүй гэнэт тамир нь тасарсан хөгшин хар банхарыг нь хуцуулсаар айх эмээх ч зүйлгүй орж ирэв, тэр хүн бол аавынх нь унаган багын найз Батнасан.
Бага ахуй насандаа энэ Халуун усны голдоо хамт тоглож өссөн юм болохоор хэнээр ч заалгалгүй олоод зориод ирсэн хэрэг уг нь бол хотоос хүн ирэхээрээ найдвартай төөрдөг, төөрч будилсаныг нь Содном хүү мотоциклоо унан тосдог байлаа.
Удирдах албан тушаалтан гэж харагдахаар биш ч чамлахааргүй том хүн гэж Содномын ээж нь гарж орон хоол унд бэлдэх зуураа шивнэнэ, аав нь харин хууч хөөрөлдөж зорьсон хэргийг нь тойруугаар сурагласанд, дунд охин гэрлэх гэж байгаа найр наадмын идээ будаа, нэг мөсөн идэш уушаа бэлдээд аваад явнаа булцгар охиныхоо найрыг өргөн дэлгэр хийнээ танайх л хэзээний сайхан айрагтайдаа найран дээрээ наймааны биш амины айраг л сөгнөнө дөө хэмээн даналзана.

Содном хүү ч дотроо дургүйцэн юун ч дураараа юм бэ дээ энэ хот газрынхан ч авахдаа бол уургын морь шиг л, өгөхдөө бол хонины өлөнгөөс хэтрэхгүй улсдөө гэж бодон айраг аягалан тойруулан суулаа, аав нь харин эсрэгээрээ сархадын бэлэг хүртсэн сайн жальдаг эр шиг маш уриалгаханаар өө тэгэлгүй яахав хө гэж тал засан мишээнэ. 
Хэсэг хугацаанд тэр хоёр ярилцаж, Содном хүү аавынхаа даалгаварыг аван нэг голын хэдэн найзуудаа унинаас дүүжилсэн жижиг хар утсаараа дуудаж мах бэлдэх нөр их ажилдаа ханцуй шамлан орохоор зундаа сэргээн будаж барьсан, шинэ цагаан бүрээстэй том таван ханатай гэрээс найзуудын барааг харах нь гэж баярласаар гарлаа, том хар жийпийг анзаарах сөхөөгүй зүүн баруун зүг дүрсгэр том нүдээрээ ширтэн зогстол хойд хаалгыг хагас онгойлгон хүүе бандиа нохой зүгээр үү гэж маягтай нь аргагүй жаахан охин шиг хоолойгоор уянгалуулав, мань Содном теннтэй хар цонхны цаана хэн байгааг харж чадаагүй хойно хариу маяглаж нарийхан хоолойгоор нохой зүгээрээ гэж гуншиганатал, жаахан гэж бодсон охин нь бодлоор нь биш байж адуу үхэрээр ярьвал шүдлэн гэмээр бүсгүй хаалгаа саван бууж ирж тэнэг хөдөөний юм чинь аальгүйтэж гэнэ гээд гэрлүү зөрөөд оров, Содном ичсэн гэж чигтэйхэн буугаад алхаж байгаа нь нөгөө зурагтаар гараад байдаг хүүхнүүд шиг, нүүрээ бүрэн халхалсан том хар шилтэй, ядаж л гуя хасаа гялалзуулаад, хөхөвчнөөс өөр юмгүй шахам буугаад ирсэн болохоор тэр байх ер нь аргагүй шүү дээ мань хүн чинь амьдралдаа Шавар түрүүний голын Золоогоос өөр сайхан бүсгүй амьдаар харж, итгэлтэй зоригтой харьцаж үзсэн бишдээ. 

Найзууд нь ч нэг нэгээрээ наашлан байгаа нь харахад ил, сонсоход тод өнөөх шумуул буюу хятад мотоциклын дуу хангинасаар тайзан дээр гарсан эрэгтэй бүжгийн хамтлаг шиг бүгд бүрэн цуглараад авав, найзууддаа түрүүний болсон явдалаа хачир нэмэрлэн нээрэн ч нэг онигоо аятай бахтай нь аргагүй ярьж хамтдаа инээлдэцгээнэ тэрийг сонссон найзууд нь нөгөө хотын согоог чинь харах хүсэл өвөртлөн гэрийн зүг сэмхэн харц унагаастай.
Тэр энэ гэж ялгахын аргагүй бие хаа өв тэгш таван сайхан дэрсхэн залуу аавынх нь зааж шүдэлж өгсөн хонийг нэг нэгээрээ хөлдөж авчиран хөндөлдөн мордоод, хажуу айлын пацануудыг дуудан өвчүү түшүүлэн янзалж эхэллээ. 

