богино мэдээ New

Хөвсгөл рүү “Үл итгэл”-ийн нүүдэл нүүж байна

хэрэв эрт цагтсан бол өрсөлдөгчөө дарж чадахгүй арга барагдвал нутгийн олондоо итгэхгүй гаднын дайсанг урьж мэдэх нэгэн аж..

Царцаа нүүж байна. Гэхдээ “хүн царцаа”-н нүүдэл, үл итгэлийн нүүдэл нүүж байна.

Аман дээрээ нутгийн хүү, та нартаа би итгэж байна гэх ч ачир дээрээ та нар намайг сонгохгүй дээ, гэх хар сэтгэлийн үүл нүүж байна. Нутгийн олондоо итгэх итгэлгүйн улмаас надад санал өгөөч гэж хаа холоос хүмүүс зөөж, үл итгэлийн гал манаж байгаа хүмүүс юутай аюултай.

Хөвсгөл нутгийн хэзээнээс Монгол төрийн тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн гал асч, туургат төрийн төлөөх тэмцэлд хатаагдсан нутаг. Харь гаднаас дайсагнагч этгээдийг үл нэвтрүүлэх хатан тангарагтай эрсийн нутаг. Өвөр зуураа алалдсан ч гаднын дайснаас өмгөөлөл эрээгүй баатарлаг эрсийн өлгий.

Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүн болж, төрд гарахын төлөө гаднаас хүмүүс зөөж байна. Хэрэв чадал нь мэдэл нь хүрвэл гаднын иргэдийг ч авчирч мэдэх аюул тэнд нүүрлэжээ. Эх орноо, элгэн нутгаа, эгэл олноо хуурч, худалдах хэнээрхэлд автагсадыг эх орноосоо “урвагсад” гэж хэлэхэд ч багадам.

Нутгийн зондоо итгэхгүйн улмаас гаднаас “царцаан нүүдэл” зохион байгуулж байгаа хүмүүс өрсөлдөгчөө дарахын тулд гаднын “дайсан”-ыг эх нутагтаа урин авчирч байгаагаас ялгаа юун. Тэртээх он жилүүдийн буурал түүх хуучираагүй байнам.

Шадар ван Чингүнжавыг дарахын тулд Манжаас цэрэг, зэвсгийн тусламж гуйж, эргээд манж нарын дарлалд орсон гашуун түүх сэтгэл рүү цоргиж байна. Урьсан дайсан эргээд гардаггүй аюултай. Харин бусдыг урьж санал өгүүлж ялалт байгуулагсад эх нутагтаа эргэж ирэн, орон нутгаа хөгжүүлнэ гэдэг юу л бол.

Нутгийн хүү хэмээн цээжээ дэлдэж, монгол баатар эрийн дүрийг зохион бүтээж, сурталчилгаа хийсэн Л.Мөнхбаатар хэрэв эрт цагтсан бол өрсөлдөгчөө дарж чадахгүй арга барагдвал нутгийн олондоо итгэхгүй гаднын дайсанг урьж мэдэх нэгэн аж.

Хоймор сайхан нутагтаа бусдыг урин дуудаж, нутгийн олондоо үл итгэн надад санал өгөөч гэж байгаа нь “миний дайснуудыг дарж өгөөд нутгийг минь ав” гэж байгаагаас юуны өөрц. Хөвсгөл нутгийн түмнээ түшээд очсон П.Цагаан гэдэг хүнийг ялахын тулд ингэж аашилж байгаа хүнд эх нутаг элгэн зоноо гэх халуун сэтгэл байгаа гэдэгт итгэх арга алга. Уг нь төрж өссөн нутагтаа өрсөлдөж байгаа хүн хийморь өөдөө, худал хулгайгаас ангид “царцаан нүүдэл”-ийг урин дуудахгүй өрсөлдсөн бол сайхан байлаа. Ялсан ч, ялагдсан ч нэр цэвэр, сэтгэл бүтэн байх шиг сайхан зүйл үгүй. Нутагтаа бусдыг уриад ялна гэдэг зон олныхоо эрх чөлөөг дайсандаа бэлэглэж буйгаас ялгаа юу билээ.