богино мэдээ New

НӨАТ-ын шинэ хууль хэрэгжснээр эдийн засаг эрүүлжинэ

Татварын байцаагчид хүмүүс рүү утасдаж "Та олсноосоо илүүг заржээ. Хаанаас ийм их мөнгө олдог юм бэ" гэж асуусан гэх мэт барим тавим яриа амнаас ам дамжиж байна..

2016 оны 04 сарын 16

Оны эхнээс хэрэгжиж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ хууль тойрсон эргэлзээ, болгоомжлол , шүүмжлэл өнөө ч тасрахгүй байна. Иргэдийн дунд гэхэд л орлогыг нь хянаад эхлэх вий гэсэн том болгоомжлол төрөөд эхэлчихсэн. Татварын байцаагчид хүмүүс рүү утасдаж  "Та олсноосоо илүүг заржээ.  Хаанаас ийм их мөнгө олдог юм бэ" гэж асуусан гэх мэт барим тавим яриа амнаас ам дамжиж байна.

ГТЕГ-ын дарга С.Пүрэв саяхан "Блүүмбэрг"-т ярилцлага өгөхдөө "Иргэн зөвхөн орлоготойгоо тэнцүү зардал гаргана гэсэн заалт ямар ч хуульд тусаагүй. Тэгэхээр олдгоосоо илүү зарахад мөрдөж шалгах зүйл байхгүй гэсэн үг. Иргэд хэний ч баримтыг нэр дээрээ шивээд оруулж болно. Гэр бүлийнхнийхээ баримтыг нэр дээрээ шивээд оруулах боломжтой. Илүү мөнгө зарлаа гээд мөрдөж мөшгих шаардлага огт байхгүй" гэж онцолно лээ. Танил хуульчаасаа энэ болгоомжлол хэр үндэстэйг сонирхоход  "Олсноосоо илүүг заржээ гэж байцаах хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй. Зардлаас татвар авна гэсэн хуулийн заалт хаана ч үгүй. Зөвхөн орлогоос л татвар авдаг" гэсэн хариу өгсөн юм. Тэгэхээр олсноосоо илүүг зарлаа гээд хэн ч байцаагдахгүй нь.

НӨАТ-ын шинэ хууль хэрэгжих болсон нь цаанаа нарийн шалтгаантай. Мэдээж  хэн нэг иргэний орлогыг хянаж нягтлах зорилго хэтээсээ байхгүй. Товчхондоо эдийн засгаа ил тод байлгая, эрүүлжүүлье гэсэн зорилгоор л  хэрэгжүүлж эхэлсэн хууль. Эдийн засаг эрүүл бус байгааг, хөшигний ард өчнөөн хөрөнгө мөнгө нуугдаж буйг саявтар хэрэгжээд дууссан Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль бэлхнээ харуулчихлаа.

Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэхийн өмнө далд эдийн засаг ДНБ-ий гуч орчим хувийг эзэлж байна, үүнийг ил гаргая гэцгээж  байв. Гэтэл хууль хэрэгжсэний дараа далд эдийн засаг төсөөлж байснаас ч илүү өндрөө авсныг дээр, дооргүй мэдэцгээсэн. Тодруулж хэлбэл Ил тодын хууль хэрэгжсэнээр 34.7 их наяд төгрөгтэй тэнцэхээр хэмжээний хөрөнгө орлогыг нууж байсан нь ил болсон юм. Улсын ДНБ-ийг бараг хоёроор үржүүлсэнтэй тэнцэх хөрөнгө ил гарна гэдэг бол асар том тоо. Хэрвээ энэ бүхнээс татвар авч байсан бол хэдий хэрийн мөнгө төсөвт төвлөрөх байсныг тооцоод үзье."Чингис" бондыг өлхөн төлчих мөнгө татвараар цуглах байж. Ганц биш бүр хоёр "Чингис" бондтой тэнцэх хэмжээний татварыг өнгөрсөн хугацаанд авч чадаагүй юм билээ.