Батнасан ах нь том дуугаар гарч энэ эгчдээ тусла гэж охиндоо хэлээд эргээд инээн яриандаа орж байгаа нь телевизийн дууг даван сонсогдоно, таван залуугийн ил, нууц хүслээр тэр үү, аавын дуулгавартай охины дүрээр тэр үү би юу хийх үү эгчээ?? гэсээр ээжтэйгээ бас Содномын ээжтэй нь хамт гэрээс гарч ирэн өнөө хэдийн зүг алхаллаа, тэгтэл тэр охиныг харсан өнөөх дөрвөн найз нь эвэртэй туулай үзсэн юм шиг шагшин шуугиж гэзэгний үзүүр гэдэг хөмсөг ахын дуулсан дууг хоороороо хоршин дуулж бие биенээ баясгана, мань Содном ч бантсан хүн ална гэгч нь болж харж үл чадан дэмий л хонины нэхийгээ хүчтэй хүчтэй нудран өвчиж, төхөөрүүлэх гэж байсан хонины зүрх шигээ савлана. 
Шалиг Сайнаа гэх найз нь чи ч ийм сайхан амьтаны өөдөөс маяглаж чаддаг бас зайтай эр юмаа хэмээн шоглож чанга чанга инээнэ. 
Бантах байдал нь багахан ч гэсэн багасассан уу яасан өнөөх охинруу хааяа нэг харц шидэн байтал ажлын эв дүйтэй нь илт харагдаж, урьд өмнө нь хийж байсан юм шиг л сурамгай гэгч нь хонины гэдсийг Содномын ээжийн заавраар цэвэрлэж харагдана.
Их ажил ч дуусах шатандаа орж ууцны махыг л бүтэн үлдээж бусад махыг жижиглэн, жиргээд хайрцаглахад бэлэн болгоод бага гэрт загсаахаар өрлөлөө. 

Ээж нь махны ажлын хажуугаар хэдийнээ гадаа гал түлэн мах үүгээд амжижээ, тогооны таг бүрэн тавиулахгүй дүүрэн буцлах тарган хонины мах борлож үнэр нь үүдээр нэл, амт нь амаар нэг амтагдахын үед ажилд оролцсон гартай, хошуу дүрсэн хэлтэй болгоныг дуудан бэсрэг найр хийхээр их гэрлүү орцгоолоо гэрийн баруун баганы хажуугаар учираа мэдэхгүй чихэр, жимс харан баяссан шалдагнан сандайчиж халтайсан хүүхдүүд мөн тэднийг эрхлүүлэн, эгдүүрүүлж байгаа хотынхон, харин зүүн хаяагаар хөдөөний гэгдэх Содномын найзууд болон том жийпний бараагаар ирсэн хатуу дарсанд хөгшин ханийхаа дайтай дурласан ах нар сууж үг чагнан, өгүүлбэр нэмэрлэнэ, хоймороор харин аав нь, аавынх нь найз Батнасан нилээд хөлчүүрхэнгүй ярилцах сэдвийг санаачлан сууна.
Содномын найзууд нь ч өлсгөлөн боохой адил мах айргийг хослуулан Улаанбаатрын унаган иргэдэд гайхуулж байгаа аятай идэж, Батнасан ах ч нэг нэгээр нь эцэг, эхийг нь лавлаж мэддэг нэгнийнхээ онигоог нь ярьж, мэдэхгүй нэгнээ таних гэж хичээн бүр буухгүй нэгэнд нь намайг ээж, ааваасаа асуугаарай магадгүй танина байх гэж бардамнана. 

Зочид милээн хөлчүүрхэж эхэлжээ учир юу вэ гэвэл Батнасан танай хүү ч сайхан хүү юмаа хүүг малчин болгох гээ юу гэж харамсах өнгөтэй асуусанд, аав нь энийг л яриасай гэж хүлээсэн юм шиг асуултыг нь шүүрэн авч харин тиймээ хэцүүхэн л байна муу хүүгээ өөр шигээ хонины хотноос хэтэрч үзээгүй, хоолны мах бэлдэхээс өөр мэргэжилгүй болгочихмооргүй байна даа Насаа минь гэж Содномын төсөөлж байгаагүй хариултыг уран үг нийлүүлэн нэг хундага сархад барин өглөө, Содном тун их гайхаж аав урьд өмнө нь ерөөсөө ийм юм ярьж байгаагүй дээ согтсон юм болов уу гэж бодлогоширон яриаг нь цааш чагнан суутал тогоон савны тэндээс ээж нь хэлээд юукүү Насаа минь чи нэг юм үзэж нүд тайлсан хүн байна даа муу хүүгийн маань өөрийн хүү шигээ бодон хот газар авч яван эрдэм номын мөр хөөлгөж үз гээд уулгалан ухааруулан хэллээ, Содном мэл гайхан юу вэ хүний амьдрал гээч нь ийм амархан шийдэгддэг, өөрчлөгддөг эд үү гээд бодож амжаагүй байтал Батнасан тэгэлгүй яахав, тэрэн шиг хялбар зүйл гэж юу байхав би чинь хүүгүй хүн шүүдээ хүргэнээ болгоод ч болох нь ээ өөрийн хүү шигээ авч явья надад өгөөд явуулчих хэмээн бараа таваар эд зүйл авч явах гэж байгаа тээврийн жолооч шиг тас тас инээн охинруугаа харц унагана, охин нь ичих гэхээсээ илүү уурлаж аавыгаа нудран амандаа бувтнан байлаа.

