АСЕМ ба Монгол Улс


2016-06-27 23:46:21 0

1. АСЕМ-ын үүсэл ба цар хүрээ

21 дүгээр зуунд Ази болон Европ тивийн хоорондын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх нь хоёр бүс нутгийн ашиг сонирхолд нийцнэ гэдгийг хоёр тивийн улс орнууд хүлээн зөвшөөрдөг. Үүний үндсэн дээр 1994 оны 11 дүгээр сард Сингапур болон Франц улсын зүгээс Европын Холбоо болон Азийн орнуудын Дээд түвшний уулзалтыг хийх санаачилга гаргаснаар АСЕМ /Ази-Европын уулзалт/ хэмээх өөрийн гэсэн онцлог бүхий яриа хэлцээний индэр үүсэн бий болжээ. Ингээд 1996 оны 3 дугаар сард Тайланд улсын нийслэл Бангкок хотноо АСЕМ-ын анхны Дээд хэмжээний уулзалт болсон байна. Энэ уулзалтад 25 орны төр, засгийн тэргүүн нар оролцож байсан бол өнөөдөр 20 жилийн дараа уг тоо хоёр гаруй дахин нэмэгдэв.

Сүүлийн 20 жилийн хугацаанд түнш орнуудын цар хүрээ өргөжин тэллээ. Өнөөдөр АСЕМ нь Ази тивийн 21, Европын 30 улс, 2 олон улсын байгууллага /Европын Холбооны Комисс, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар/-ыг нэгтгэсэн албан бус яриа хэлэлцээний үйл явц болж өргөжжээ. Өдгөө АСЕМ-ын орнуудад дэлхийн хүн амын 63 хувь нь амьдарч, тэд дэлхийн ДНБ-ний 50 орчим хувийг бүтээж, дэлхийн худалдааны эргэлтийн 60 хувийг гүйцэтгэж байна.

2. АСЕМ ба Монгол Улс

Монгол Улс 2008 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болсон АСЕМ-ын Дээд түвшний 7 дугаар уулзалтын үеэр гишүүн орнуудын олонхийн дэмжлэг аван уг яриа хэлэлцээрийн механизмд албан ёсоор оролцох боломжтой болсон юм. Түүнээс хойш болсон бүхий л Дээд түвшний уулзалтуудад манай улс Ерөнхийлөгчийн түвшинд оролцож ирлээ.

Өнгөрсөн онд Итали улсын Милан хотод болсон АСЕМ-ын 10 дахь удаагийн Дээд түвшний уулзалтаар 11 дэх удаагийн Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах эрхийг Монгол Улсад өгсөн нь монголчуудад асар өндөр итгэл хүлээлгэж буйг нотлон харуулсан юм. Энэ эрхийг өгсөн нь бидэнд тохоосон хүнд хэцүү үүрэг даалгавар бус харин ховорхон тохиох боломж завшаан гэж олзуурхан харах хэрэгтэй.

Долдугаар сард манай улсад болох Дээд түвшний уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болой. Монголчууд бид 2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын бага хурал, 2015 онд Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын чуулганыг эх орондоо амжилттай зохион байгуулсан нь удахгүй болох Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах боломж чадвартай гэдгийг нотлон харуулсан хэрэг юм.   

3. АСЕМ-ын уулзалтыг Монголд зохион байгуулахын ач холбогдол

Ардчилал, зах зээлд шилжиж, гадаад бодлогын үзэл баримтлалаа шинэчилснээс хойшхи 26 жилийн хугацаанд манай улсын нэр хүнд олон улсын тавцанд тасралтгүй өссөөр байгаагийн нэг нотолгоо нь АСЕМ-ын ээлжит их цугларалт Улаанбаатарт болох гэж буй явдал юм.

Олон улсын харилцааны салбарт дэвшүүлж буй аливаа санал санаачилга, мөн аливаа өндөр дээд түвшний уулзалтуудын үр дүн тэр даруйдаа гардаггүй, ач холбогдол нь алс хэтдээ мэдрэгдэж эхэлдэг нь түгээмэл зүй тогтол.

Гэсэн хэдий ч 7 дугаар сард манай оронд болох Дээд түвшний уулзалт болон дагалдах 10 орчим хурлын ач холбогдол, үр дүнг дараах хэд хэдэн байдлаар урьдчилан тодорхойлохыг хичээлээ.

Улс төрийн ач холбогдол. Юуны өмнө, Монгол Улсын нэр хүнд, байр суурь, оролцоо олон улсын тавцанд өснө гэдгийг дурдах нь зүйтэй. Өмнөх олон улсын хурлуудаас энэ удаагийн арга хэмжээ цар хүрээ, оролцогчдын зиндааны хувьд ахиж байгаа нь манай улс олон улсын тавцанд итгэл олж, үүрэг хариуцлага хүлээж чадахуйц хэмжээнд хүрснийг илтгэж байна.

Жижиг улс орны хувьд монголчууд бид хувьсал хөгжлийн эргүүлэгт татагдан орж урсгал даган явах бус харин олон улсын харилцаанд өөрийн гэсэн зам мөрөө гарган байнга идэвхтэй байх нь оршин тогтнохуйд маань нөлөөлнө.   

