Эрхэм түшээдийн тансаг хаус ямар үнэтэй вэ?


2016-12-11 14:04:05 0

"Архив"

Сэтгүүлч Л.Баатархүү

Эх сурвалж: Үндэсний өдөр тутмын Улс төрийн тойм сонинд 2012 оны нэгдүгээр сард гаргаж байсан энэхүү нийтлэлээ "Архив" булангаараа хүргэж байна. 

Эрхэм төрийн  түшээдийн хөрөн­гө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас авдаг болсоор нэ­лээд хэдэн жилийг ардаа үджээ. Харин хэр үнэн бодитой мэдүүлэг өгдөг юм болов оо. АТГ-аас тэр гишүүн тийм тийм байшин, мал, машинтай гэх мэтчилэн тоо, мөнгөн дүнгээр нь олны өмнө гаргаад тавьчихдаг болсон нь үнэхээр олзуурхууштай. Хэрвээ хөрөнгөө үнэн мэдүүлсэн бол түшээдийг магтууштай. Гэвч харамсалтай нь амьдрал дээр хэн бүх долоон булчирхайгаа тоочоод, халаасан доторхоо нэгжүүлээд байх вэ дээ. Тэгээд ч АТГ-ын олны өмнө ил гаргаж байгаа гэх тэр хөрөнгө орлогын мэдүүлэгт дарга, сайд нарыг нэг бүрчлэн шалгаж байгаа биш. Зөвхөн тэдний өөрсдийнх нь өгсөн мэдүүлгийн дагуу л хэдэн хүснэгт татаад олон нийтэд үзүүлдэг нь нууц биш шүү дээ. 

Тэгэхээр тэд хөрөнгө орлогын мэдүүлгээ тэр бүр үнэн зөв өгөөд байхгүй нь ойлгомжтой.  Гэвч улстөрчдийн хариу нь тодорхой боловч яг оносон тайлбар нь олддоггүй бэл бэнчингийнх нь талаар уншигчид үргэлж сонирхож байдаг. Бид энэ дугаараас эхлэн уншигчиддаа зарим нэгэн сайд, түшээдийн амьдардаг орд харш болон бусад хөрөнгийн талаар цувралаар сурвалжлан хүргэж байна. Гэхдээ энэхүү сурвалжлага хэн нэг­ний нэр хүндэд халдах, сөргөөр нөлөөлөх гэсэн санаа огт агуулаагүй билээ.
 

С.БАЯРЦОГТ САЙДАД ГУРВАН ОРОН СУУЦ БАЙДАГ УУ
 

Манай  дуранд хамгийн эхлээд Сангийн сайд С.Баярцогт өртлөө. Тэрбээр 2008 оны сонгуульд Ардчил­сан намаас сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшин ялалт байгуулсан. Түү­нийг сонгогч түмэн, улс тө­рийн хүрээнийхэн харьцангуй залуу улс төрч, энэ салбартаа ч илүү мэргэ­шиж байгаа нэгэн гэх юм билээ. С.Баярцогт одоогийн Сан­гийн сай­дын ажлаа аваад гурван жил гаруй хугацааг үдэж, дараагийн сонгуу­лийн нүүр үзэх цаг болжээ. Сангийн сайдын хаана амьдардаг нь ихээхэн сонирхол татах аж. Утаан сууна­гаараа дэлхийд нэгдүгээрт давхиж яваа Улаанбаатар хотын хамгийн цэвэр агаартайд тооцогддог Туул голын хөвөө, Зайсангийн аманд “Ардчиллынхны”  хэмээх “Оргил” хотхонд Ч.Сайхан­билэг гишүүнийх­тэй хөрш  амьдардаг. Мөн энэ хотхонд Л.Гүн­далай, Баабар зэрэг ардчиллын  зүтгэлтнүүд амьдардаг. Анх энэ хотхоны зураг төсөл гарч байхад барилгууд нь нэлээд маргаан дагуулж байсан гэдэг. Гэхдээ С.Баярцогтод ганц энэ дээд зэрэглэлийн хаус байгаа гэхэд ташаа болно. Учир нь үйлдвэр үйлчилгээний зориулалттай нэг барилга, орон сууц гэхэд гурав байдаг. Тэрбээр байруудаа зах зээлийн ханшаас нэлээд доогуур үнэлсэн байна билээ. Үйлдвэр үйлчил­гээний нэг барилга, гурван орон сууц нийлээд 391.323.8 сая төгрөг. Энэ бага мөнгө биш ээ. Гэхдээ л бага. Яагаад бага гээч. Жишээл­бэл, бусад тансаг бус жи­рийн хаус, орон сууцтай  харь­цуулъя л даа. Түүний амьдардаг Оргил хотхоны барилгаас загвар, хий­цээр долоон дор нэгэн хаусыг иш татъя. Нийслэлийн Баянгол дүүргийн X хороололд байрлах гур­ван давхар тоосгон барилгыг 450 саяар худалдана гэсэн зар Осмо.мн сайт дээр байх юм. Сайд ч аргагүй л хөрөнгөтэй хүний шинжээр нүн­жигтэй үнэлжээ. Сангийн сайд маань хувьдаа “Нико” хэмээх компанитай. Зарим нэгэн бизнесийн лут  гаруудыг бодвол энэ юу ч биш л дээ. Харин автомашины хувьд лексусын цуглуулгатай нэгэн. Түүнд лексус 470, лексус GX 470 нэг, нэг ширхэг байдаг. Гэхдээ зарим эх сурвалжийн өгүүлснээр бас мерседес бенз нэг ширхэг байгаа гэх сураг дуулдсан. Тэгэхээр автомашинуудын нэгийнх нь үнэ гэхэд зах зээл дээр 200 саяын үнэлгээтэй. Харин  сонирхолтой нь хадгаламжид нь 64876.3 сая төгрөг байдаг аж. 