Энэ үед Содномын найзууд бүгдийг сонссон учир гаръя Соогий хэмээн шивнэж хэлээд гэрээс холдон миний муу найз ч явах нь тодорхой боллоо доо энэ сайхан согоо шиг амьтанд эзэн сууж, энэ хар тэргийг хотод унаж давхих нь дээ гэж инээлдэцгээгээд сумын төв оръё хө хэмээн уриаллаа. Содном хүү ч итгэж ядсан байдалтай хэлэх үггүй гэрээс гарч ирэн гадаах зуухруу явах гэж буй ээж дээрээ очин хошуу амаа унжуулан дахин нэг лавлатал миний хүү юм үзэж нүд тайл, эрдэм номын мөр хөө одоо цагт мал дагаад ам тосддог хөг өнгөрч хэмээн зоригжууллаа, Содном тэгвэл би төв явчихаад ирье гэтэл ээж нь ааваасаа асуу гэж хүнд даалгавар буулган буцаад бага гэрлүү яаран орлоо, мань хүн ч тэр эрчиндээ их гэртээ орон арай зөөлрүүлэн аав би ойрхон гарчихаад ирье гэхэд аав нь маргааш Насаа ахтайгаа хамт хот явна шүү, авч явах юмаа бэлдээд яваарай бас чи замдаа машин барина шүү дээ Насаа ах чинь ядарсан байна гэж өнөө шөнө юу болох, хайчих гэж байгааг гадарласан янзтай хэлээд тагш дүүрэн нэрмэлээ залгиллаа.
Содномдорж өөрөө хот гэдэг их айлыг зурагтаар харан шохоорхож, очиж үзэх юмсан гэж мөрөөдөж байснаас үзээгүй тул явахын бөөн хүслэн тэр ч утгаараа яаран гэрээс гартал хэдэн найзууд нь яасан өвгөөн гээд хүлээн зогсож байгааг харан бас явмааргүй санагдана.
Яалт ч байхгүй авч явах юмаа бэлдэж баглаад, угаасан хувцаснуудаа углаж аваад муу дээлээ давхарлаж өмсөн гэгээ тасрахын үеэр мотоциклнуудаа гэрийн хаяагаар эгнүүлэн тавиад Содном портероо унан таван найз сумын төв орохоор гэрийн гаднаас хөөрсөн хүний хөлийн дэвсэлт гэмээр хүчтэй хаазлан хөдлөв. 

Содном жолоогоо барин ихийг мөрөөдөж чадахгүй ганцхан хот гэдэг газрыг төсөөлөн уржнан жил хотруу нүүхдээ гэргий нь болно гэж хэлээд одсон ХААИС-ийн оюутан Золоогоо бодон засмалаас ялгаагүй хөдөө нутгийн их зам дээр холын аяныг зорьж буй мэт хаазаа үе үе гишгинэ. 
Хажуу найзууд нь аль хэдийн хүрэн савтай том пиво олчихсон тойруулан аягалж Содномыг цаашлуулсаар л,,,,,,,
Хүний эцэг эх гэдэг үрдээ цаг үргэлж санаа зовнин хий дэмий л дотроо шаналан явдагийг, нэг л боломж олдохыг хүлээн санаж гансархыг умартан хүний нутагруу аяны жолоо өргүүлж хүүхэддээ итгэхийн дээдээр итгэн гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж хүний хүнтэй явуулах тийм л аугаа сэтгэлтэй хүмүүс гэдгийг тэнд л Содномдорж ойлгож ухамсарлав.

Хоёрдугаар хэсэг

Нөгөө хүрэн үнээ гэгч пийжүүгээ хөөрсөндөө ховх сорчихоод удаагүй байтал сумын төвийн өчүүхэн гэрээл гэгээний бараа харагдлаа, замд явахад утасны сүлжээ хэсэг газар дүүрэн бялхдаг тэрийг бол тэр хавийн нохой нь ч андахгүй гэхэд болно тэр үеэр харин нохой Даш гэх найз нь төв дээрх найзуудруугаа Содномын явах болсоныг тусгаар тогтнол аятай тунхаглан зарлаж бүгдэд нь нэг нэг хатуу юм аваад хүлээж бай удахгүй орлоо гээд зарлиг буулгаад амжсан байлаа, 
Нохой гэдэг нэрний утга их хөгтэй хүүхэд ахуйдаа мотоциклын ард сундлаатай явж байхад нь Нүдэн Санжаа гуай гэх хөгшиний айхавтар дайрдаг халтар банхар мань Дашийн хөлнөөс зууж унагаад тэрэнтэйгээ нухалцаж үлдэн өнөөх том банхарыг ёстой л нэг гөлөг болгосон юм гэсэн тэр явдалаас хойш тэдний нохой хүний араас дахиж давхиагүй гэдэг энэ түүхээ өөрөө ч ярих их дуртай тийм болоод л Нохой Даш гэх болсон байх.