Энэ удаагийн Дээд түвшний уулзалт нь олон улсын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр бэлтгэгдсэн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд бодитой ахиц авчрах нь дамжиггүй. Манай улс зөвхөн Европ, Азийн дунд буюу өрнө дорнын иргэншлийн зааг дээр оршдог төдийгүй дэлхийн бусад бүс нутгийн уулзварт байрладаг. Ийм учраас олон улсын хурал, чуулганыг зохион байгуулах тал дээр туршлага хуримтлуулснаар цаашдаа дэлхийн болон бүс нутгийн чанартай хурал зөвлөгөөнийг байнга явуулдаг төв болох үүд хаалга нээгдэнэ. Түүгээр зогсохгүй алсдаа олон улсын байгууллагуудын салбар болон төвүүд Монголд байрлах магадлалтай бөгөөд энэ нь эдийн засгийн ач холбогдолтой төдийгүй аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бататгасан алхам болно.  

Түүнээс гадна, Дээд түвшний уулзалтыг зохион байгуулснаар хоёр их гүрний дунд байрлалтай Монгол Улсын явуулж буй “гуравдагч хөрш”-ийн бодлого бодит агуулгаар баяжина. Ялангуяа хоёр их хөрш болон Япон, Өмнөд Солонгос, Европын орнууд зэрэг гуравдагч хөршүүдийн төлөөлөл бүхий АСЕМ-ын яриа хэлэлцээний механизмд оролцох нь дээрх бодлогыг хэрэгжүүлэхэд нэн тустай.

Өөр нэгэн ач холбогдлыг дурдая. Манай улс Зүүн Хойд Ази, Зүүн Азийн эдийн засгийн интеграцид нэгдэн, тус бүс нутгийн эдийн засгийн эрчимтэй өсөлтийн хүрээнд багтахыг эрмэлзэж байгаа. Гэтэл үүнээс үүдэн Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа сулрах магадлал бий. Харин АСЕМ-ын зөвлөлдөх механизмд идэвхтэй оролцон, холбох үүрэг гүйцэтгэснээр энэхүү хоёрдмол байдлыг цэгцлэн багасгаж чадах юм.

Эх орноо сурталчлах боломж. Улаанбаатарын АСЕМ-ыг сурвалжлахаар дэлхийн хэвлэл мэдээллийн 1200 гаруй ажилтан ирнэ гэсэн урьдчилсан тоо гарчээ. Мянга гаруй хүн өөр өөрийн өнцгөөс Монгол орныг харж бичих учраас манай олон мянган жилийн түүх, зан заншил, соёл урлагийг урьд өмнөхөөс илүү гүнзгий сурталчлан таниулах, улс орныхоо хөгжил дэвшил, нийгэм улстөрийн тогтолцоо хийгээд ард түмнийхээ аж амьдралыг харуулах өргөн боломж нээгдэж байна гэсэн үг. Өнөөдөр дэлхий дахин бидний тухайд “Чингис хааны үед их гүрэн байгуулж байсан хүмүүс” эсвэл “уул уурхайн салбар нь эрчимтэй хөгжиж байгаа улс” гэсэн ерөнхий ойлголттой байгаа. Тэгвэл АСЕМ-ын уулзалт болж буй энэ завшааныг ашиглаад улс орноо дэлхийн тавцанд өөр өнцгөөс буюу хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэн дэвшин хөгжиж буй үндэстэн гэдгээ харуулах нь зүйтэй. Монголчууд бид ямагт эв эеэ хичээн, хөгжлийн ирээдүйн төлөө тууштай байж чаддаг гэдгээ олон улсын энэхүү чухал арга хэмжээний үеэр харуулах ёстой.

Эдийн засгийн ач холбогдол. АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын өмнөхөн Ази-Европын бизнесийн чуулган болно. Энэ үеэр Монголын бизнес эрхлэгчид шинэ түншүүдтэй болох, хуучин түншүүдтэйгээр харилцаа холбоогоо зузаатгах, бизнесийн урт богино хугацааны гэрээ хэлцэл байгуулах боломжууд гарч ирэх нь ойлгомжтой. Ингэснээр сүүлийн жилүүдэд биднээс илтэд дайжих болсон гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг эргүүлэн татаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж чадахаас гадна нэлээд татрах шинжтэй болоод буй жуулчдын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Дашрамд тодруулахад, энэ уулзалтыг амжилттай зохион байгуулснаар Монгол Улсад бизнесийн /ажил хэргийн/ аялал жуулчлал гэдэг аялал жуулчлалын төрөл дэлхийн жишгийн дагуу хөгжих суурь үндэс тавигдах юм. Бизнесийн аялал жуулчлал гэдгийг ерөнхийд нь тодорхойлбол, үйлчлүүлэгч, түншүүдтэйгээ хийх ажил хэргийн уулзалтууд болон үзэсгэлэнг зохион байгуулах, оролцоход чиглэсэн үйл ажиллагаа юм. АСЕМ зэрэг дэлхий болон бүс нутгийн түвшний аливаа уулзалтыг зохион байгуулснаар тухайн улсын агаарын тээврийн компаниуд, зочид буудлууд, зоогийн газрууд, аялал жуулчлалын компаниуд, худалдаа үйлчилгээний төвүүд зэрэг олон салбарынхан үр шимийг нь хүртдэг. 

