Ж.Ганбаатар: Эмчийн ажил хамгийн сайхан гэхдээ хамгийн хатуу ажил


2016-03-31 16:16:03 38

-Эмчийн эрдэм чадал, үр дүн сувилагчийн хийсэн ажлаар илэрхийлэгддэг-

Тоймч Л.Баатархүү

    Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн эрхлэгч Ж.Ганбаатар эмчийг “Амьдралын хөрөг” буландаа урилаа. Түүнтэй эмч, сувилагч хүний ажил, амьдралын замнал, бахарлын талаар яриа өрнүүлсэн юм.

-Танд нийт уншигчдынхаа өмнөөс баярын мэнд хүргэе. Таны ижий, аав, нутаг ус хаанах вэ гэдгээс яриагаа эхэлье гэж бодож байна?

-Баярлалаа. Нийт уншигчиддаа энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Эх орны минь бас нэгэн гайхалтай байгальтай Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Бид эхээс есүүлээ, би дээрээсээ гурав дахь нь. Хоёр эрэгтэй, бусад нь охидууд. Тосонцэнгэлд одоо миний том ах, хоёр дүү  бас 80 гаруй настай буурал ижий маань амьдарч байна даа. Аав маань төр захиргаанд олон жил үр бүтээлтэй ажилласан.

Гэрэл зургийг Г.Ган-Өлзий

-Та хэдэн нас хүртлээ сумандаа байв?

-Арван жилийн сургуулиа төгсөх хүртлээ сумандаа байсан.

-Таныг эмч хэмээх бахархалт, хариуцлагатай ажилд чухам хэн хөтөлж оруулсан юм бол. Ер нь багаасаа эмч болохыг хүсэж, мөрөөдөж байв уу?

-Эмч гэдэг бол үнэхээр сайхан мэргэжил. Эхлээд ямар ч хүн ирээдүйн мэргэжлээ харагдах байдлаас нь ч юм уу хүсэж, мөрөөдөж эхэлдэг байх. Миний хувьд ч ийм л зүйл болсон юм. Эмч хүн гэдэг маш хүндэтгэлтэй, өөрөө ч бусдад их сайхан харагддаг. Хүүхэд байхад долоо, наймдугаар ангид ч юм уу даа манай суманд н.Сумъя гээд эмч байлаа. Манай аав заримдаа жаахан чилээрхдэг хүн байсан. Тэр эмчийг хараад л “энэ хүн шиг эмч болно доо” гэх бодол төрж байсан юм. Аавдаа зарим үед хүн гуйж тариа хийлгэнэ. Нэг удаа /есдүгээр ангид/ аавдаа булчин тариа хийхээр болов оо. Тухайн үед миний аав надад тариа хийхийг зааж өгч, би хийлээ. Тариа хийсний дараа аав минь намайг “Их зөөлөн гартай юм байна. Миний охин эмч болох нь” гэж урам өгч байсан санагдана. Чухамдаа тэр үеэс л өөрийгөө бараг л эмч болчихлоо гэх бодол, мөрөөдөл буусан даа. Эмч боллоо гэж өөртөө бүр итгэчхсэн /инээв/.

-Анагаахын сургуулиа хэдэн онд, хаана төгссөн бэ?

-Монголдоо. 1982 онд Анагахын дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөөд Тосонцэнгэл сумандаа хоёр жил сувилагчаар ажилласан. Дараа нь 1984-1990 онд тухайн үеийн Анагаах ухааны дээд сургуулийг зургаан жилээр сурч эмчилгээний анги төгсөж байлаа.

-Таны эл мэргэжлийг эзэмших мөрөөдөл тэр долоо, наймдугаар ангид төрж байж. Тийм эрт эмч болох том хүсэлтэй болчихсон хүүхэд бодвол тариулахаас бараг айдаггүй байсан байх, тийм үү?

-Өө айлгүй яах вэ.

-Их сургуульд хүнийг мэргэшил рүү нь хөтөлдөг, даадаг илүү дотно багш байдаг даа. Та ийм багш нараасаа дурсаж ярихгүй юу?

-Анагаах ухааны дээд сургуульд суралцаж байхад тухайн үед Монголын ёстой сор болсон мундаг эрдэмтэн, багш нар байлаа. Тухайлбал, н.Баасанжав багш, мөн эх барихын н.Жав, дотрын багш нараас н.Рагчаа, мэс заслын н.Долгор гээд мундаг багш нар байсан. Харин мэргэжлийн багш нараас мэдрэлийн н.Өлзийбаяр, н.Сүхбаатар, н.Лхагважав гээд эрчимт эмчилгээний чиглэлийн мундагчууд байв. Гэхдээ намайг эрчимт эмчилгээгээр ажил, амьдрал дээр багшилсан хүн бол одоогийн бидний энэ тасгийн сайчуудын нэг байсан унтуулга, эрчимт эмчилгээний эмч, Төрийн соёрхолт н.Эрдэнэ гуайг нэрлэнэ. Одоо багш маань гавьяаныхаа амралтанд гарчихсан байна.