Шунхлай хайрхан ч том хад асгатай болоод ч тэр үү шөнөдөө нүсэр том сүрдмээр сүрлэг харагддаг хажуу бэлийг нь ороон төв замруу нийлэх болгондоо Содном хүү бурхан тэнгэр, буурай аав, баян хангайдаа залбирсаар 21 жил болжээ.
Хужирт гээд энэ сумын том бөгөөд улсдаа нэртэй гэдгийг илтгэх нэг зүйл нь олон жилийн түүхтэй Рашаан сувилал билээ гэрэл гэгээ болсон байгууламжууд их л хөгжингүй харагддаг, шалиг Сайнаа ч одоо ч сувилалд бүжиг болж байгаадаа хэмээн очих юмсан гэсэн шиг санаа алдана үүнийг сонссон Содном ичиж зовоод бүжгэнд орох дургүй орсон ч суусаар байгаад таардаг хүн чинь гэнэт л орвол оръё л доо гээд жолоогоо баруун тийш мушгин амралтын зүг хөдлөв тэр үед найзуудыгаа ихэд баярлаж буйг анзааран намайг гаргаж өгч байгаа болохоор бүжиглэх үү гэж асуухгүй байсан юм байна даа гэж мэдчихээд найзуудынхаа бүжиглэхийг нүдэндээ дүрслэн мишээн явлаа, хойд суудлаас Гэрлээ гэх даруухан нь дэндсэн баргийн зүйлд дугардаггүй дугарсан ч өдөртөө тавиас илүү үг хэрэглэдэггүй найз нь Соогий чи зүгээр юмуу? чи бүжиглэдэггүй шдээ энэ хэдэн юмнууд л савсаганасаар байгаад таарнадаа гэж аядуухан хэлэхэд харин ч эсрэгээрээ мань чинь яг бүжиглэнэ та нар хараарай яаж бүжиглэдгээ явхаасаа өмнө яруу тодоор харуулнааа дээлтэйгээ брэк бүжиглэчихдэг юм уу гэж инээд алдсаар рашаан сувиллын үүдэнд ирлээ.

Төв дээр байгаа найзуудаа тэндээ дуудан долуулаа болж зузааран нэгнийхээ авчирсан хатуу юмыг кабиндаа зохицуулж бие халаалтаа хар усаар хийж аваад бүгд боловсон зангаар бохь зажилан сувиллын хаалгаар шаагилдсаар орлоо, үүдний жижүүр залуу ч тэд нарыг харан ихэд олзуурхан юу байцгаана даа гэж мэнд мэдээд ойр зуурын юм ярин нуруугаа ачин залруу даган орлоо, тэднийг ороход ахимаг насны хэдхээн хүмүүс биенээ урин эвтэйхэн зөөлөн эргэнэ тэдэн шиг хөдөөний залуучууд орж л байдаг, гарж л байдаг учир амрагч нар бараг тоосонгүй энэ байдалд нь бүр дасал болчихсон хоёр талууд биенээ анхаарахаа ч байсан юмсанж, дөнгөж орсон даруйдаа бүжиглэж биш савсаганаж чаддаг хэд нь наадмын дараахан л бүжиглэсэн юм байна шдээ удсан байна гэсээр дээлээ тайлан эвхэж эхэллээ харин нөгөө брэк бүжиг хийх залуу маань сандалтайгаа хадуулчихсан жижүүр залуутай хууч хөөрөн сууна найзууд нь аливээ яаваа бүжиглэнэ гэж шаачихаад гээд эхнээсээ шалж эхлэв Гэрлээ ч хажуугаас нь бүжиглэхгүй бол гаръя гэж шордсон маягтай дундуур нь хатуу зүсэн орно, мань Содном тэгж шална гэж мэдэхийн дээдээр мэддэг болохоор хариу үг гэж бэлэн цэцэн гэж чигтэйхэн үеийн охидууд алга байна шдээ мань чинь бүжиглэхгүй тэглээ ч бүжиглэвэл дээлтэйгээ брэк хийнэ гэж хэлээ биздээ шал нь заваан байна шдээ гэж ярин инээсэнд хаалга дуугарч захиалсан хоол гарч ирж байгаа юм шиг л зургаан охин сувиллын менежерийг даган орж ирэх нь тэрдээ тэрийг харсан Баяраа за тэр харав уу чамайг гаргаж өгөх гэж байгаа гээд энэ сайхан амьтадыг найз нь хотоос захиаллаа шдээ гэж бахирна , үнэхээр л тэд нартаа бол өө хэлэх юмгүй сайхан охидууд байлаа "Цагаан залаа" хүүхдийн зусланд бүжгийн ээлжний хүүхдүүдэд багшилчихаад буцаж яваа СУИС-ийн оюутангууд юмсанж зуслангаасаа оройтож буугаад хотын унаанаас хоцрон сувилалд хоноглож байхтай нь яг тав таарсан байв.

