богино мэдээ New

Риймэдийн Хөххалтар (Эмгэнэл)

Риймэдийн Хөххалтар (Эмгэнэл).

                                                                Риймэдийн Хөххалтар (Эмгэнэл)
                                                                        1932-2024 он
  
Урианхай түмний уран дархнуудын нэг, хайртай аав, халамжит хань, нутгийн хүндэт буурал Риймэдийн Хөххалтар тэнгэрт дэвшлээ. 
Тэрбээр, хуучнаар Чандмань уулын аймгийн Алтайн урианхайн Мээрэнгийн  хошуу, одоогийн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Шар аман гэдэг газар 1932 онд Риймэдийн гуравдугаар хүү болон мэндэлжээ.  
Монгол Улсад нэгдэлжих хөдөлгөөн, социализм байгуулах, худалдааны салбарыг орон нутагт хөгжүүлэхэд нөр их хөдөлмөр зүтгэлээ зориулсан үйлстэн байлаа. 

Р.Хөххалтар нь 1940-1947 онд бага сургууль, 1950-1966 онд Худалдаа, бэлтгэл ангийн кассын нярав, 
1962-1972 онд Худалдаа бэлтгэл ангийн агент, 1972-1986 онд Алтанцөгц сумын Социализмын зам нэгдэлд аж ахуйн нярав улмаар 1986-1991 он хүртэл сумынхаа 8 жилийн дунд сургуульд няраваар ажиллаж байгаад гавьаныхаа амралтад гарсан байна. 

Энэ цагаас 2004 он хүртэл сумынхаа 1-р баг, Бэлчирт мал маллан, дархны үйл хийж амьдарч байгаад Дархан-Уул аймаг руу шилжин амьдарсан юм. 

Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж салбарын шагналууд, ойн медалиуд болон 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор энгэрийг нь цоолсон. 

Мөн шилжин суурьшсан нутаг орондоо хөдөлмөрч, бүтээлч үйлээрээ манлайлж 

Найрамдлын Дархан медиаль (2006 он), Шилдэг гэр бүл өргөмжлөл (2013 он)-өөр шагнуулж байв. 

Нягт нямбай, олонтой сайхан буурлуудын нэг таныгаа үүрд санан дурсах болно. 

Та минь тэнгэрийн орондоон амгалан нойрсож эх орон, элгэн садандаа эргэн төрөх болтугай. 

Гэр бүл, үр хүүхдүүд, нутгийн ах дүүсээс нь