-Эрчимт эмчилгээнийхээ чиглэлээр мэргэшээд хэддэх билдээ ажиллаж байгаа вэ?

-28 жил энэ мэргэжлээрээ мэргэшээд ажилласан байна.

Сувилагч мэргэжил хүнд хамгийн тустай, сайхан мэргэжил гэж хэлнэ

-Та эмч, сувилагчийн аль алинаар ажилласан хүн юм. Ер нь энэ хоёр мэргэжлийн онцлог ялгаа, хүнд хэцүү зүйлүүдээс нь хуваалцахгүй юу. Бас залуу насныхаа анхны ажилтан болсон дурсамжаасаа?

-Эмнэлгийн хамийн чухал ажил бол сувилагч гэж боддог. Эмч нарын гаргасан эрдэм чадал, ур чадвар, үр дүн нь сувилагчийн хийсэн ажлаар илэрч, гарч байдаг юм. Бидний бичсэн эмчилгээг сувилагч өвчтөнтэйгээ хэрхэн яаж харьцаж, яаж хийж буйгаас нь хамаарч өвчтөнд эерэг нөлөө илэрнэ. Сувилагч мэргэжил чухлаас гадна тэр хүний сэтгэл, харьцаа, уян зөөлөн байдал гэдэг бол үнэхээр сайхан зүйл. Ер нь хүнд хамгийн их тустай мэргэжил бол сувилагч гэж хэлнэ.

-Анагаах ухааны дээд сургуулиа төгсчихөөд хаана эмчээр очсон бэ?

-Завхан аймгийн Сонгино сумын хүний их эмч, эрхлэгчээр очиж байсан. Энэ суманд нэг жил ажилласан байдаг.

-Таныг яагаад эмнэлгийн хамгийн хэцүү гэмээр эрчимт эмчилгээг сонгосон юм бол гэх бодол төрж байна. Магадгүй өөр чиглэлээр мэргэшье гэж бодож байсан уу?

-Мэдээж байлгүй яах вэ. Би эмэгтэйчүүдийн эмч болно гэж боддог байлаа. Ер нь оюутан байхдаа эх барих, эмэгтэйчүүдийн улсын шалгалтандаа хүртэл онц авдаг, сүрхий оюутан байсан юм. Хичээлүүддээ ч нэлээд сонирхолтой. Хөдөө суманд ажиллаж ирчихээд буцаад нарийн мэргэжил эзэмших гэтэл эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлийнх олдоогүй хэрэг. Харин мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээнийх байсан. Энэ чиглэлээр л суралцаж өнөөдрийн миний бахархал, насны ажил болсон доо. Үүгээр суралцсандаа би хожсон гэж боддог.

-Эрчимт эмчилгээ гэдэг бол тэр болгон эмч, сувилагчийн тогтоод хийх ажил биш байх. Та тасгийн эрхлэгч байхаасаа өмнө сарын хэдэн хоногийг ажил дээрээ өнгөрүүлдэг байсан бэ. Тооцож үзсэн үү. Та нарын ажлын нөхцөлийг харахаар гэр орондоо бараг ховорхон байдаг юм болов уу гэх бодол төрж байна?

-Өнгөрсөн 2011 онд Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн юм. Түүнээс өмнө тасгийнхаа эмч байлаа. Өдөртөө хагалгаанд ороод шөнөдөө жижүүрт гарна. Сард ажил дээрээ яг хэдэн хоногийг өнгөрүүлдэг талаар бодож үзээгүй юм байна. Нэг гарахад 24 цаг болдог.

-Эмч хүний хариуцлага гэдгийг та өөрийнхөө үгээр тайлбарлахгүй юу?

-Хүний амь, нас бүх зүйл, бүр гэр бүл, найз нөхдийнх нь итгэл найдвар эмчийн хариуцлага дээр тогтож байдаг. Ялангуяа манай эрчимт эмчилгээ бол бүр өндөр хариуцлагыг хүлээлгэдэг.

Хүн эмчлэхэд мэдрэмж, хүн чанар чухал байдаг

-Хүн эмчлэхэд авъяас чухал уу. Аль эсвэл мэдлэг, туршлага чухал байдаг юм болов уу. Хүмүүс тэр гуай үнэхээр авъяастай эмч гэж ярьдаг?

-Энэ гуравын аль аль нь байх ёстой. Эмч хүн зөвхөн авъяастай байгаад мэдлэггүй бол нэмэргүй. Нөгөөтэйгүүр ноён нуруу, хувийн зан чанар, туршлага гэдэг үнэхээр чухал. Манай тасагт гэхэд өвчнөөсөө болж солиорох, ухаанаа алдах, элдэв буруу зөрүү ярих гээд өчнөөн зүйл болно. Энэ бүхэнд эмч хүн нуруутай байж мэдэрч, мэдэрсэндээ тааруулж зохих зөв гаргалгааг хийх нь зүйтэй юм. Эцэстээ хүнлэг чанар, мэдрэмж илүү хэрэгтэй. Ялангуяа амь тэмцсэн ийм тасагт мэдрэмж нэн хэрэгтэй шүү дээ. Мэдрэмжийн шаардлага өдөр бүр хэрэг болно.

-Эмч хүнийг би хувьдаа ширээний хойно суугаад зургаан жил онол үзээд төгсдөггүй. Сургуульд сурч байхдаа мэргэжилтэн болоод явдаг гэж ойлгодог. Таны сурч байхаас өнөөдрийн үеийн ялгаа ямар байна вэ?

-Манай эрүүл мэндийн чиглэлийн сургуулийн оюутнууд өглөө лекценд орлоо үдээс хойш дадлаганд ирж байна. Бусад мэргэжлийн сургуулиудтай харьцуулахад анагаахын сургуулиуд практик дээр суурилдгаараа онцлог. Бидний үед ч тийм байсан. Одоо ч хэвээрээ. Харин ч оюутнууд технологи, хэлний мэдлэг илүү болсон. Анагаахын олон сургууль байдаг нь өрсөлдөөнийг нэмэгдүүлээд сайн хэрэг. Бид багш нарынхаа лекцийг нэг бүрчлэн гараараа бичиж хүртдэг байлаа. Харин өнөөдөр техникийн эрин болсноос ч тэр үү хүүхдүүд утсаараа лекцийг бичлэг хийх, файлаар авдаг нь бас цаг хугацаа хожиж байгаа давуу тал гэх үү дээ. Мөн сурч буй залуусын хувьд чинь сэтгэлээсээ эмч болохыг хүсдэг нь хэд байдаг бол гэх эргэлзээ ч төрдөг. Өнгөрсөн жил бид манай нэг багшийн лекценд сууж байхад нэлээд олон оюутан эмчээр төгсөөд түүнээс цөөн хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа гэх мэдээ дуулсан. Зарим нь дэлгүүр ажиллуулж буй ч гэх юм. Тэгэхээр дээр ярьснаар дурлах, чинь сэтгэлээсээ мэргэжлээ хүсэх нэг ойлголт хэрэгтэй болно.

-Нэг нийтлэлчийн тэмдэглэлээс уншиж байсан санагдана. “Хөдөө хонио бариад гүйсэн ч эмч олдохгүй нь. Улсын томоохон эмнэлгүүд боломжоор хангъя гэсэн ч сувилагч олдохгүй нь” гэж. Тэр олон төгсөөд байгаа залуус яагаад мэргэжлээрээ ажиллахгүй байна вэ. Та үүнийг юу гэж бодож байна?

-Эмч, сувилагч маш их төгсөж байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар сувилагчийн хувьд ховор нь үнэн. Эрчимт эмчилгээн дээр жишээ авч ярихад манайд ажиллах эмч, сувилагч гэдэг бол ур чадварын хувьд маш өндөр, хүн чанар, хандлага, тэвчээр, хатуужлын хувьд сайн байх хэрэгтэй. Ядаж нойр, хоолгүй явахаас авахуулаад олон хэцүү зүйлийг бидний мэргэжил шаардаж байдаг. Бид хүнд, хортой нөхцөлд ажилладаг нь үнэн. Тухайн өвчтнөөс гарах ялгадас, биологийн элдэв төрлийн сөрөг нөлөөлөл гээд хэцүү шүү дээ. Түүнээс гадна эмч, сувилагчид эрүүл мэнд гэж маш чухал зүйл бий. Мэргэжилдээ хэчнээн дур сонирхолтой байлаа ч эрүүл мэнд нь муу бол мянга хичээгээд дийлэхгүй. Эмч болох гэж зорьж буй хүмүүс өөрийгөө илүү мэдрэх нь зөв юм. Ядаж өвчтнөөс гарах араншинг дааж чадах, ар гэрээ хүртэл сайтар тооцоолох хэрэгтэй. Эмчийн ажил маш сайхан, бас хариуцлагатай хүнд, хатуу зүйл.

Сувилагчаар ажиллаж байгаад эмч болсон хүн үнэхээр сайн эмч болдог

-Та сувилагч олдохгүй байгаа нь үнэн гэлээ. Мэргэжлээрээ ажиллахад сувилагч бага байгаагийн нэг шалтгаан нь тэдний үнэлэмж, цалин муу, зарим нь эмч болох гэж үргэлжлүүлэн суралцдаг зэрэг нөлөөлөл байдаг юм шиг нийгэмд ажиглагддаг?

