Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Улсын Онцгой комисс, ЭМЯ-д хүсэлт тавьсны дагуу Баян-Өлгий аймаг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр PCR шинжилгээ хийх молекул биологийн лабораторитой боллоо.
Тус лабораторийг шинээр баригдсан, тусгаарлан эмчлэх байр болгон бэлтгэсэн 50 ортой хүүхдийн эмнэлэгт суурилуулж, шинжилгээ авч эхэлсэн ба өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч С.Хонаев, Х.Арман нар танилцлаа.
PCR аппарат нь тусгай горим, өрөө тасалгаа шаарддаг, хүчин чадал өндөр, коронавирусний халдварын PCR шинжилгээнээс гадна томуу, сүрьеэ, бэлгийн замын халдвар, элэгний В, С вирусний халдварын шинжилгээг хийх томоохон лаборатори юм.
Аппаратыг ажиллуулах, шинжилгээ хийх хүмүүсийг бэлдсэн. Одоогоор гурван эмч, хоёр лаборант бэлтгэгдсэн аж.
Цаашид лабораторийн ажиллагааг шуурхай хангаж, орон нутагтаа PCR шинжилгээ авч эхэлснээр цаг хугацаа, урсгал зардлыг хэмнэх боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл шинжилгээний сорьцыг Ховд аймагт илгээхгүйгээр аймагтаа хийх боломж бүрдсэн талаар тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.