 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНИЙН ХАУС НААНАДАЖ 425 САЯЫН ҮНЭЛГЭЭТЭЙ


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ /олон цол гуншинг нь дурьд­сангүй/. Тэрбээр Монгол үндэсний бөхийн түүхэнд хамгийн их буюу 12 түрүүлсэн нэгэн. Хийсэн бүтээсэн их амжилтыг нь төр засаг үнэлж байдаг бүх гавьяа шагналаа хайрлажээ. Дархан аваргаа Хэнтий нутгийнхан хоёр ч удаа сонгосон. Бас ч үгүй тойрогтоо хамгийн сайн ажилладаг гишүүдийн тоонд ордог. Мөн тэрбээр одоогийн УИХ-ын гишүүд дотроо ч тэр, бусад улс төрийн хүрээнийхэндээ ч тэр нэлээд бэнчинтэйд тооцогддог. Мөн л их хотын хамгийн цэвэр агаартай, хамгийн супер хотхон болох ХААИС-ийн чанх ард орших “DREAM LAND”-д Ерөнхий сайд асан С.Баяртай хөрш амьдардаг. Мөн Ерөнхийлөгчийн хамгаалалтаас авахуулаад нууцлаг эрхмүүд энэ хотхонд амьдардаг аж. “DREAM LAND” хотхоны нэг метр квадратын үнэ одоогийн зах зээлийн ханшаар бодвол хоёр мянга 400 ам.доллар. Гэхдээ түүнд ганцхан энэ хотхон байгаа юм биш ээ. Үйлдвэр үйлчилгээний нэг барилга, хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт дурьдсанаар хаана ч юм бас нэгэн байртай хэмээжээ. Эдгээр байруудаа нийтдээ 425.300 саяар үнэлсэн аж. Түүний одоогийн амьдардаг “DREAM LAND” хотхон тансаг зэрэглэлийн хамгийн өндөр өртөгтэй хаусуудын нэг. Зүгээр л байрны сарын төлбөр нь гэхэд 300-500 ам.доллар гардаг гээд бод доо. Зайсангийн аманд баригдаж буй зарим дээд зэрэглэлийн байруудын үнэтэй Б.Бат-Эрдэнийн ордыг дүйцүүлбэл 400 сая хол давах аж. Түүнийг малын хишигтэй нэгэн, бас цолоо аваагүй болохоос биш мянгат малчны эгнээнд явдаг гэлцдэг. Ангийнхан дотроо малын тоогоороо толгой цохидог гэнэ билээ. Бог мал гэхэд 2750, бод 345 толгой, хурдан удмын адуу 20 байдаг аж. Малынх нь тоо толгойг  мөнгөн дүнд шилжүүлбэл 167.600 сая хол давахаар юм. Мөн хадгаламжийн дүнгээрээ ч тэр Сангийн сайдыг даруй дөрөв нугалах хөрөнгөтэй. 222.738 сая. Түүнчлэн “Буудайн цацал”-20 хувь, “Атар чандгана”-51 хувь, “Витафит трейд”-51 хувь, “Атар чандгана сүү”-14 хувь зэрэг дөрвөн компанийн нийтдээ 41.500 сая төгрөгийн хувьцаа эзэмшдэг. 


 

