богино мэдээ New

Эдийн засгийн таагүй өдрүүд үргэлжилэх нь

Монгол Улсын хувьд эдгээр хүчин зүйлүүдээс гадна манай экспорт, импортын гол гарц болох БНХАУ-д цар тахлын хатуу хорио үргэлжилж, хилийн нэвтрүүлэлт, тээвэрлэлт удааширсантай холбоотой үнийн давхар өсөлт эдийн засагт "нэмнээс" болж байна. .

Тоймч Л.Баатархүү

    Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тун сайнгүй болов. Цаашдаа ч ойрын 1,8 жилд хүндхэн байх төлөвтэйг судалгааны байгууллагууд, эдийн засгийн шинжээчид анхааруулсаар байна. 

Азийн хөгжлийн банк (АХБ) өнгөрсөн оны дөрөвдүгээр сард "Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг энэ онд дунджаар 5.2 хувиар өснө" гэж таамаглаж байгаагаа мэдэгдсэн. Гэвч тэдний таамаг талаар болж 4.3 хувь байхаар таамгаа бууруулсан тоогоор харуулав. Цаашид Орос, Украйны дайн, БНХАУ-ын АНУ-тай хийж буй худалдааны дайн, бүс нутгийн зөрчилдөөнтэй байдал, цар тахал зэрэг хүндхэн нөхцөл байдлуудаас үүдэж энэ тоо буурах эрсдэлтэйг ч тус банкны эдийн засагчид уламжилсан. 

Харин манай улсын хувьд нөхцөл байдал бүр таагүй байхаар төлөв ажиглагдаж байна. Тоон мэдээгээр энэ онд Монгол Улсын эдийн засаг 1,9 хувиар л өсөх төлөвтэй байгаа юм. Хоёр хөршид болж буй дайн, цар тахал, улс хоорондын зөрчилдөөнт нөхцөл байдлын улмаас манай экспортын гол бүтээгдэхүүн болох уул уурхайн чиглэлийн түүхий эдүүдийн худалдан авалт саарах байдал үүсээд байгаа аж. Энэ нь дэлхий дахинд худалдан авалт буурсан, дайн, бүс нутгийн зөрчилдөөнт байдлууд, цар тахлаас үүдэж зарим томоохон үйлдвэрүүд түр зогсолт, бүтээгдэхүүний гарцаа хумих нөхцөлүүд бий болжээ. 

Нөгөөтэйгүүр дотоодын арилжааны банкууд зээлийн эрсдэл их байгаагаас болж зээлээ хумих арга хэмжээ авсаар байна. Банкуудын чанаргүй зээл 10.8 хувь болж өсжээ. Мөн дотоодын төв банк бодлогын хүүгээ нэмсэн нь банкуудын зээл өгөх сонирхлыг бүр ухраав. 

Үүнээс хамгийн том эрсдэл нь валютын хомсдол бий болж төгрөг хоног тутамд суларч буй дүр зураг олон нийтийг түгшээх гол хүчин зүйл болоод байна. Энэ оны эхний найман сард гэхэд манай улсын валютын нөөц 1,7 тэрбум ам.доллараар буурчээ. 

Монгол Улсын эдийн засагт таагүй өдрүүд үргэлжилэх нэг эрсдэл нь уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ олон улсын зах зээл, манай өмнөд хөршид унаж буйтай холбоотой. Өнгөрсөн онуудад цар тахлаас үүдэлтэй гэнэтийн эрэлт үүссэн. Энэ нь манай экспортоос орж ирэх орлогод эерэг нөлөө үзүүлж байлаа. Түүнчлэн шатахуун, эрчим хүчний үнэ богино болон урт хугацаанд дарамттай байдлаар хадгалагдах төлөвтэй байгааг Олон улсын валютын сан мэдэгдлээ. Тус байгууллагын шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлтийг 1,2 хувиар бууруулж 3,2 хувь байхаар шинэчлэн тогтоосон юм. Монгол Улсын хувьд эдгээр хүчин зүйлүүдээс гадна манай экспорт, импортын гол гарц болох БНХАУ-д цар тахлын хатуу хорио үргэлжилж, хилийн нэвтрүүлэлт, тээвэрлэлт удааширсантай холбоотой үнийн давхар өсөлт эдийн засагт "нэмнээс" болж байна. 

 

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0