Г.Батжаргал: Эдийн засгийн хувьд бие даан ажиллах нөхцөл бололцоог бий болгоно


2017-04-26 14:32:39 0

“Баянхонгор хөрөнгө оруулалт-2017” зөвлөгөөнийг баянхонгорчууд зохион байгуулж байна. Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай тус аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлого, хөгжлийн гарц, шийдвэртэй алхмуудын талаар ярилцлаа.

-Таны 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг бодитоор бий болгох бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн олон ажил хийгдэхээр тусгагдсан. Эдгээр ажлыг дан ганц төсвийн хөрөнгөөр хийх бололцоо хязгаарлагдмал. Тиймээс хувийн хэвшлийн болон гадны хөрөнгө оруулалтын асуудал сөхөгдөж байна. Тус салбарынхан ч Баянхонгор аймагтай хамтран ажиллах сонирхолтой байгаа нь харагдаж байгаа. Ямар салбарт хөрөнгө оруулалт татах бололцоо бидэнд байна вэ?

-Баянхонгор аймаг тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллага буюу улсын төсвөөс тотац авдаг сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллагуудаа оруулахгүйгээр зөвхөн төсөвт байгууллагуудаа оруулаад тооцвол нийтдээ 18 тэрбум төгрөгийн зардалтай, орон нутгийн өөрийн төсвийн орлого нь 6 тэрбум байдаг. Тэгэхээр 1/3-ийг нь өөрсдөө бүрдүүлээд үлдсэнийг нь улсын төсвөөс авч үйл ажиллагаа явуулж байна. Аливаа улс орон, аймаг орон нутаг ч тэр эдийн засгийнхаа хувьд  бие даах юм бол цаашдаа тогтвортой хөгжих үндэс суурь тавигдана. Тэгэхээр бидний хувьд бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд аймгийн ИТХ-аас баталсан аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх дунд хугацааны хөгжлийн стратеги бодлогын баримт бичиг дээр туссаны дагуу тодорхой үйлдвэржилт, ажлын байрны чиглэлийн төсөл хөтөлбөр, ажил арга хэмжээнүүдийг Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгаад хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Харамсалтай нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал таагүй байна. Ийм нөхцөлд аймаг орон нутгийн хэмжээнд байгаа баялгаа түшиглэх, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, шаардагдах хөрөнгө оруулалтыг гадаад, дотоодын зах зээлээс татаж, харилцан үр ашигтай хамтын үйл ажиллагааг үйлдвэрлэлийн салбарт эрхлэх зайлшгүй шаардлага хэрэгцээ байгаа юм.

-Энэ хүрээнд ямар байдлаар ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Бид хоёр чиглэлээр ажиллая гэж байгаа. Нэгдүгээрт, аймаг орон нутаг улсын болон орон нутгийн одоо байгаа нөөц бололцоондоо тулгуурлаад хэрэгжүүлэх боломжтой ЖДҮ-ийг бодлогоор хөгжүүлнэ. Хоёрдугаарт, аймаг орон нутгийн ирээдүйн санхүү, эдийн засгийн нөхцөл байдалд томоохон түлхэц үзүүлэх, аймаг орон нутаг эдийн засгийн хувьд бие даагаад ажиллах нөхцөл бололцоог бий болгох томоохон мега төслүүдээ олон улсад танилцуулж хөрөнгө оруулалт татах зорилготой ажиллаж байна.

Аймаг орон нутаг өөрийнхөө төсвийн бололцоондоо тулгуурлаад хийх боломжтой ЖДҮ-ийг хөгжүүлэх ажлуудад Монгол Улсын засгийн газар болоод холбогдох яамдын дэмжлэг, орон нутгийн хөгжлийн сангаасаа тодорхой хэмжээний эх үүсвэрээ гаргаж, сумдын орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг оруулахгүйгээр 2.7 тэрбум төгрөгийн эх үүсвэр тавьсан. Үүгээр ЖДҮ-ийг идэвхтэй хөгжүүлж, ажлын байрыг олноор бий болгож, иргэдээ ажилтай орлоготой болгохыг зорьж байна.

-Өмнө нь ЖДҮ-ийн салбарт маш олон чухал бодлого шийдвэр хэрэгжиж улсын болон орон нутгийн төсвийн нэлээд хөрөнгө оруулалт зарцуулагдсан байдаг. Гэвч бодит байдалд амжилттай хэрэгжсэн нь  маш цөөхөн. Яагаад хөгжихгүй байна вэ?

