богино мэдээ New

Азийн хөгжлийн банк мөнгөө хаашаа, юунд оруулахаа мэдэхгүй байна уу

Санхүүжүүлэгч байгууллага гурван жилийн хугацаанд судалгаа, үнэлгээ хийсэн болохоор Азийн хөгжлийн банкны зээлийн дотоод бүтцийг өөрчлөх боломжгүй..

Тоймч Л.Баатархүү

  Өнөөдөр 14 мянган малчин өрх зээл авч хашаагаа шинэчлэх талаарх төслийн хэлэлцүүлэг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурал дээр болов. Тодруулбал, Монгол Улс Азийн хөгжлийн банк /АХБ/ хоорондын зээлийн хөтөлбөрийн нэг болох Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэхэд тус банкнаас 30 сая ам.долларын зээлийг олгох талаарх төсөл л дөө. Энэ төсөл нь 2021-2027 он хүртэл хэрэгжих аж.

Гэвч харамсалтай нь монгол малчид малынхаа хашааг зээлээр барьж, сайжруулах гэдэг оновчгүй, мөнгөө хаашаа яаж, юунд зарцуулахаа мэддэггүй эдийн засгийн мэдлэггүй гэмээр хүнтэй энэ дүйцэхүйц өнгөц шийдвэр, шийдэл гэж хэлэхэд хүргэж байна.

Манай малчид үеийн үед малынхаа хашаа хороогоо хэрхэн, юугаар хаана барих, бэлчээрээ сонгох, мал маллах арга ухаанаа гадны хүмүүс, хотынхноор заалгаж, хийлгэж байгаагүй. Байх ч үгүй.

Булган, Архангай, Баянхонгор, Өвөрхангай гэсэн дөрвөн аймгийн 20 суманд хэрэгжих уг төсөлд 382 худаг гаргах, засварлах, бэлчээрийн нөөц байгуулах, 54 мал эмнэлгийн чадавхийг сайжруулах гээд арай нүдээ олох төсөл зарцуулалтын заалтууд ч бий.

Гэхдээ малчид өөрсдөө хашаа, хороогоо засаж сайжруулах зүйлийг олон улсын төсөл хөтөлбөр, зээлээр шийдэх шаардлага байна уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Салбарын сайд З.Мэндсайхан үүнд ийн хариулж байна:

мэндсайхан

-Санхүүжүүлэгч байгууллага гурван жилийн хугацаанд судалгаа, үнэлгээ хийсэн болохоор Азийн хөгжлийн банкны зээлийн дотоод бүтцийг өөрчлөх боломжгүй.

Эрхэм сайд ийм товчхон, тодорхой хариулт өгсөн.

Мөн зүгээр өгчихгүй мөнгөн хөрөнгө гэдгийг ч ХХААХҮЯ-ны газрын дарга Д.Батмөнх ингэж онцолсон.  Тэрбээр “Аймаг орон нутагтай гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжилт олгоно” гэв.

Мэдээж хөгжиж буй Монгол Улсад гар сунгаж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь нүдээ олсон ажил ч энэ мэт шаардлагагүй, нэн тулгамдаагүй зүйлд эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө зарцуулах нь мөнгөө юунд оруулахаа мэдэхгүй байгаатай агаар нэг болж байна.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0