“АСЕМ”-ын тухай


2016-06-27 23:38:25 0

      Ирэх сарын15-16-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо АСЕМ-ын орнуудын Дээд хэмжээний чуулга уулзалт болно. АСЕМ (Asia-Europe meeting) гэдэг нь Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээний хамтын ажиллагааны байгууллага юм: Энэ байгууллага 1996 онд 26 гишүүнтэйгээр байгуулагдсан. Эдүгээ хоёр жил тутамд хуралддаг ба 51 орон, олон улсын хоёр байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ.

Монгол Улс 2008 онд Бээжин хотноо чуулсан долоо дахь удаагийн уулзалтаар АСЕМ-ын гишүүн орон болж элссэн байна. Австрали, Австри, Бангладеш, Бельги, Бруней, Болгар, Камбож, Хятад, Кипр, Чех, Дани, Эстон, Финлянд, Франц, Герман, Грек, Унгар, Энэтхэг, Индонез, Ирланд, Итали, Япон, Өмнөд солонгос, Лаос, Латви, Литва, Люксембург, Малайз, Мальт, Монгол, Мянмар, Нидерланд, Шинэ Зеланд, Норвег, Пакистан, Филиппин, Польш, Португали, Румын, Орос, Сингапур, Словак, Словен, Испани, Швед, Швейцарь, Тайланд, Англи, Вьетнам, Европын холбоо хамаардаг.

Гишүүн орнууд дангаараа буюу хамтран тодорхой чиглэлээр хөтөлбөр, санаачлгуудыг хэрэгжүүлэх нь АСЕМ-ын үйл ажиллагааны гол хэлбэр юм. Одоогийн байдлаар улс төрийн салбарт 14, эдийн засгийн салбарт 51, нийгэм соёлын салбарт 41 санаачилга хэрэгжиж байна. Тухайлбал, Ази-Европын залуу удирдагчдын форум, Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааны хөтөлбөр, Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн чуулган, Хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагааны хөтөлбөр, Мэдээллийн технологи харилцаа холбооны хөтөлбөр, Их дээд сургуулиудын оюутан солилцооны хөтөлбөр, ДОХ-ын эсрэг хамтын ажиллагааны хөтөлбөр, АСЕМ-ын орнуудын хүүхдийн наадам гэх мэт олон төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг.

АСЕМ-ын үйл ажиллагааны бас нэгэн том институци нь Ази-Европын сан юм. Хоёр тивийн ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготойгоор 1997 онд байгуулагдсан. Сан нь оюуны солилцоо, иргэд хоорондын солилцоо, соёлын солилцоо, олон нийтийн харилцах гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ази-Европын сан нь АСЕМ-ын гишүүн орнуудын Засгийн газар, хувийн хэвшлийнхний хандиваар санхүүждэг. Гишүүн орнууд сайн дурын үндсэн дээр санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ шийдэх эрхтэй боловч сангийн үйл ажиллагааны урт хугацааны тогтвортой байдлыг хангах үүднээс хандив өргөх нь гишүүн орнуудын ёс суртахууны болон улс төрийн үүрэг хэмээн үздэг. 2006 онд Финляндын Хельсинк хотноо болсон уулзалтаас сангийн тогтвортой байдлын тухай баримт бичгийг батлан гаргасан.  Гишүүн орнуудыг А, В, С гэсэн түвшинд хувааж хандивын хэмжээг 3:2:1 гэсэн харьцаатай байхаар заажээ. Камбож, Лаос, Мянмар зэрэг орнуудад С түвшний хандивын 80 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр тогтжээ.

АСЕМ-ын чуулга уулзалтанд оролцогч талууд аливаа асуудалд байр сууриа чөлөөтэй илэрхийлэн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудаа хэлэлцдэг давуу талтай. 2010,2012,2014 онд болсон Дээд түвшний 8,9,10 дахь уулзалтанд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон бөгөөд Дэлхийн эдийн засаг, санхүүгийн асуудал, Нийгэм соёлын хамтын ажиллагаа, Бүс нутгийн асуудлууд, АСЕМ-ын цаашдын хөгжлийн чиг хандлага, Уур амьсгалын өөрчлөлт зэрэг хэлэлцүүлэгт Монгол улсын байр суурийг илэрхийлж, АСЕМ-ын хүрээнд бусад түнштэй хамтран ажиллах чиглэлийг тодорхойлжээ.

АСЕМ-ын уулзалтын хүрээнд Гадаад хэргийн сайд нарын уулзалт, Санхүү эдийн засаг, байгаль орчин, соёл, хөдөлмөрийн сайд нарын уулзалт, Ази-Европын ард түмний форум, Ази-Европын бизнес форум зохион байгуулагддаг. Эдгээр чуулга уулзалтуудын бэлтгэл ажлыг хангах “Ахлах албан тушаалтнуудын уулзалт” жилд 2-3 удаа болдог бөгөөд Дээд хэмжээний уулзалт, сайд нарын хуралдааны бэлтгэл хангах, түнш орнуудаас дэвшүүлж буй хамтын ажиллагааны саналуудыг судлах зэрэг үүргүүдийг гүйцэтгэдэг байна.