-Өмнөх ажлуудын алдаа нь ашигтай гэсэн салбар руу олноороо ордог, үүнээсээ болж нэгнийгээ татан унадаг, тухайн зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ таниулж гарч ирэх орон нутгийн компаниудын чадавх сул, түүнийг нь дэмждэг төрийн дэмжлэг байхгүй, иргэдийн тухайн бизнест хандаж байгаа хандлага тууштай биш. Өөрөөр хэлбэл хэсэг хугацаанд нэг төрлийн бизнес эрхэлж байгаад уйддаг, хаядаг. Үүнээсээ болоод тухайн үйлдвэрлэлийн салбар бие дааж хөгжих, улмаар гадаад дотоод зах зээлд гаргах, өргөжих, хөгжих боломж хаагдаж байгаа юм.

Урьд нь бол 50 сая төгрөгийн төсөл бичээд ороход нь 20 сая төгрөг шийдчихдэг, тэгэхээр бүрэн ажиллах боломжгүй болно оо доо. Тэгэхээр бид шаардлагатай, төгс хэмжээнд хүртэл зээлийг олгоё гэж байгаа. Мөн бүтээгдэхүүнийг бий болгоход нь ЖДҮ-ийг хөгжүүлэх Ажилсаг төвөөрөө дамжуулаад сургалтад хамруулъя, дэмжье, тусалъя. Мөн Баянхонгор аймгийнхаа үйлдвэржилт хөгжлийн корпорациараа дамжуулаад тухайн бизнесийг зах зээлд гарах хүртэл нь маркетинг, менежментийнх нь асуудлыг хариуцах зэрэг давуу талуудыг бий болгох юм. Ингэснээр ЖДҮ бодитоор хөгжинө гэж харж байна. Энэ бодлого арга хэмжээний хүрээнд энэ жилийн тухайд 20 үйлдвэрлэлийг бодитоор бий болгохоор ажиллаж байна.

Олон улсын хэмжээнд танилцуулах томоохон, бодлогын шинж чанартай төслүүдээ дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод “Баянхонгор - Хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн 2017” арга хэмжээг зохион явуулна. Уг арга хэмжээний хүрээнд том хөрөнгө оруулалт шаардлагатай төсөл арга хэмжээнүүдээ танилцуулна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас эх үүсвэр олж, эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх замаар бид аймаг орон нутгийн эдийн засгийн хувьд бие даасан байх бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Тодорхой судалгаа, шинжилгээний үндсэн дээр эдгээр ажлуудыг төлөвлөж байгаа байх л даа?

-Манай аймгийн эдийн засгийн үндэс бол мал аж ахуй.Үүний дараа уул уурхайг нэрлэдэг. Тэгэхээр бидэнд одоо байгаа нөөц бололцоо буюу мал аж ахуй түүнийг дагасан баялгийг л зөв үйлдвэрлэж, боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Жишээ нь манай аймаг 2.5 сая орчим ямаатай, жилд 500 гаруй ямаа ишиглэж байна. Нэг ямаанаас 200 грамм сүү саая гэж бодоход л 100 мянган литр сүү хоногт үйлдвэрлэж чадаж байна ш дээ.

Тэгтэл өнөөдөр түүнийгээ ашиглаж чадаж байгаа билүү. Сүү цагаан идээ, малын гаралтай бүтээгдэхүүн төдийлөн үнэд хүрч чадахгүй байгаа учраас тэр нь малчдын амьдралд мэдэгдэхүйц хэмжээний өөрчлөлт, орлогыг бий болгож чадахгүй байгаа учраас малчид малаа саахаас ч цааргалж эхэлж байна. Энэ мэт нөхцөл байдлаас үүдэн манай аймаг УИХ-ын гишүүдтэйгээ хамтраад хуурай сүү үйлдвэрлэх жижиг үйлдвэрүүдийг Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн яамтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Дор хаяж таван ийм үйлдвэр байгуулах юм.