ЭКС ЕРӨНХИЙ САЙД С.БАЯР НЭГ ТЭРБУМ 117 САЯЫН ХУВЬЦААТАЙ ГЭНЭ


Ерөнхий сайд асан С.Баяр. УИХ-ын 2008 оны сонгуулийн 23 дугаар тойрогт нэр дэвшин ялалт байгуулсан. Ерөнхий сайдын албан тушаалаа өгснөөс хойш гадаад дотоодод эмчлүүлж байна гэх нэрийдлээр сураг алдарсан. Бүр хэвлэлийнхэн ч түүнийг долоодугаар сарын 1-ний хэргээс өөр сэдэвт хамааруулан үзэглэдэггүй болж. Харин бид энэ удаад сураг алдарсан экс Ерөнхий сайдынхаа орд харш, хөрөнгө бэнчин­гийнх нь талаар сонирхлоо. Түүний сарын орлого 117.327.4 сая төгрөг. Хадгаламжийн нийт дүн 182.354 сая төгрөг. Копаниудын хувьцаа эзэмшилт нь нэг тэрбум 115 сая төгрөг. Хувьцаа эзэмшиж буй компаниудаас нь онцолвол “Палас”, “Сансар КАТВ” компаниудын нийдтээ 1500 ширхэг хувьцаа эзэмш­дэг нэгэн. Мөн зуслангийн газар нь  ангийн нөхдөөсөө хамгийн том талбайд ордог аж. Тэрбээр мөн л топ баячуудын нэгэн адил Зайсангийн аманд дахь “DREAM LAND” хотхонд дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй хөрш амьдардаг хэмээн дээр өгүүлсэн. Гэвч тэр орон сууцаа 2010 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт үйлдвэр үйлчилгээний нэг барилгатай ний­лээд 195 сая төгрөгөөр үнэлжээ. Энэ сайхан харшийг ингэж үнэлэх гэж дээ. Миний хувьд арай чамлахаар юм шиг ээ. Дор хаяж 250 саяд хүргэхгүй дээ. Гайхалтай нь түүнд бусад баячууд, улстөрчид шиг тийм олон байр, хаус байдаггүй гэнэ. С.Баяр гишүүнийг гүндүүгүй жинхэнэ монгол эр хүний буурьтай гэдэг. Бас гэр бүлийн гишүүдийн орлого гэж нэг их юм байхгүй, өөрийнхөө бор зүрхээр хэдэн бор юм олдог гэсэн шүү.

Мөн автомашин ч гэж ярайтал өрөөд байх олон ширхэг байхгүй. 60 саяар үнэлэгдэх ганц ланд круйзер-105-тай. Дашрамд дурьдахад гаднаа харуул хамгаалалттай, бүх төрлийн хурдны систем нэвтэрсэн, тохилог, цэвэр агаартай, газар хөдлөлтөд эрсдэнэ гэж үгүй “DREAM LAND”  хотхонд байрлах экс Ерөнхий сайд С.Баярын хаус зах зээлийн ханшаас хэт доогуур үнэтэй тул тансаг байр хайж байгаа хүмүүс утасдаад үзэхэд гэмгүй шүү. 

Энэ удаагийн сурвалжлагын сүүлийн дуранд УИХ-ын гишүүн УИХ дахь АН-ын бүлгийн дарга, Ч.Сайханбилэгийг онцолж байна. Тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуу­лийн 22 дугаар тойрогт нэр дэв­шин ялалт байгуулсан. Улстөрчид дундаа илтгэх урлагаараа дээгүүрт ордог, амны хайрцаг сайтай нэгэн. Энэ нь ч түүний сонгуу­лийн ялалтад их нөлөөлдөг. Түүний эхнэрийг О.Байгаль гэдэг. Монголын гоо бүсгүй. Бас манай­даа томоохонд орох гоо сайхны “Байгаль бюти” компанийг тол­гойлдог. Ч.Сайханбилэгийнх хэ­мээх айл Улаанбаатар хотын төв тал­бай­гаас урагш 1.5 километр зайд Туул голын хөвөөнөө байр­лах хоёр давхар “Оргил” хаус хот­хонд ардчиллынхантайгаа хөрш амьдар­даг.  Гэр бүлийн гишүүдээсээ хам­гийн бага орлоготой нэгэн. Сарын орлого нь 15.775.7 сая төгрөг. Харин гэр бүлийнх нь сарын орлого 125 сая төгрөг. УИХ-ын бусад топ гишүүд шиг байр, хаус олныг цуглуулж баярхдаггүй гэсэн. Учир нь түүнд нэг л хаус байр байдаг аж. Гэхдээ зарим эх сурвалжийн хэлснээр Ч.Сайханбилэг гишүүн ганц биш гурав, дөрвөн хаустай гэх сураг дуулдана лээ шүү. АТГ-аас 2010 онд авсан хөрөнгө орлогын мэдүүлэгт Туулын хөвөөн дэх хаусаа, үйлдвэр үйлчилгээний нэг барилгатай цуг үнэлэх дээ 585.500 сая төгрөгөөр тогтоожээ. Энэ тоог харахад гишүүн маань зах зээлийн ханшид нэлээд дөхүүлж хаусынхаа үнийг тогтоожээ. Тэрбээр өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Байгаль бюти” компаниасаа гадна “Ч энд Ти”-50 хувь, “АСУ”-12.5 компаниудын нийт 175 ширхэг хувьцаа эзэмшдэг. Эдгээр компа­ниуд нь мөнгөн дүнгээр зах зээлд нийтдээ 500 сая төгрөгийн өртө­гөөр үнэлэгджээ. Дашрамд дурьда­хад одоогоор нийслэлийн байрны үнэ хамгийн бага байгаа Сонгинохайрхан дүүрэгт гурван өрөө байр 70 саяас эхэлж байгаа бол Хан-Уул дүүрэгт дунджаар 84-110 саяын хооронд байна. Уг дүүргийн нутаг дэвсгэрт манай улс төр, бизнесмэнүүдийн уурхай байдаг аж.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин