богино мэдээ New

Ерөнхийлөгчийн сонгууль, улс төрийн онооноос ҮНЭГҮЙ-хүний амь...

Эрхэм Ерөнхий сайд, эрх баригч намд хүний амь эрсдэх нь чухал бус харин намынхаа 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн сонгуульд ялах, улс төрийн оноо авах нь л чухал аж..

Тоймч Л.Баатархүү

  “Мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн, судлаачдаа сонсохын дээдээр сонсоно, шинжлэх ухаан дээр гишгэсэн улстөрч байж болохгүй” гэж Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олны өмнө амлав.

   Харамсалтай нь тэр хэлсэн үгэндээ эзэн, тавьсан сумныхаа үзүүр нь байж чадсангүй. “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа”, “Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” хэмээх монгол ардын зүйр үгүүд мөн ч их бий. Ялангуяа монгол эр хүн, монгол төрийн түшээд ийм байх ёстой, ийм байж ирснийг илтгэх ардын философи.

Ковид-19 хэмээх цар тахал газар авч, Монголын эрүүл мэндийн салбар тэр чигтээ зөвхөн энэ өвчин рүү бүх хүч чадлаа дайчлахдаа туллаа. Өнөөдөр гэхэд дөрвөн хүний алтан амь эрсдэж, тэнгэртээ дэвшив.

831...өдөр бүр дотоодын халдвар 500 буюу гурван оронтой тооноос дээш давах болж цар тахалтай тэмцэж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд өдөр, шөнөгүй, нойр хоолгүй шахам бүх сэтгэл зүрх, мэдлэг чадвараа зориулан зүтгэцгээж байна.

Зүрх шимширмээр нь тэд маань одоо туйлдаж, хүч нь хүрэхээ байлаа. ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, багийнхан “Өдөрт халдвар авсан хүмүүстээ хүртэл хүрч чадахаа байж, халдвартай иргэд халдвар авснаа мэдэхгүйгээр гадуур харилцаанд орж, бүр ч өндөр эрсдэл учруулж байна” гэдгийг хэлсээр байхад шийдвэр гаргагчид тоож буй ч царай алга.

Халдварын тархалт бага байхад эмч, мэргэжилтнүүд хүн нэг бүрээ эмчлэхэд ачаалал боломжийн байсан учраас амь эрсдэх тохиолдол гардаггүй байлаа. Гэвч одоо нөхцөл байдал өөр болж, өдөрт нэг биш гурав, дөрвөөрөө хорвоог орхиод эхлэв.

“Амьд хүн аргатайдаа”, “Амьд явбал улсын наадам үзнэ” хэмээн монголчууд хэлдэг. Яг үнэндээ бид 14 хоног хөл хорихыг эсэргүүцэж байгаад халдварын тархалтыг гааруулчихсан нь үнэн.

Одоо л тархалтыг хумиж авахгүй бол өнөөх хийж буй үнэтэй вакцины үр дүн зүгээр л салхинд хийсчихнэ. Эс тэгвээс бид маскгүй, ковидгүй аз жаргалтай зуныг үзэх биш гунигтай зуныг өнгөрөөх болно.

корона

ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэнгээс уг цар тахлыг зогсоож болох аргуудын талаар тодруулахад “Энэ вирус хүмүүс хоорондын харилцаа, агаар дуслаар л шууд халдварладаг. Дэлхий дахинд одоогийн байдлаар шалгарсан ганц арга нь хөл хорио тогтоох” гэж товч бөгөөд тодорхой хариулт өгөв.

Мэргэжлийн байгууллагууд, эртэмтэд нь одоо л хатуу хөл хорио тогтоохгүй бол халдварын тохиолдол өдөрт 1000-с дээш гарч, эрүүл мэндийн салбар дийлэхгүйд хүрэх талаар өдөр бүр мэдээлж байна. 

Эрхэм Ерөнхий сайд, эрх баригч намд хүний амь эрсдэх нь чухал бус харин намынхаа 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн сонгуульд ялах, улс төрийн оноо авах нь л чухал аж.

Учир нь хэрэв хөл хорио тогтоовол хар масс эсвэл амьдралын боломж тааруу, орлого муутай иргэд бухимдлаа илэрхийлж өөрсдийнх нь улс төрийн оноо хасагдаж, рейтинг унана гэсэн хар тооцоондоо баригдаж гүрийж байгаа нь тэр.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 10