Тэгэхээр бид шууд сүүгээ худалдаж аваад, мөнгийг нь тухайн өдөрт нь дансанд нь шилжүүлдэг, тэр нь эргэлтэдээ ороод явчих юм бол хаа хаанаа хэрэгтэй. Нөгөө талаар манай аймаг жилдээ 320 мянга орчим ямааны арьс, 220 орчим нэхийг зах зээлд нийлүүлж байна. Мөн 19 мянган үхрийн шир, 7000 адууны арьс гаргаж байх жишээтэй. Үүнийг боловсруулахгүйгээр гаргаж байгаа өртөг нь бол 8.2 тэрбум төгрөг болж байгаа юм. Хэрэв боловсруулаад гаргавал ямар дүн гарах вэ гэдэг нь бас өөр асуудал. Тэгэхээр малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлүүдийг орон нутагтаа хөгжүүлье, ашиглаж чадахгүй байгаа нөөц бололцоогоо ашиглаж, хөрөнгө оруулалт хийе гэсэн хэнтэй ч аймаг орон нутаг хамтарч ажиллахад бэлэн байгаа юм.

-Хөрөнгө оруулагч харилцан ашигтай нөхцөлийг харж хөрөнгөө оруулна. Баянхонгор аймгийн хөрөнгө оруулалтын орчин ямар түвшинд байна бэ?

-Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол улсын хууль тогтоомжийн тогтворгүй байдал, бусад шалтгаануудаас хөрөнгө оруулалтаа татах, хумих вий гэсэн эмзэглэл байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд Баянхонгор аймагт ажиллахдаа “Гадаадын хөрөнгө оруулагчдын улс оронд итгэх итгэл сайжирч, хөрөнгө оруулалтын таатай орчинг үнэлж, буцаад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байгаа”-г танилцуулсан. Тэгэхээр Монгол улс, Засгийн газрынхаа хэмжээнд таатай орчинг бүрдүүлсэн бол тэр нь хаана хөрөнгө оруулав гэдгээс үл хамаараад хөрөнгө оруулалтын таатай орчин хадгалагдаж байх ёстой.Бид тэр бодлогын хүрээнд явна. Ер нь аймаг орон нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалт хийчихсэн байхад иргэдийн эсэргүүцлээр байдаг юм уу, хэн нэг албан тушаалтны дарамтаар, төрийн албаны хүнд суртал нөлөөгөөр үйл ажиллагаа нь удаашрах, хязгаарлагдах зэрэг ойлгомжгүй байдал үүсгэхгүй байхыг зорьж байна. Үүнийгээ ч саяхан болсон Уул уурхайн зөвлөгөөний үеэр тодорхой танилцуулсан байгаа.

-Үйлдвэрлэл болоод аялал жуулчлалын салбарын хөгжилд газарзүйн байрлал чухал нөлөөтэй. Баянхонгор аймгийг Баруун бүсийн төв болох боломжтой гэж ярьдаг. Үнэхээр давуу тал байна уу?

-Мэдээж байна. Газарзүйн нөхцөл байдлын хувьд Баянхонгор аймаг давуу талтай. Улаанбаатар хотоос алслагдсан хэмжээгээрээ дундаж хэмжээнд орно. Бас нэг давуу тал нь Монгол улсын Мянганы замын босоо болон хэвтээ тэнхлэгийн замууд манай аймгаар дайран өнгөрч байгаа. Өөрөөр хэлбэл бид Улаанбаатар хотоос Ховд, Баян-Өлгий аймаг руу явж байгаа хэвтээ тэнхлэгийн зам, Өмнөговь аймгийн Гурвантэс, Цэхээ боомт, Баянлиг, Баянхонгор, Завханы Тэсээр ОХУ-тай хиллэж байна. Энэ босоо тэнхлэгийн зам Баянхонгор аймгийн төвөөр огтлолцож байгаа юм. Энэ бол маш том боломж. Монгол Улсын Засгийн газраас 21:100 гэсэн үйлдвэржилтийн бодлогыг боловсруулаад хэрэгжүүлж эхэллээ. Тэгэхээр 21 аймагт 100 үйлдвэр байгуулах тус хөтөлбөрийн хүрээнд ямар ямар үйлдвэр байгуулах вэ гэдэг саналаа Засгийн газарт танилцуулж өрсөлдөх юм.