Хөшигний ард байгаа эдийн засгийг ил болгож, хууль номоороо татвар хураамжаа авах нь энгийн иргэдэд ямар нөлөөтэйг бодоод үзье. Наад зах нь төсөвт мөнгөжих хэрээр  сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээнд зардаг мөнгө ихэснэ. Хоёр "Чингис" бондтой тэнцэх мөнгөний татвараа авсансан бол ядаж л намрын намарт сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй гэх асуудал арилах байж. За тэгээд далд эдийн засаг ил байсан бол эрүүл мэндийн салбарт гэхэд  хэд хэдэн хүүхдийн эмнэлэг барьчихаар мөнгийг төсвөөс өгөхөөр байжээ. НӨАТ-ын хуулийн зорилго ерөөсөө энэ. Давтаад хэлэхэд НӨАТ-ын шинэ хуулийн цаад зорилго нь ил тод, эрүүл эдийн засаг.

Уг нь НӨАТ-ын шинэ хуулийн хэрэгжих загвар тун энгийн.  Иргэд худалдан авалт хийсэн бол баримтаа авч цахим хуудсанд бүртгүүлнэ, ингэснийхээ төлөө хоёр хувийн урамшууллыг төрөөс буцаан авна. Нийт худалдан авалтын хоёрхувийг  буцааж иргэдэд өгөх нь мэдээж  эдийн засагт ч хэрэгтэй. Хоёр хувиа буцааж авсан хүмүүс эргүүлээд худалдан авалт хийнэ. Хүнээр бол цусны эргэлт нь сайжирч байгаа хэрэг л дээ.

Худалдан авалт бүрээ бүртгүүлэхээр орлого, зарлага нь нууц байж чадах болов уу гэсэн болгоомжлол зарим иргэдэд бий. Иргэдийн төлбөрийн баримтын мэдээлэлтэй  мэдээллээ дамжуулж буй иргэдээс гадна татварын алба, статистикийн алба л танилцах эрхтэй юм билээ.

НӨАТ-ын шинэ хуулийн үр дүн  эхнээсээ гараад эхэлчихэж. Улсын хэмжээнд 100 мянга гаруй аж ахуйн нэгж ажилладаг.  41000 гаруй аж ахуйн нэгжээс  нь баримт ирсэн гэдэг бол хууль хэрэгжээд хэдхэн сар болсон гэхэд тун давгүй үзүүлэлт. Баримтын тоо ч  хурдтайгаар өсч байгаа юм билээ. Еbarimt.mn-д бүртгүүлээд явж байгаа 600 гаруй мянган хүн бий гэсэн. Хоёр хувийн буцаан олголтын хэмжээ ч эрс өссөн гэх мэдээг ГТЕГ-аас өгч буй.  НӨАТ-ын системд холбогдсон кассын машин гэхэд 34 мянгаар тоологдож байна. Сугалаанд хожсон баримтын тоо 70 мянга хол давжээ. Сугалааны хонжворын хэмжээ гэхэд бараг гурван тэрбумд хүрчээ.

Сугалаа явууллаа гэсэн шүүмжлэл бас бий. Сугалааны тухайд бусад улсад ч хэрэглэдэг жишиг. Зарим улсад бүр юм худалдан авсан кодтой баримтаа буяны байгууллагад хандивладаг юм байна. Тийм  баримт бэлгэнд авсан буяны байгууллагуудын хувьд төрөөс өгөх татварын хөнгөлөлтийг хүртэж, сугалаанд оролцож азтай бол хонжвороо аваад явдаг гэсэн үг. Манай улсын хувьд дэлхийн ихэнх орны жишгээр яваандаа цааснаас татгалзах юм билээ. Одоогоор дөнгөж хэрэгжиж эхэлсэн гэдэг утгаараа цаасаар баримтжуулах гарцаагүй шаардлага байгаа гэж дуулдсан. Тайваньд гэхэд л НӨАТ-ын хуулиа яг манайх шиг хэрэгжүүлсэн үе нь 1953 оноос эхтэй. Халуун орон учраас хурааж цуглуулсан цаасан баримтууд нь  хөгцөрч, татварын газар нь цаасандаа дарагдан бөөн асуудал дэгдэж байж. Ийм шалтгаанаар тун удалгүй цахимжиж байжээ. Манай улсын хувьд ч нэг их удалгүй цааснаас татгалзах бодлого барихаар төлөвлөж байгааг сая дурдлаа.