Бүжгийн багш нар бүжгэнд орж ирчихээд зүгээр гараад явчихвал чоно махнаас гарсан хэрэг болох байхдаа гэж бодон нэг нэгээр нь сонжин байтал жинхэнэ утгаар нь бүжиг гэдгийг тэдэнд үзүүлж эхлэв, зарим нэгэнд нь бол амьдралдаа хараагүй бүжгийг амьдаар нь харуулж ер нь бол нөгөө бурхангүй газрын бумба галзуурлаа, амралтын менежер хүртэл сүртэй нь аргагүй цол гуншинг нь байс хийгээд зарлаад л тэнд суусан ах эгч нар тэр байтугай өнөөх хэд хүртэл өөрийн мэдэлгүй концерт үзэж байгаа юм шиг алга ташчихсан, нохой Даш бол бүр хуучирсан муу Нокиагаа дээлний ханцуйндаа сурамгай гэгч нь хийж зураглаач шиг л бичлэг хийчихсэн сууна, тэр дундаас Баяраа хотод МУИС-н оюутан учир юм үзсэн хүний дүр эсгэн Содномд энэ охидууд бол хотдоо бол байдаг л охидууд захын барнаас олддог юм гэж томрон гайхуулахад нь Содном ч хөөх тийм үү гэж итгэж ядан суухдаа өнөөдөр манайд ирсэн охинтой яасан адилхан юм бэ гэж нэг охиныг нь ихэд ажин сандал дээрээ тогтож ядна, охидын концерт ч дуусч чөлөөт бүжгийн ая яван бүгд тойрон бүжиглэж эхэлтэл Содномыг дээлтэй брэкчин минь одоо босч бүжиглэ гээд түлхээд л сүүлрүүгээ өндийх шинжгүй болохоор нь зургаан залуу хүч хавсран арай хийн өргөж аваачаад хунгар цасруу нэгнийгээ шидэж шийтгэж буй бага ангийн жаалууд шиг охидын дунд шидчихлээ мань Содном ичсэндээ буцаж гүйх гэж байгаад нэг охины нүцгэн шахуу хөл дээр нь шинэхэн хромоороо халц гишгэн бараг Сверходны хром гэсэн бичиг үлдээж орхив, нөгөө охин ч тэр дороо сөхрөөд хөлөө барин ёолон уйлж, Содном тэрийг анзаарах нь байтугай найзууд дээрээ ирэн уурлах ч биш инээх ч биш болон боохойнд хөөгдөөд мултарсан туулай шиг зогстол найзууд нь чи хүүхдийн хөл гэмтээгээд хаячихлаадаа тэрийг хараач гээд заахтай нь зэрэгцэн охидууд дундаа галзуу нь гэмээр нэг охин гүйж ирээд Содномын борц болсон боовон чихнээс нь чирж гарав нэг их өвчин мэдрэхгүй байгаа ч тэрүүхэн тэндээ худлаа ёолон араас нь даган явтал нөгөө урлагийн Янжинлхамууд чинь дундаа оруулж байгаад л баавгай шиг том юм чинь, чиний наад хөлийг чинь бас наад бакалны чинь пянг яаж даадаг юм, ядаж уучлалт гуйгаач чи!! эр шүү ухаантай юм бол гэж хэдэн талаас нь барьж идэх дөхлөө Содномын найзууд тэндээс шоолоод л Соднооом миний хөгшин сөгдсөн нь дээр байхөө, эсвэл эмнэлэг үүрээд гүй гэж инээлдэнэ, Содном ч толгойгоо майжин эгцэлж харж чадалгүй гэмшсэн байдалтай уучлаарай гээд хошуугаа унжуулан гуйхад өөрийнх нь найзууд ч тэр, бүжигчин охидууд ч тэр бүгд л тавтай нь аргагүй баясаж гарав, тэр том биетэй жинхэнэ Монгол төрх гэмээр сүрдмээр сайхан залуу нэгхэн хормын дотор яг л буруугаа ухааран загнуулж буй жаахан хүүхэд шиг болж үнэхээр эгдүүтэй харагдсан юмсанж.

Содном 10 жилдээ ангийн охидуудтайгаа зодолдож л үзсэнээс уучлалт гуйж үзээ ч үгүй харин тэр үед жинхэнээсээ гэмшиж эмэгтэй хүн гэдэг ийм амархан туньдаг бас хэврэг амьтан байдаг юм байхдаа, цаашлаад эмэгтэй хүнээс уучлалт гуйна гэдэг өвөл малтайгаа шуурганд уруудахаас хэцүү зүйл юм байна нэг гомдоовол ч зовох эд байна даа гэж бодон ухаарч эхлэх нь тэр.
Хөлөн дээрээ баавгай шиг залуугаар дэвсүүлсэн охин ч инээдээ барьж ядан босч ирээд чи надад өртэй шүү гэж жүжиглэж байсан юм байхдаа гэж бодтол цоглог хэлэхэд нь гайхсан Содном хариуд нь юуу? ямар өр?? гэж асуугаад тэр хавиар бөөн инээдэм болгож, өөрөө онигоо болов, Содномыг шоолж дуусаад нэг өндөр охин нь чи найз нараа танилцуулаач гэхэд нь юу ч үзээгүй гэнэн залуу юм хойно "аан тэг тэг" гэж хэлээд дахиад л танихгүй охидуудад инээд бэлэглэв хэдий тэр охидууд их хотын ихэмсэг, их зантай гэмээр охидууд ч сайн аживаас яг л сэтгэлээсээ хэнд ч үл баригдан буй нь илт харагдаж байлаа, нөгөө чихддэг охин найзууд дээр нь ирээд бид нарт сумаа үзүүлээч бас бид нарыг дайлахгүй юм уу? гээд шууд тулган итгэлтэй нь аргагүй зандартал оюутан Баяраа өлгөн авч тэгье л дээ та нар юу ч үзээгүй юм уу? бэлэн үү? гээд харуй бүрийгээр үзүүлж, сонирхуулах юу ч үгүй сумаа манай сум ч үзэх юм ихтэйдээ гэж худал магтан онгирч гадаа дагуулан гарлаа, охидууд шивнэлдэж байснаа бид нар хувцасаа дулаалчихаад ирье за гээд зугтаж байгаа ч юм шиг буудалруугаа сугадалцсаар орлоо, явсан хойгуур нь найзууд яах уу? ийх үү? гээд ярилцан элдэвийн зүйл сэтгэн зарим нь бол ихэд томоор бодчихсон зогстол сумын төв дээр дэлгүүртэй тэд нар дундаа арай бэлтэй айлын хүүхэд болох Өлзий ханннн наадуул чинь угаасаа гарч ирэхгүй гарч ирсэн ч тэгээд портер дээр ачаад явах юм уу? онигоотой юмаа яах гээд байгаан? юугаа ч үзүүлэх юм билээ? хая хая гэж дургүйлхтэл Содном хөөе миний портер бараг шинэ шүү тэглээ ч та нар тэвшин дээр гарахгүй юу гэж хээв нэг хэлэн дуртай байгаагаа илт мэдэгдүүлтэл бүгд шаагилдан инээж Содномын шийдвэрийн зөвийг гайхаж Өлзийгийн дэлгүүр орж өр тавин, Орхоны эрэг орох шийдэлд хүрлээ. Гэнэтийн зүйл болгон амархан бүтдэгийг тэд ярин гайхна.
Охидууд ч удсангүй гар утас камераар зэвсэглэн гарч ирэн за хайчих гэж байна даа гэж эмээсэн байдалтайгаар асуулаа.
Тэр шөнө баараггүй зуны дэлгэр цаг хөдөөний залуучуудын ярьдгаар бол хүүхэн эргүүлмээр орой юмдаа.

