Л.Пүрэвсүрэн: АСЕМ бидэнд хэдий хэмжээний ашиг үлдээснийг тооцож гаргана


2016-07-16 17:27:32 0

Сэтгүүлч А.Ихсанаа /www.gogo.mn/

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн АСЕМ-ын уулзалтын үр дүнгийн талаар Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд хэвлэлийн бага хурал хийж байна.

Тус уулзалтад нийт 4000 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон бөгөөд эдгээр хүмүүс Монголд байх хугацаанд зочид буудал, унаа, хоол хүнсэнд хэдий хэмжээний мөнгө зарцуулсан гэдгийг удахгүй олон нийтэд зарлана гэдгийг сайд хэллээ.

Өнгөрсөн оноос эхлэн 18 сарын хугацаанд бэлтгэл ажлыг нь хангасан АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын ард гарлаа. АСЕМ-ын зочид төлөөлөгчид тус уулзалтыг амжилттай зохион байгуулсан гэдгийг онцолж байгаа юм. Тухайлбал ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Европын комиссын Дэд Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нар зэрэг зочид удаагийн АСЕМ-ын уулзалтыг их гүрнүүдийн G20, G7-ийн уулзалттай зүйрлэлээ гэдгийг сайд Л.Пүрэвсүрэн онцоллоо.

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах, төр, Засгийн тэргүүнүүдийг хаана, хэнтэй суулгах зэрэг дипломатууд ажиллан маш том туршлага хуримтлуулжээ. 

АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтад гар бие оролцсон төрийн албаныхан, сайн дурынхан, төрийн бус байгууллагынхан, бүтээгдэхүүнээрээ туслалцаа үзүүлсэн үйлдвэр, компаниудад, үүрэн холбооны операторууд, хувийн хэвшлийнхэнд баярласнаа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн онцгойлон хэллээ.

АСЕМ-ыг зохион байгуулсаны хамгийн чухал ач холбогдол бол Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд өссөн нь улс төрийн хувьд маш өндөр ач холбогдолтой гэв.

Тус уулзалтыг зохион байгуулахад 2016 онд Засгийн газраас 21 тэрбум төгрөг хуваарилж байсан. Энэхүү төсвөөр бид АСЕМ-ыг зохион байгуулж чадлаа. Тус хөрөнгөөр бид цагдаагийн ажилтнуудад тээврийн машин авсан, цагдаа, тусгай жолооч, орчуулагч, тогооч нарыг сургалтад хамруулах зэрэг бас зарцуулсан. Энэ хөрөнгө эргээд Монголдоо үлдэж байна гэдгийг Л.Пүрэвсүрэн сайд хэлсэн юм.

Түүнчлэн АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр таван айлчлалыг хүлээн авчээ. ОХУ-ын Дмитрий Медведев, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын айлчлал ирээдүйд хоёр улсын харилцаанд маш чухал ач холбогдолтой.

Хэвлэлийн хурлын сүүлд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж буй дараагийн арга хэмжээ юу вэ? 
-Бид маш олон хурал, арга хэмжээ зохион байгуулахаар жагсаалт гаргасан байгаа. Тухайлбал энэ сарын 18-нд Монгол-Солонгосын бизнес форум болно. Мөн ирэх сард Стокгольм хотод болох хүний эрхийн тухай хурлыг Монгол Улс алхална зэрэг маш олон жагсаалт байна.