богино мэдээ New

Шатахуун тасалдаж буй шалтгаан

Өргөн хэрэглээний АИ92 автобензины нийлүүлэлт, тээвэрлэлт хэвийн үргэлжилж буй бөгөөд ойрын хоёр хоногоос энэ төрлийн нэмэлт шатахуун их хэмжээгээр орж ирэх аж..

-Шатахууны нийлүүлэлт хэвийн болж, үнэ цаашид өсөхгүй-

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

  Улаанбаатар хотод шатахуун тасалдаж, жолооч нар урт дугаарлалт үүсгэж буйтай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өгсөн албан ёсны мэдээллийг түүвэрлэн та бүхэнд хүргэж байна.

Нэгдүгээрт, ОХУ дотооддоо өвлийн дизель түлш болон автобензин хомсдолтой хэвээр байгаа ажТухайн улсын хувьд түүхэндаа анх удаа гэмээр ийм хомсдолын тохиолдол болж буй юм.

Хоёр дахь шалтгаан нь шатахуун нийлүүлэгч ОХУ-ын экспорт Зүүн өмнөд Азийн улс орон буюу БНХАУ, Энэтхэг зэрэг улсууд руу төвлөрчээ. Гэхдээ Монгол руу экспортолж буй нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт огт буураагүй. Мөн Зүүн Сибир, алс дорнодын хэсэгт төмөр замын ачаалал, бөөгнөрөл их байгаа учраас шатахуун тээвэрлэж буй вагонууд Монголд цагтаа ирэхгүй хомсдох нөхцөл болж байна.

Гуравдугаарт, манай улсын дотоодын зах зээлд дизель түлшний эрэлт уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, үйлдвэрлэлтэй холбоотойгоор хэт ихсэж өргөн хэрэглээнд доголдол үүсээд буй аж. Тухайлбал, өмнөх жилүүдэд дунджаар 30 орчим сая тонн нүүрс гаргадаг байсан бол одоо 65 сая тонныг экспортложээ. Оны эцэст 70 сая тонн ч хүрэх магадлалтайг салбарын сайд нь онцолсон.

Нөгөөтэйгүүр уул уурхайн салбарт томоохон таван гол компани дотоодын дизель түлшний зах зээлийн 60 хувийг хэрэглэдэг байна.

Хойд хөрш Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүнийг санаатайгаар нийлүүлэхээс татгалзсан ямар нэгэн зүйл байхгүйг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хэлэв. Тэрбээр мөнОХУ-ын холбогдох сайдууд, Монголоос Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нарын хамтарсан телеграмм групп хүртэл нээж, мэдээллийг шуурхай солилцож байгаагэлээ.

Товчхондоо Монгол Улсын дотоодын дизелийн хэрэгцээ өсөж, экспорт нэмэгдсэнээс үүдэж энэ төрлийн нефтийн бүтээгдэхүүн хомсдолд оржээ. Мөн ОХУ-ын талаас манай улсын дизелийн хэрэгцээ өссөн 30 хувийг нэмж хангах боломжгүй байгаа юм.

АИ92 болон дизель түлшний үнэ цаашид өсөхгүй.  Түүнчлэн ОХУ дизель болон АИ92 зэрэг өргөн хэрэглээний нефтийн бүтээгдэхүүнийг өмнөх оноос нийлүүлэлтийг нь багасгасан ямар нэг зүйл байхгүйг Ж.Ганбаатар сайд дурьдаж байв. Гол асуудал нь Монгол Улсын дотоодын хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой юм байна.

Дашрамд дурьдахад өнгөрсөн есдүгээр сарын ОХУ-ын хориг арга хэмжээнээс үүдэж Монголын дотоодын нөөц дуусаж, уг нөөцөө нөхөж чадахгүй богино хугацааны асуудал үүсэж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд онцлов.

Монголын дизель түлшний дотоодын нэг сарын хэрэглээ өмнө нь 90 мянган тонн байсан бол өдгөө 120 мянган тонн болжээ. Үүний 60 гаруй хувийг уул уурхайн компаниуд хэрэглэж буй юм.

Хэрэглээ өссөн эдгээр нөхцөл байдлыг нөхөх үүднээс өмнөд хөршөөс сайн чанарын дизель түлш авахаар болж эхний байдлаар 5000 тонн орж иржээ.

Өргөн хэрэглээний АИ92 автобензины нийлүүлэлт, тээвэрлэлт хэвийн үргэлжилж буй бөгөөд ойрын хоёр хоногоос энэ төрлийн нэмэлт шатахуун их хэмжээгээр орж ирэх аж.

Үүнээс гадна жолооч нар хиймэл эрэлт үүсгэж дугаарлаж буй нь шатахууны нөөцөд улам бүр хүндрэл учруулах нөхцөл бий болгож байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас анхааруулав.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0