Манай аймгийн хувьд урд болон хойд хөрш рүүгээ хил гарах боломж бий. Хаашаа ч явах боломж нь бидэнд том давуу тал болно. Манай аймгийн хувьд жилд 10 мянган тонн цемент боловсруулах орд байна, түүнийг түшиглээд цементийн үйлдвэр байгуулчих юм бол энэ босоо, хэвтээ тэнхлэгийн замуудаа ашиглаад гадаадад бүтээгдэхүүн экспортлох илүү таатай орчин бүрдэнэ. Баянхонгор аймагт 4.2 сая толгой мал байна.

Бид малынхаа тодорхой хувийг эдийн засгийн эргэлтэд оруулж, боловсруулах үйлдвэрлэлээрээ дамжуулж гадаадад гаргах сонирхолтой байгаа. Гэтэл манай аймгийн малын тоо толгойн зохистой түвшин бол 2.5 сая толгой мал. Бидний зорилго бол байгаль орчиндоо хор нөлөөгүй, байгалиа талхалдаггүй, өндөр ашиг шимтэй, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх явдал. Энэ хүрээнд Торгон сүрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж, малаа чанаржуулах, өндөр ашиг шимтэй байлгах түвшинд хүргэхээр ажиллаж байна. Эхний хоёр жилд 1-1.5 сая толгой малыг зах зээл дээр гаргахад бэлэн байгаа юм.

-Баянхонгор аймагт их хэмжээний мөнгө босгох бас нэг бэлэн өгөгдөл нь түүхийн болон байгалийн цогцолбор газруудаа түшиглэж аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал гэдгийг та өмнө ярьж байсан. Энд ямар бодлого барьж байна вэ?

-Бид тооцоо хийж үзсэн. Нэг жуулчин шаардлага хангасан жуулчны баазаар үйлчлүүлээд явахдаа хамгийн багадаа 100 ам.доллар үлдээж байгаа юм. Тэгэхээр Баянхонгор аймаг 10 мянган жуулчин авах юм бол өдөрт 1 сая төгрөгийн орлоготой байх боломжтой. Утаагүй үйлдвэрлэл, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал бол Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан томоохон салбар. Энэ хүрээндээ орон нутгийн төсвөөсөө  холбогдох зардлыг гаргаад  Гадаад харилцаа аялал жуулчлалын албыг байгууллаа.

Өмнө нь аялал жуулчлалын бодлого яамны дайвар байдлаар хэрэгждэг байлаа. Жишээ нь, Баянхонгор аймгийн төвшинд аялал жуулчлалыг ганцхан мэргэжилтэн л хариуцаж ирсэн байдаг. Баг байхгүйн улмаас хүчин мөхөсдөх, үйл ажиллагааг бүрэн төгс хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхгүй өнөөг хүрсэн байна. Тиймээс бид тус албыг зоригтой байгуулсан. Энэ ажлынхаа хүрээнд 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох IT Mongolia гэсэн аялал жуулчлалын үзэсгэлэнд тодорхой саналуудтай оролцож байна. Бид бүрэн эрхийнхээ хугацаанд Баянхонгор аймагт ирэх жуулчдын тоог 10 мянгад хүргэх зорилт тавьсан.

Энэ жил бааз сууриа бэлдэж, ирэх жилээс жуулчдаа хүлээгээд авъя аа гээд ажиллаж байгаа. Баянхонгор аймагт аялал жуулчлал ихээр хөгжсөн газруудад байдаг, жуулчдын сонирхлыг татсан олон газар бий. Тэр дундаа бидний бахархал болсон хүн үүслийн өлгий нутаг болох Цагаан агуй, дэлхийд хосгүй Шаргалжуутын халуун рашааныг нэрлэмээр байна. Шаргалжуутын рашаан сувилалд санал гаргаж байгаа байгууллагад газрын асуудлыг шийдэх, тэнд хүрэх замын асуудлыг концессын гэрээгээр шийдэх саналууд бий. Тэнд олон улсын өндөр зэрэглэлийн 5 одтой зочид буудал барья, жуулчдынхаа тоог нэмье гэсэн бодлого явж байна. Говь-Алтай болон Баянхонгор аймагт л байдаг, дэлхийд ховордсон Мазаалай баавгайн асуудлыг яаж олны анхаарлыг хандуулах вэ, хэрхэн өсгөн үржүүлэх вэ, ямар байдлаар сурталчлах вэ гэх асуудал байна. Өнөөгийн байдалд тус амьтныг байгальд үзэх боломж хомс. Тэгвэл яагаад бид хоёрыг зэрэг мазаалайг нь бариад гадаадын амьтны хүрээлэнд байдаг шигээр жижиг биш томоохон, цогц орчинд говийн гайхамшиг 6 буюу хулан, тахь, хавтгай, хар сүүлт зэргийг байгалийн хүрээлэн байгуулаад, жуулчдыг татах, Шинэжинст сумын тухайд Баянлиг сумаар дайрч, ирээдүйд бий болон Цэхээ боомт, Гурвантэс, Баянлиг, Баянхонгор чиглэлийн автозамаас 100 орчим км-ийн зайд оршдог Эхийн голыг түшиглэсэн байгалийн аяллын хүрээлэн барья гэсэн ерөнхий төсөөллийг гаргаад судалж байна. Энэ бол мазаалайгаар дамжуулж мөнгө олох гэж байгаа асуудал биш. Хүрээлэнгийн хоёр мазаалайгаар дамжуулж, үлдсэн цөөхөн мазаалайгаа аврах, өсгөх ажлыг зохион байгуулах юм. Энэ бол Баянхонгор аймгийн аялал жуулчлалын үндсэн бодлого байх юм.

