Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Олимпын алт, бусад медалиудтай, дэлхийд боксоороо топ багуудын нэгт багтаж асан Монгол Улс "Парис-2024" зуны олимпд анх удаа эрэгтэй боксчингүй оролцохоор боллоо.
Тайландын Бангкок хотод есөн өдрийн турш үргэлжилсэн олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд манай улсын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон ч харамсалтай нь эмэгтэй ганцхан эрх л авч чадав. Тодруулбал, 54кг-д М.Энхжаргал мөн 2022 оны Азийн наадмаар өмнө нь 50кг-д О.Есүгэн эрх аваад байсан юм.
Энэ удаагийн эрх олгох тэмцээнд монголчуудын итгэлийг өндөр хүлээгээд байсан Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн бокст 10 тулаанаас нэг ч ялагдалгүй яваад буй Э.Цэндбаатар 63,5кг-д тулалдсан ч шүүгчдийн саналаар ялагдаж, олимпын эрхгүй хоцров.
Ялангуяа эрэгтэй боксын төрөлд ширүүн өрсөлдөгч орны нэгт зүй ёсоор тооцогддог манай улс ямар ч эрхгүй болсонд олон нийт дургүйцлээ илэрхийлж байна.
Мөн өнгөрсөн гуравдугаар сард Италийн Буста Ацизод болсон олимпын эрх олгох тэмцээнд Монголын боксын холбоо тамирчдын мэдүүлгийг хоцроож өгсний улмаас нэг ч тамирчин оролцож чадаагүй. Манай тамирчин уг тэмцээнд зориулж Европт бүтэн хоёр сарын хугацаанд өндөр түвшний бэлтгэл хийгээд байжээ.
Нийт сэтгэгдэл 0