Содномын хэлсэн ёсоор залуучууд тэвшин дээрээ гаран сандайчин суугаад хатагтай нар кабин дотор сууж Өлзий харин мотоциклтой ирсэндээ харамсан дуртай дургүй мордтол нэг охин нь би би би сууя гэсээр араар нь мордоод тэврээд авахад мань Өлзийгийн нүүрэнд шууд инээмсэглэл тодорч тэрийг нь ажигласан найзууд нь аая аая гэсээр хөдөллөө. Өлзий нөгөө хэдийнхээ араас мань чинь очоод байж байя, пяздаануудаа тэгээд гэрээс зайтай зогсоорой гээд чангаар орилон голын гармаар товчлон явав.
Хол зогсоодгийн учир нь сумын наадмын шөнө гурван цагийн хэрд шал согтуу эдний дэлгүүрийн хаалгыг балбаж архи сурсан, гэхдээ ихэнх нь тэрийгээ санахгүй байгаа.

Залуучууд ууж идэх зүйлээ зохицуулчихаад колонк орж түгээгч эгчийг паналдан 20,000 төгрөгөнд зээлээр түлш шахуулж аваад төвөөс гаран Орхон голын эрэг дээр очлоо дугираг саарал саран орой дээр мандаж бас Орхон голын хоржигнон урсах усанд мэлтэлзэн харагдана. Үе тэнгийн үхэр жилтэнгүүд ууж идэн сайхан танилцаж аль аль талууд нь их л сэтгэлээсээ байцгааж, Содном маань харин тэр их сайхан сэтгэл дээр нь хөөрөл нэмэгдэж уух зүйлээ ч хэтрүүлж ухаанаа алдан тасраад өгөв.

Гуравдугаар хэсэг

Үүрийн гэгээ үнэгчлэн ирэхэд жаахнаар барахгүй жиндүү байсанд уусан дарс, шунасан нойрноосоо болоод үргэлжлэн үд болтол унтаж орхив. 
Машиныхаа баруун талд дээлээ дэлгээд хэвтсэн Дашийн хүрэн дээлээр хучуулчихсан хувцасгүй шахам сэрэх нь тэр, данхар том толгой нь биенээс нь салангид байгаа юм шиг даадаггүй, толгой хүзүүгээ бахим том эвэршсэн гараараа базлана үүнийг харсан өнөөх хөлөн дээрээ дэвсүүлсэн охин гүйж ирээд хонгор минь сайхан амрав уу? гээд залуу хүүхний золголт гэмээр чоп хийтэл үнсээд авав мань хүн гайхсандаа эхийгээ саалгадаггүй унагыг эхрүү нь ойртуулах шиг өөрөөсөө түлхэн хурдхан босч юу ч ярилгүй хувцасаа өмсөж эхлэв тэгж сандрах зуураа яахаа мэдэхгүй байсан ч амьд хүн аргатай гэж гялс сэргэлэнтэж хөөе нохой энэ дээлээ ав гэж хашгиран дуудаж гарав, тэр охиныг Батцэцэг гэдгийг санахтай манатай байтал ихэд дотноор чи чинь яааваа гэж инээмсэглээд юунд яарч сандраад байгаан? яасан юм бэ? гэж нялуурна тэрэнд нь байж ядан айх, бантах зэрэгцэн байтал ашгүй Даш хүрч ирж Содном ч эвгүй байдлаасаа аврагдаж толгойн өвчинөө аль хэдийн хаясан янзтай Дашийг түлхэн тэндээс холдон энд юу болоод байгаа юм бэ? би чинь өглөө эрт хот явах байсныг мэднэ биздээ сэрээхгүй яасан юм бас энэ охин яагаад намайг үнсчихэвэээээ гэж утсаа шалгангаа асуулаа нохой Даш ч инээх гэж гасалдагийг хэлэх үү муухай дуу гарган чанга чанга инээж чи чинь л өчигдөр та нараасаа холдохгүй явахгүй надад эхнэр байхад эндээ сайхан амьдарна гээд л уйлж дуулаад Батцэцэгээс бараг л гэрлэх үү гээд гуйгаад байсан шдээ харин ч энэ охин чам шиг юмыг гололгүй зөвшөөрнө лээ гээд л уур нэмэрлэн дооглож гарав, гэрээс нь нийт 67 удаа залгасан байгааг харсан Содном өчигдөрийн болсон явдалыг санахыг ч хүссэнгүй зүрх нь хүчтэй хүчтэй цохилно, нөмгөн байсан дээлээ бүдүүн гэгч нь хөөрөглөж бүслэн яарч Өлзийгийн мотоциклруу гүйж очин мордоод машин авч яваад наадуулаа хүргэж өгчихөөд буцаагаад гэрт аваад ирээрэй гэж хэлээд гэрийн зүг хааз атгалаа.
Өлзий араас нь хөөе бензингүй болж байгаа байх шүү гэж анхааруулан хашгирна,,,

