Үйл ажиллагаа явуулахгүй байгаа ААН-ийн тоо нэмэгджээ


2017-04-13 15:31:14 0

   

Монгол Улсын аж ахуйн нэгжийн тооллогын санд I улирлын эцсийн байдлаар 145 мянга 80 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Жилийн үзүүлэлтээр бизнес эрхэлж байгаа бие даасан тайлан тэнцэл гаргаж байгаа нэгжийн тоо жилийн өмнөхөөс 11.7 хувиар өсжээ. Түүнчлэн энэ хугацаанд эдийн засгийн хүндрэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулж чадаагүй аж ахуйн нэгж, байгууллагын тоо 14.8 хувиар нэмэгдсэн байна.

Ийнхүү идэвхгүй байгаа бизнесүүдийн тоо өссөнөөс гадна үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байгаа байгууллагын тоо өмнөх оны I улиралтай харьцуулахад эрс буюу 44.8 хувиар өссөн байна. 2016 оны эхний улирал дуусахад 22.8 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа эхлүүлэх боломжгүй байна гэж байсан бол одоо энэ тоо 33 мянгыг давжээ. Төвлөрлөөр харвал, Бизнес регистрийн санд бүртгэлтэй байгууллагуудын 65 гаруй хувь нь Улаанбаатарт байгаа төдийгүй хангай, төвийн бүсэд хамгийн их төвлөрсөн байна.

Төвийн бүсэд хамаарах долоон аймагт сүүлийн нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгжийн тоо хамгийн их, хангайн бүсийн зургаан аймагт харин түр зогсолт хийхээс аргагүйд хүрсэн аж ахуйн нэгжийн тоо хамгийн өндөр байна. Үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийн 81.2 хувь буюу 61.6 мянга нь 1-9 хүнтэй жижиг аж ахуйн нэгж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл их, бага эдийн засгийн аливаа өсөлтийн үр дүнг аж ахуйн нэгжүүд өөртөө шингээж чадахгүй байна.

Нийт дүнгээс 3.3 хувь нь л 50-иас дээш ажилчинтай байгаа ба эдгээр нь барилга, боловсруулах аж үйлдвэр, худалдаа, боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж байна. Статистик судалгаагаар бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн бараа засварлах чиглэлийн байгууллагуудын тоо 10 хувиар, үйлчилгээний байгууллагуудын тоо 37 хувиар нэмэгдсэн байгаагаас бусад салбарт дорвитой өсөлт сүүлийн нэг жилийн хугацаанд ажиглагдаагүй байна.

М.Дэлгэрмаа