Туг нь мазаалай болон Шаргалжуут байна. Энэ брэндийнхээ хүрээнд орон нутгийн иргэдийгээ түшиглэсэн Эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Энэ жил Баянлиг сум 19.800 тэмээ тоолуулсан, хаврын төлөө нэмэх юм бол 20 мянга гаруй тэмээтэй болох нь. Тэгэхээр Хорин түмэн тэмээний наадам хийх гэж байна. Тэр том хоолойд олон тэмээгээ цуглуулчхаад тэмээг хэрхэн уналга ачлагад хэрэглэдэг, хэрхэн ашигладаг, идээ ундааг нь хэрхэн бэлтгэдэг зэрэг уламжлалт ахуй соёлоо сурталчлах замаар Монгол улсын аялал жуулчлалын төлөвлөгөөнд туссан ажилтай уялдуулан Эвентүүдийг зохиох юм. Баянхонгорт ирснээр та дэлхийн гайхамшигтай танилцана, говийн үзэсгэлэнт байгаль, бичиг хадны зургууд, Цагаан агуй, түмэн сүргийн наадмыг үзэж сонирхдог, говийн гайхамшигт 6 амьтны эко хүрээлэнтэй танилцах аялал жуулчлалын бүс болгох бодлогууд явна. Алсдаа Баянлиг сумд Нисэх онгоцны буудал байгуулах  төлөвлөгөө ч байгаа. Энэ бол манай аймгийн хөгжлийн дунд хугацааны стратеги бодлого төлөвлөлтөд суучихсан явж байгаа юм.

-Өмнө нь баянхонгорчууд орон нутагтаа томоохон хөрөнгө оруулалтыг татаж байсан туршлага бий юу?

-Баянхонгор аймаг хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоод, гадаадын танилцуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсан ч тухайлсан хөрөнгө оруулалтыг шууд татаж, оруулж ирж байгаагүй юм билээ. Аймгийн хэмжээнд ажиллаж буй уул уурхайн компаниудын хувьд хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэйгээр аймаг орон нутагт дэмжлэг үзүүлж ажиллаж иржээ. Бидний зорилго бол тодорхой төслүүдийг танилцуулж, түүнийг сонирхож буй хөрөнгө оруулагч нартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад цаашид гэрээ байгуулан ажил хэрэг болгоно. Тийм ч учраас хөрөнгө оруулалтын зөвлөгөөнд ач холбогдол өгч байгаа юм.

 

-Хөрөнгө оруулалтын зөвлөгөөнд ирсэн хөрөнгө оруулагч нарт баянхонгорчууд юу санал болгох бол?

 

-Тус арга хэмжээ бол Баянхонгор аймаг үүцээ задалж буй үйл ажиллагаа гэж хэлж болно. Өнөөдөр бид олон жил ярьж байсан ч хэрэгжүүлж чадаагүй, олон жил дарж байсан тодорхой сонирхолтой төслүүдээ танилцуулна. Хөрөнгө оруулалтын зөвлөгөөний онцлог нь өнгөц танилцуулга бус тов тодорхой найман төслийг толилуулах юм. Ноос ноолуур, арьс шир, цементийн үйлдвэрүүдийн төсөл, Дулааны цахилгаан станц барих төслийг ч ярья гэж бодож байна. Мөн бид шинэ зах зээл бий болгохоор зорьж байгаа. Баянхонгор аймагт үр ашиг, үр дүн авчирч болох их хэмжээний байгалийн дагалдах баялгууд бий.