Нүдэнд харагдаж, гарт шууд баригдах материаллаг тал буюу ашиг орлогыг нь дурдая. Наад зах нь гэхэд 4-5 мянган хүн нэг дор Улаанбаатарт ирэх учраас визний хураамжнаас эхлээд зочид буудлуудын орлого нэмэгдэнэ. Нийслэлийн зочид буудлуудын үйлчилгээний чанар, соёл илт сайжрах учиртай. Түүнчлэн, дэд бүтэц, хил гааль, аюулгүй байдлын чиглэлээр олон улсын стандарт нэвтэрч, техник технологийн шинэчлэл хийгдэнэ. 13 гудамжийг шинэчлэн тохижуулснаар нийслэл хот маань “нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмссөнөөр” өнгө төрх нь улам сайжирна. Автозамын нэвтрүүлэх хүчин чадал сайжирна гэх мэтчилэн амьдрал ахуйд шууд өгөөжөө өгөх бүтээн байгуулалтууд өрнөнө. Түүний сацуу, жижиг үйлдвэрлэгчдээ дэмжиж, хийж урласан зүйлийг нь гадны зочид төлөөлөгчдөд гарын бэлэг болгон өгөх гэх мэтээр бага гэж чамлахааргүй олон боломж бий.

АСЕМ бол манайх шиг дэлхийд төдийлөн танигдаагүй улс оронд маш чухал ач холбогдолтой арга хэмжээ мөн. Цочроох буюу бүтээлч хандлагыг сэдрээх ямар нэгэн том хөдөлгөгч хүч үгүй бол монголчууд бидний дунд цалгар наазгай байдал ноёлсоор, урагшлах хүсэл тэмүүллээ бага багаар гээсээр байдаг дутагдал бий. Энэ бол аль эрт социализмын үеэс улбаатай зүйл. Тэгвэл АСЕМ-ын хурал Монголд болсноор наад зах нь гэхэд төрийн албаны болон үйлчилгээний ажилтнуудын ажилдаа хандах хандлага, сэтгэлгээ, арга барилын тал дээр бүхэл бүтэн нэг шатаар ахиц гарах нь гарцаагүй.

Өөр нэгэн өнцгөөс эдийн засгийн ач холбогдлыг нь дүгнэвээс, Европоос Ази руу чиглэсэн Оросын сонирхол, Азиас Европыг чиглэсэн Хятадын сонирхлын уулзвар дээр оршдогийн хувьд эдийн засаг, тээвэр, дэд бүтцийн төслүүдийн зангилаа болох боломж бидэнд бий. Харамсалтай нь, энэ хоёр урсгал биднийг тойрч гарах гэсэн хандлага сүүлийн үед илт анзаарагдах болов. Ийм учраас зөвхөн газарзүйн хувьд тохиромжтой байршилтай төдийгүй хамтын ажиллагааны таатай орчин байж чадна гэдгээ АСЕМ-ын чуулганы үеэр харуулж, хоёр хөршөө “гуравдагч хөршүүд”-ээр “ятгуулах” боломж бий. 

АСЕМ-ын удирдагчдын цугларалтын дагалдах арга хэмжээнүүдийн явцад хүмүүс хоорондын харилцаа, иргэний нийгмийн харилцаа бэхжих нь дамжиггүй. Дээд түвшний уулзалтын өмнө гишүүн орнуудын нийгмийн янз бүрийн төлөөллийг хамарсан 10 орчим тооны арга хэмжээ болно гэж дээр дурдсан. Тухайлбал, Залуучуудын чуулган, фермерүүдийн сургалт, редакторуудын дугуй ширээний ярилцлага, иргэний чуулга уулзалт гэх мэт. Ганцхан жишээгээр төсөөлж бодоход, АСЕМ-ын орнуудын оюутан залуусын хувьд Монголд ирээд заавал “Шангрила”, “Чингис хаан”, “Улаанбаатар” гэх мэт зэрэглэл өндөртэй зочид буудлуудад тансаглах шаардлагагүй, харин оюутны байранд байрлангаа монгол найз нөхдийнхөө ахуй байдалтай танилцах маягаар “даруухан” байхаар зохицуулах боломжтой.

Төгсгөл. Аливаа зүйл ямагт хоёр талтай байдаг. АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болон дагалдах 10 орчим тооны хурал зөвлөгөөнийг зохион байгуулахад одоохондоо тодорхой хэмжээний зардал чирэгдэл гарч, эдийн засагт бага зэргийн дарамт учрах боловч алс хэтийг харваас улстөр, эдийн засаг, нийгэм, соёлын ач холбогдол нь хавьгүй их байх болно. 

                                                                                                                             Б.Адъяахүү

Эх сурвалж: Монгол Улсын Гадаад хэргийн яамны Дипломат академи-аас хэвлэн гаргасан “АСЕМ ба Монгол” товхимлоос иш татав.