Салхи татуулан давхиж явахад толгойн өвчин нь жаахан ч гэсэн намдах шиг болж өчигдөрийн болсон явдалыг санах гэж хичээн явсаар гэрийн бараа харагдахад Батнасан ахынх нь машин нь лав алга яаж гэрт орноо гэж халаглан үүдэнд ирээд гадаа сүүдэрт тавьсан цэнхэр савтай уснаас шанагадан авч үхэр үү гэмээр залгилчихаад гэрлүүгээ аажуухан ортол аав нь тамхи баагуулан сууна, Насаа ах явчихсан юмуу гэж гэмшсэн царай гарган асуусанд тэгсээээн чамайг хүлээгээд байж байдаг хүн ээж бид хоёроос чинь өөр хэн байхав дээ хаагуур тэнэдэг гуйлгачин бэ чи гэж уурлаад орой хотын унаанд суугаад энэ дугаарлуу залгаарай гэсэн, чи тэр машин яачихав гэж том дугарна, удахгүй Сайнаа аваад ирэх байхаа машин зүгээр байгаа гэж тайвшруулан дээлээ тайлан ваартай айрагруу ухас хийн аягалж дахин дахин залгилав.
Утсаа гарган Өлзийрүү залгаж төв дээр хот явах унаа хэн байна хө мэдээд миний дугаарыг өгчих гэж хэлээд өөдөөс нь, юу болсоныг асуухын завдалгүй утсаа таслаад буурай аавынхаа хуучин муу хусуурыг бурхан дээрээс аван хүрд эргүүлээд ум мани гэж амандаа бадмэ хум гэж сэтгэлдээ хэлэн уяан дээрээ сойсон шарга үрээнийхээ зүг хөлөө бага сага чирэн алхаллаа, шарга ч танимхайрж толгой сүүлээ сэгсчин ялаархах нь ихсэж доороо эргэн янцгаана, Содном дэлэн дээгүүр нь баруун гараа давуулан тэврээд за ингээд хөгшин нь хол явлаа чи бид хоёр ч энэ жил олз омог ихтэй байлаадаа хө адуун сүрэг аав, ээжий хоёрыг минь сайн харж хандаарай удахгүй сүргийн манлай болно гэдгээ мэдэж байна уу нөхөр минь гэсээр эрүү, хүзүүг нь майжин тоосноос нь магнайдаа хүртэж аваад, гараараа амыг нь шудран цулбуураа мулталж, зангирсан хоолойгоор "чү"гэж хийморь даллан ганц сайн дуугарч аваад, холдож үл зүрхлэн хаачихаа мэдэхгүй зогсох шарга үрээнийхээ хондлой дээр нь цочтол нэг сайн алгадан ижил сүрэгдээ нийлдээ гэж ам, зүрх хоёртоо шивнэж араас нь нулимс дуслуулан гийнгоолон зогсоно, энэ гунигт мөчийг харсан ээж нь мөн адил нутгийн Хөндлөн булгийн ундарга гэлтэй нулимс унагааж харцаа буруулна.

Тэр өдрийн цаг нь секундээр хэмжигдэж байгаа юм шиг л хурдан өнгөрч найзууд нь машиныг нь авчиран тэднийд сууцгааж ойр зуурын зүйл хуучлан, хоол унд идэж, Содномыг өчигдөрийн болсон явдалаар нь хааяа шоолж нэгнээ нударна, аав ээж хоёр нь яваагүй байхад нь л санаад эхэлчихсэн гансаран байгаа нь мэдрэмж муутай Өлзийд хүртэл мэдэгдэж дуугүй л хаашаа ч юм гөлөрнө. Үд өнгөрөхийн хэрд Содномын жаахан хар утас нь сүртэй чанга дуугарч тэнд байсан Содномыг гэх хүмүүсийг цочоох шиг Микрын жолооч Пэлжээ Соднооом миний дүү явах болж байна шүү төврүү дөхөөрэй эрт ирвэл ахад нь аштай л байна шүү нуруу татчихсан юм өргөж чаддаггүй ээ гээд эелдэгээр ярьж гуйв, тусархуу зант маань өндийн босч за хөдлөедөө гээд бурханы зүг алхан хүрдээ эргүүлэн залбирав, ээж нь тэндээс хүүе миний хүү хоол идэж болсон юмуу гэсээр цагаан идээ амс гээд өөрийнх нь хүрэн тагшинд цөцгий нь ялгарсан сүү мэлтэлзүүлэн барив.