Тухайлбал, чихэр өвс. Монгол улсад ургаж байгаа нийт чихэр өвсний 70 гаруй хувь нь Баянхонгорт ургаж байна. Үүнийг зөв ашиглаж, боловсруулаад явбал маш үнэт эмийн бүтээгдэхүүн болдог, өндөр үр ашигтай. Одоогийн байдлаар зарим малчдын хувьд бидний өвөлжөө, хаваржааны газарт байгаа учир ашиглуулахгүй гэх зүйлсийг ярьдаг. Гэтэл аймаг орон нутаг, улсын хэмжээнд эдийн засгийн үр өгөөжтэй юмыг Миний л юм гэх байдлаар хав дараад байж болохгүй. Тэгэхээр бид тухайн бүс нутгийн иргэдтэйгээ тохиролцоод гадаад болоод дотоодын ямар нэг компанийг тухайн өвөлжөө, хаваржааны газар руу оруулахгүйгээр залгаа бүс нутагт нь байгаль цаг уурын ижил нөхцөлд ургаад, биологийн өндөр идэвхт бодисыг гаргаж авах боломжит эзэнгүй газрыг олгох юм. Зээргэнэ ч мөн адил. Анх байгуулагдаж байхад нь манай аймагт хар тамхины гол орц бүтээгдэхүүн гээд л ад үзэж байсан.

Гэтэл өнөөдөр Говь-Алтай аймагт нэг хувийн хэвшилтэй хамтраад 2000 га талбайд тариалалт хийж байна. Тэнд зээргэнийг тарималжуулаад болж байхад манай байгалиасаа ургаж байгаа юмыг хэн ч ашиглахгүйгээр олон улсад гарах боломжтой чухал эмийн бүтээгдэхүүнийг үнэгүйдүүлж байх жишээний. Бас гүргэмийг манай аймаг зөв ашиглаж чадах юм бол алтнаас ч үнэтэй байж болох бүтээгдэхүүн байна. Урд хөршид гүргэмийг маш их сонирхож, тариалдаг болсон байна. Гэтэл манай нутагт ургаж байгаа нь аль ч талаараа тэнгэр газар шиг ялгаатай. Тэгэхээр газар тариаланг гадны хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар ургуулж, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах замаар аймаг орон нутгаа хөгжүүлмээр байгаа юм. Тэгэхгүй бол алийн болгон улсаас тэдэн төгрөг өгөөч ээ гэж суух вэ. Энэ жишгээрээ явбал магадгүй 10, 20 жилийн дараа улсын төсвөөс тотац авдаггүй ганц аймаг болчихсон байхыг үгүйсгэхгүй.

Тэгэхээр Баянхонгорчууд бүгдээрээ үйлдвэржилтийн бодлогод нэгдэцгээе, гар бие оролцоцгооё гэж уриалъя. Хөрөнгө оруулагчид маань ч бидэнд, манай аймагт итгэж хөрөнгө оруулалт хийгээч ээ, хамтарч ажиллая, харилцан үр ашигтай ажиллая гэдгийг хэлж байна. Энэ төслүүд хэрэгжсэнээр малчид маань бэлчээрийн талбайгүй болох, уул ус газар нутаггүй болох гэж буй зүйл огт биш. Харин газар нутгийн тодорхой хэсгийг танд ямар нэгэн хор хохирол учруулахгүйгээр ашиглана гэдэг бодлого явж байгаа юм. Мэдээж бид уугуул иргэдийнхээ эрх ашгийг нэн түрүүнд тавих учир тан бүхний болгоомжилж байгаа асуудал байхгүй шүү гэдгийг дахин сануулъя. Бүгдээрээ эвлэж нэгдэж, нутаг орноо хөгжүүлцгээе. Бид хүний болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэх таван аймгийн нэг болох бодлого зорилтынхоо хүрээнд хамтдаа хөдөлмөрлөцгөөе гэх хэлье.

 

Б.Цэлмэг www.unen.mn