-Сувилагч гэдэг мэргэжил хамгийн сайхан мэргэжил юм шүү. Хүнд тустай, хаана хэзээ ч ямар ч нөхцөлд өөрийгөө аваад явчихна. Аливаа хатуужлыг давж, хүнд аятайхан үйлчилж чадаж байна. Мөн гэрийн сайн ч хань байж чаддаг. Манайхны дээр үеийн ч гэмээр юм уу сувилагчийг тиймэрхүү үздэг сонин үзэл бий. Гадаадын орнуудад сувилагчийг маш өндрөөр үнэлж, нийгмийн асуудлыг нь хангасан байдаг юм билээ. Түүнчлэн сувилагч байж байгаад эмч болсон хүн маш сайн боловсон хүчин болдог. Бүр ялангуяа сэхээн дээр ажиллаж байсан сувилагч бүр илүү сайн амьдралын хаттай эмч болно. Нөгөөтэйгүүр эмч хүн насан туршийн суралцагч байдаг. Эмчийн ажлаа хэзээ болино тэр хүртэл суралцдаг. Сувилагчаасаа суралцаж, сувилагчаа сургах байдал өдөр болгон тохиолддог.

-Бидний яриа өндөрлөх дөхөж байна. Танай эрчимт эмчилгээний тасаг техник, тоног төхөөрөмжийн хувьд хэр сайн хангагдсан бэ?

-Манайх ер нь сайн шүү. “Мянганы сорилтын сан”-ийн Харвалт, Зүрхний шигдээсийн төлийн хүрээнд хүний амин үзүүлэлтүүдийг хянадаг хамгийн сүүлийн үеийн аппаратууд манай эмнэлэгт, манай тасагт бий.

-Таны тасагт ч юм уу, сэхээнд тулгамдаад байгаа ямар асуудал байна вэ?

-Урьд, өмнө нь байсаан. Одоо бол шийдэгдэж байна. Дашрамд хэлэхэд манай тасаг дэлхийтэй хөл зэрэгцсэн. Манай тасагт өндөр, нарийн мэргэжлийн чадварлаг баг ажилладаг.

-Миний асууж амжаагүй, таны дайхыг хүсэж байсан зүйл байвал...?

-Юун түрүүн Дэлхийн эмч нарын өдрийн баярын мэндийг Гуравдугаар эмнэлгийнхээ хамт олонд болон салбарынхандаа хүргэе. Өнөөдөр /3-р сарын 30/ бидний бахархлын өдөр. Эмнэлгийнхээ эмч нартаа эрүүл энх, урт удаан насалж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж байна.

Цаг зав гарган бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.


Сэтгэгдлүүд

  • Л.Бат-Эрдэнэ. СЭМҮТөв-сувилагч.

    2016-08-17

    Сайхан ярилцлага өгсөн байна. Танд өнгөрсөн ч гэсэн баярын мэнд хүргэж,ажилд тань амжилт хүсье.

  • Tsetsegdelger

    2016-05-14

    minii naiz sain uu saihan yariltslaga bna shuu.Amjilt husie

  • Altanchimeg

    2016-05-13

    Yaj ingej onoj yariltslaga hiigee ve. Uneheer baharhmaar hun shuu. Ganbaadaa ulam ih ajliin amjilt husie

  • Jagaa dvv n bnaa

    2016-05-13

    Ganbaa egchiigee olood harchlaa shvv namaig hvvhed baihad ta mini iim l egch baisan shvv tandaa ajliin amjilt ger bvld n az jargal ervvl enhiighvsie zun nutagtaa uulzyaa egchteigee

  • chinzorig@erc.mn

    2016-05-12

    Ээжээс минь ялгаагүй тусалж, дэмжиж, зөвөлж хайраа түгээж байдаг Нагац эгчдээ ажил амьдралд нь амжилт, аз жаргал эрүүл энхийг хүсье.

  • Ж. Мөнхсайхан

    2016-05-11

    Миний эгч мундаг шүү. Амьдралд нь аз жаргал эрүүл энхийг хүсье.

  • s.jargalsaikhan

    2016-05-11

    ganbaa echdee az jargal eruul enhiig husiey.mundg chadvarlag setgel saikhantai. hunleg hun shuu

  • Tsendmaa

    2016-05-11

    Ganbaa emchdee ajilin ondor amjilt az jargal hvsie

  • Муу хүү нь

    2016-05-11

    таньдаа хязгааргүй их хайртай шүү, урт наслаж олон түмэн, биднийгээ эмчилээрэй... ачийг нь хариулахсан...

  • mgl

    2016-05-11

    Sain eej sain emch shuu. Amjilt