Худалдан авалт бүрийг цахимаар бүртгээд эхлэхээр бас нэг давуу тал үүснэ. Тодруулж хэлбэл татварын байцаагчид авлига авдаг гэсэн шүүмжлэл арилна. Бүх мэдээлэл ил болоод ирэхээр өчнөөн татварын байцаагч ажиллуулж  илүү мөнгө төсөвлөх шаардлага гарахгүй. Хууль амжилттай хэрэгжсэнээр юуны өмнө татварын байцаагчдын тоо эрс цөөрөөд ирэх юм билээ. За тэгээд байцаагчид компаниудаар явж дарамталлаа, авлига авлаа гэх хэл яриа гарахаа болино. Компаниудын хувьд ч байцаагчаар шалгуулж цаг заваа үрэх шаардлагагүй болоод ирнэ. Баримтаа татварын газарт явуулчихад л элдэв зовлонгүй бизнесээ эрхлээд явах боломжтой. Бүх мэдээлэл нь ил байхад төрөөс компаниудаа ахин дахин шалгах ч шаардлага үгүй болно. Тэгэхээр компаниудыг айлгадаг хүнд суртал ч НӨАТ-ын шинэ хуулийн ачаар арилаад өгөх нь.

НӨАТ-ын шинэ хууль хэрэгжсэнээс болж бараа, бүтээгдэхүүний үнэ өслөө гэх шүүмжлэл бий. Харин эдийн засагчид ингэх боломжгүй гэсэн тайлбар өгч байна. Суутган төлөгчдийн тухайд татвар ногдуулах хувь хэмжээ нь гэхэд л өмнөх хуульд заасан  шиг 10 хувь. Өмнө нь  төлсөн НӨАТ-аа хасах боломж ч урьдын хэвээрээ. Худалдан авалтын хасалт хийгээд явчихна. Татвар ногдуулах аргагчлал ч өөрчлөгдөөгүй. Суутган төлөгч бус хүмүүсийн хувьд ч онцын өөрчлөлт гараагүй байна. Өмнө нь 10 сая төгрөгөөс дээш орлого олдог хүмүүст НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж байсан бол одоо орлогыг нь 50 сая болгоод нэмчихсэн. Эсрэгээрээ компаниудад хэрэгтэй өөрчлөлт орсон гэсэн үг. НӨАТ тайлагнах үүрэг өмнөх хуулиар байгаагүй, одоо ч ялгаагүй тийм үүрэг байхгүй.

Эцэст нь хэлэхэд НӨАТ-ын шинэ хууль иргэдэд дарамт биш, харин ч өмнө нь авч чаддаггүй байсан хоёр хувийн урамшууллаа авах боломжийг өгч байна.  Харин компаниудадтатварын хяналт шалгалтын тоо, дарамт багасах, татварын тайлан боловсруулахад зарцуулдаг байсан мөнгөний хэмжээ буурах давуу тал бүрдээд байгаа юм. Улсын хэмжээнд гэж томоор харвал далд эдийн засаг ил гарах давуу тал бийг өмнө дурдсан. Товчхондоо НӨАТ-ын шинэ хуулийг  эдийн засаг хөгжиж тэлэх эерэг өөрчлөлтүүдийг авчрах хууль гэж дүгнэж болохоор байна.

Д.Мөнгөндалай