Сувилагч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг төр дэмжинэ


2020-04-21 06:02:20 0

Сэтгүүлч Л.Баатархүү

  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүний мэдээлснээр "Энэ жилээс сувилагч мэргэжлээр суралцаж байгаа оюутны төлбөрийг улсаас дэмжихээр болсон" гэв. Ингэхдээ сурлагын голч онооны босго хангасан оюутан уг боломжид хамрагдах юм байна. 

Түүнчлэн дотуур байрны төлбөрөө бүрэн төлсөн төгсөх курсын оюутанд мөнгийг нь буцааж өгөхөөр болжээ. Бусад курсын дотуур байранд амьдардаг оюутнуудын эд зүйлсийг ирэх сард багтаан итгэмжлэгдсэн хүнд нь хүлээлгэж өгөх аж. Мөн их дээд сургууль, коллеж, төгсөх ангийн хонхны баярыг тэмдэглэхгүй байх тушаал гаргажээ. Үүнээс гадна ес, арванхоёрдугаар ангийн сурагчдын төгсөлтийн гэрчилгээг зургаадугаар сарын 7-ны дотор багтааж олгох юм. Харин их, дээд сургуулийн элсэлтийг долоодугаар сарын 10-ны дотор цахимаар орон даяар зохион байгуулах талаар тус яамнаас онцоллоо.