богино мэдээ New

Г.Сэржбаяр: Гурван хүн тутмын нэг нь хеликобактерийн халдвартай

Тус бактериар үүсгэгдсэн, үрэвсэл эхэн үедээ шинж тэмдэг илрэх нь бага. Хеликобактери нь ходоодны салстыг үрэвсүүлэх, шархлаа үүсгэх, магадгүй ходоодны хорт хавдарын урьтал өвчин үүсгэх буюу даамжирвал шинж тэмдэг илэрнэ..

Г.Сэржбаяр: Гурван хүн тутмын нэг нь Хеликобактерийн халдвартай

 

Хүний биед орсон бактеруудаас хамгийн хортой бактериудын тоонд  хеликобактери байна. Энэхүү бактер нь хүний гэдэс ходоодны үрэвсэл шархлаа үүсгэхээс гадна цаашдаа хөнөөл нь даамжирвал ходоод гэдэс болон элэгний хорт хавдар үүсгэх шалтгаан болдог байна.  Цахиур.мн сайтын “Эмчээс асууя” булангийн энэ удаагийн зочноор “Анагаах ухааны хүрээлэн”-ийн хавдар судлалын судлаач эмч, Г.Сэржбаяр оролцож энэ талаар хариулт өглөө.  

  • Хеликобактери хүний биед юунаас болж үүсдэг вэ?
  • Хеликобактери нь өөрөө эмгэг төрөгч бактери гэж үздэг. Хүний биед халдвар дамжиж орсноор өвчин үүсгэж байна гэсэн үг. Гэхдээ тухайн лабораторийн шинжилгээгээр хеликобактерийг үзүүлэхэд тодорхой нормал хэмжээ байдаг. Хэмжээнээс доогуур буюу харьцангуй бага байвал өвчин үүсгэх эрсдэл харьцангуй бага гэж үзэж хяналт хийдэг. Байх ёстой хэмжээнээс ихэссэн байвал хеликобактерийг устгах эмчилгээ хийнэ. Тус бактери нь өөрөө ходоодыг гэмтээх, ходоодны өвчин үүсгэх цаашлаад хавдар үүсгэх бактери хэмээн ДЭМБ баталсан
  • Хеликобактерийг хүний биед байх ёстой хэдий хэмжээнээс хэтэрвэл цаашдаа өвчин үүсгэх эрсдэлтэй гэж үздэг вэ?
  • Хеликобактерийн оношилгоо хэд хэдэн аргууд байдаг. Иргэн тухайн шинжилгээ өгч буй лаборатори ямар аппаратаар шинжилгээ авч буйгаас шалтгаалан тодорхой нэгжээр хэмжигдэнэ. Жишээ нь Лабораторийн цусны шинжилгээн дээр хеликобактери 0-40 байвал хэвийн гэж үзнэ. Харин энэ тооноос ихэссэн тохиолдолд хеликобактерийн халдвар идэвхитэй байна хэмээн үзэж устгах эмчилгээ хийх ёстой.
  • Хеликобактериэс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
  • Хеликобактерийг гэр бүлийн цаашлаад нийгмийн халдварт өвчин гэж үздэг. Учир нь гэр бүлийн аль нэг гишүүн хеликобактерийн    халдвар авсан тохиолдолд халдваргүй байсан бусад гишүүд тус халдварыг авах өндөр эрсдэл дагуулдаг. Ахуйн хэрэглээний буюу аяга таваг, халбага сэрээ гэх мэт зүйлээр халдварлана. Мөн тухайн хүний амьдралын хэв маяг тус халдварын эрсдэлд чухал нөлөөтэй. Жишээ нь хорт зуршил буюу архи тамхи, буруу хооллолт зэрэг нь тус халдвар хүний биед ихсэх, даамжрах эрсдлийг нэмэгдүүлдэг.
  • Тус бактерийн шинжилгээг хаана, аль эмнэлгийн байгууллагад өгөх боломжтой вэ?
  • Шинжилгээг тухайн иргэн харъяа дүүргийн эмнэлэгт хандаж өгч болно.  Хеликобактерийн шинжилгээг дэлхий дахинд хэд хэдэн аргаар хийж байна. Цусын шинжилгээ, мөн хялбар буюу хямд зардлаар хүний биеийн өтгөн энэхүү бактерийн шинжилгээг хийж байна.
  • Хүмүүс нүүрэн дээр үрэвсэл гарахад хеликобактеритэй болчихлоо гэж ойлгох тохиолдол цөөнгүй байдаг. Ер нь тус бактери хүний биед ихэссэн тохиолдол ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
  • Тус бактериар үүсгэгдсэн, үрэвсэл эхэн үедээ шинж тэмдэг илрэх нь бага. Хеликобактери нь ходоодны салстыг үрэвсүүлэх, шархлаа үүсгэх, магадгүй ходоодны хорт хавдарын урьтал өвчин үүсгэх буюу даамжирвал шинж тэмдэг илэрнэ. Түгээмэл илэрдэг шинж тэмдгүүд нь хоолны шингэц муудах, дуршил буурах,  хоол боловсруулах үйл явц удаашрах, өтгөн хатах, бага насны хүүхдийн амнаас эвгүй үнэр гарах, аюулхай дээр цанхайж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Ийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд та хеликобактерийн шинжилгээнд заавал хамрагдаарай гэж зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 1