Ээж нь бүх зүйлийг нь бас Түмээ ах, Эрдэнэбат ахынд нь өгөх юмнуудыг Насаа ахаар нь өгөөд явуулчихсан, хүмүүс муу хэлэх байхдаа хотруу юу ч үгүй явж байна лээ гээд хэрэггүй Насаагаар явуулдаг байж дээ гэж гаслатал зүгээрээ ээж хүмүүст Пэлжээ ах намайг гуйж грушигээр авч яваа гээд л хэлчихье гэж тайтгаруулаад аавынхаа хийж өгсөн айргийг залигаллаа.
Бүгд гэрийн гадна гарчихсан Өлзийг мотоциклондоо бензин нэмэхийг харж чимээгүйхэн зогсоцгооно, аав нь хот газрынханд их итгээд дэмий шүү өөртөө л итгээрэй гэж захитал, ээж нь хажуугаас нь дугуй байгаач хүүхдийн зүрх үхүүлээд гэж ундуйцна, мотоцикл ч хэд хэд гишгүүлэн хүчээр шахам асч Содном хүү ээжий аавдаа үнэрлүүлж, найзуудтайгаа тэврэлдэн Өлзийгийн араар мотоциклыг нь оцойтол мордоод баяртай сайн сууж байгаарай гээд мишээсээр давхиж одов.

Ээж нь араас дахин нулимс дуслуулан цай сүүний дээжээ давтан давтан өргөсөөр бараа нь үл үзэгдэхийн цагт бүгд гэрлүү орж үдийн ажилдаа бэлтгэв, Содномын найзууд ч аав, ээж хоёрыг нь зоригжуулан манай хүн алзахгүй ээ сайн сайхан яваад л байна та хоёр минь санаагаа бүү чилээ тусламж туслалцаа хэрэгтэй бол шууд хэлж байгаараа даа бид хэд байнга орж гарч байнаа гээд гэр гэрийн зүг хоногоор тэнэснээ юу гэж хэлэх вэ гэсэн бодол тээсээр хөдөллөө.
Содном Өлзийгөөс өчигдөр юу болсон юм бэ нохойгийн яриад байгаа үнэн юм уу? гэж дахин асуусанд Өлзий салхи сөрөн давхиж байгаагаа умартан чангаар инээж юу ч болоогүй ээ чи л хөөрсөндөө эрт яваад өгнө лээ ойчихынхоо өмнө явмааргүй байна гэж хэд сайхан чанга дуугарч нөгөө дуулдагаа дуулаад л ойчно лээ харин тэр Батцэцэг чамд нилээдгүй талтай байсандаа чамайг хэвтүүлж хувцас хунарыг чинь тайлсан шүүдээ бид хэдийг ойртуулаа ч үгүй бараг чиний хажуугаар хэвтсэн байх дажгүй охин байна лээ дээ гэж өөрт таалагдсанаа Содномд таалуулах гэж магтан ярив.

Содном сая нэг санаа нь амарч, бие нь тавирч Батцэцэг гэх охиныг сайн санахгүй байгаадаа харамсан дахиж уулздаг болов уу гэсэн горьдлого тээн урьд шөнийг дахин санахыг оролдоно.
Төв ороод Пэлжээ ахруугаа залгаж хаана байгаа юм та? би төвд ороод ирсэн гэтэл сувиллаас хэдэн хүн олсон тэндээс шууд хөдөлнө сувилал дээр хүрээд ир гэж уулзах газраа цаггүй товлон ярьцгаалаа, тэр дор нь сүр сар хийсээр сувилал дээр давхин очтол Пэлжээгийн хөх цэнхэр микротой зэрэгцэн очиж таарч сувиллын их зант маяг нь дэндсэн зорчигчдыг хүлээж, суудлаа булаацалдан ярилцан суугаа хамт явах нутгийнхантайгаа мэнд мэдэж, Пэлжээ ахаар наадмын барилдаанаа яриулж шоолуулан зогстол өчигдрийн Янжинлхамууд юу ч болоогүй юм шиг гэрэлтсээр гэгээ татуулан явах минь зүгээр гэж явах хүсэл болсоор гараад ирэх нь Содномыг дахин догдлуулж орхив. Өлзий ч нэг охинтой нь сүрхий болсон болохоор гэмгүй таарсандаа баярлаж гүйж очин ачааг нь барилцан одоо л явах гэж байгаа юмуу гэж яриа өдлөө, Пэлжээ ах нь Соднооом миний дүү дээшээ ачаан дээр гар Өлзий миндүү ачааг нь авч өгөөд бай гэж хэлж зааварлан зогсоно, охидууд ч Содномыг хараад нөгөө дуучин залуу байна шдээ явахгүй гээд байсан явахаар шийдээ юу гэж хөхрөлдөж, тэрийг анзаарсан мэргэжлийн мэдрэмж сайтай Пэлжээ миний муу микронд учирсан хосууд ихдээ, манай Содном шиг сайн залуу ч ховордоо гэж сонгуулийн сурталчилгаа шиг магтаж марсайтал инээнэ, ачаагаа ачиж, хүлж баглаж дуусаад Өлзий тэдэнтэй салах ёс гүйцэтгээд Содномын мөрийг цохин азтай пяздаа шүү чи нээрэн, надад Соёлоогийн дугаарыг аваад явуулаарай за юу мартаваа гэсээр хоцров.