Цэнгэлхайрхан уулаас хадны шинэ бүлэг зураг илрүүлжээ


2020-04-15 02:12:44 20

-3000м-ээс хэд хэдэн булш илрүүлсэн-

Сэтгүүлч Л.Баатархүү

    Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Цэнгэлхайрхан уулын Хорымды гэдэг газраас Монголын Үндэсний их сургуулийн багш Б.Ербахыт дөрвөн хэсэг бүхий хадны зураг шинээр илрүүлжээ. Тэрбээр өнгөрсөн 2018 онд тус газар хийсэн аяллын судалгааны үеэр энэхүү зургуудийг илрүүлсэн байна. Судлаач илрүүлсэн уг зургуудаа урьд өмнө нь судлагдаж байсан, бүртгэлд байгаа эсэх гээд олон талын судалгааг хийж ийнхүү Монгол орны хадны зурагт шинээр нэмэгдэх боломжтойг баталжээ.

“Баян-Өлгий аймаг түүх, археологийн баялаг олдвортой бөгөөд археологийн хамгийн сайн судлагдсан бүс нутгуудын нэг” хэмээн судлаач онцолж байсан юм. Түүнтэй уг шинэ олдворын талаар болон бусад асуудлаар цөөн хором ярилцснаа хүргэе.

-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Таныг саяхан Баян-Өлгий аймагт хадны хэсэг зургуудийг шинээр илрүүлсэн гэж сонслоо. Энэ асуултад хариулт авахаас өмнө Баян-Өлгий аймагт энэ чиглэлийн судалгааг хэр зэрэг хийсэн байдаг юм болов оо. Энэ аймгийг “археологийн бүс нутаг” гэж нэрлэдгийн учир юу байна вэ?

-Баярлалаа. Нийт уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Баян-Өлгий аймгийн хувьд Төв Азид археологийн дурсгалууд хамгийн их төвлөрсөн аймаг юм билээ. 1870-аад онд Оросын судлаач Г.П.Потанин нар нэлээд чухал судалгааны тэмдэглэлийг хийсэн байдаг. Үүнээс хойш 1940-1960-аад онд Монголын археологийн эрдэмтэд дорвитой судалж эхэлжээ. Тухайлбал, Н.Сэр-Оджав нарын эрдэмтэд Баян-Өлгий аймгийн зарим сумдаар явж археологийн дурсгалуудыг баримтжуулсан байна. Мөн 1960-1980 онд академич А.П.Окладников, Д.Дорж, А.П.Деревянко нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедицийн Чулуун зэвсгийн судалгааны анги Ховд, Сагсай голын хөндийд орших хуучин чулуун зэвсгийн зарим дурсгалуудыг илрүүлсэн. Гэх мэт маш их судалгаа бий. Харин 1980 он гэхэд энэ аймаг археологийн гол судлагдахуун бүс нутаг болсон. Тус аймгаас ч археологийн олон судлаач төрөн гарсан юм.

-Та археологийн судалгааны оргил үеүдээс нэрлэлээ. Харин 1990-ээд он гарснаас хойш Монголын нийгэм, эдийн засаг, түүх, соёлын судалгаа орхигдох тал руугаа орсон. Харин археологийн салбарт хэрхэж байв?

-Би яг археологийн мэргэжлийн хүн биш. Аялал жуулчлал, газарзүйн чиглэлийн хүн. Гэхдээ ном, судалгааны бүтээл, улс орон, олон улсаас уг салбарт хийж байсан ажлуудыг харьцуулж уншиж, судалж байгаа л даа. Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс 1994-1996 онд “Эртний алтай” гээд судалгааны том төслийг баруун аймгуудад хэрэгжүүлсэн байдаг. Эл төслийн хүрээнд алдарт Бага ойгор, Цагаан салааны хадны бүлэг зургуудийг илрүүлэн, бүрэн судалсан. Төслийн багт, Франц, Орос, Монголын эрдэмтэд багтсан аж. Түүнчлэн профессор Д.Цэвээндорж Шивээт хайрхан, Арал толгойн хадны зургуудийг дорвитой судалсан юм билээ.

-Би танаас “сүг зураг” гэж асуусангүй. Хадны зураг гэж асуухыг хичээж байна. Олон нийтийн дунд ихэвчлэн “хадны сүг зураг” гэдэг нэр томъёогоор яваад байх шиг байгаа юм. Энэ “сүг” гэдэг үг ямар учиртай юм бэ?

-Манай багш нар “сүг” гэдэг үгийг битгий бичиж байгаарай гэдэг. Яахав дээ, төвдөөр бол зураг гэсэн үг л дээ. Гэхдээ монгол хэлэнд сүүмэлзсэн, буг гэх мэт жаахан “саарал” утгатай. Яг энэ үгийг сайн судалж үзээгүй болохоор танд бүрэн хариулт өгч чадахгүй байх.

Дээр таны асуусанчлан Баян-Өлгий аймаг археологийн гол бүс нутаг болохын хувьд өнгөрсөн 2005 оноос хойш “Монгол алтайн түүх археологийн дурсгалууд” том төсөл Баян-Өлгий аймгийн бүх газар нутгийг хамран хэрэгжсэн юм билээ. Энэ судалгааны тайланг 2009 онд “Баян-Өлгий аймгийн археологийн дурсгалууд-1” гэсэн нэртэйгээр гаргасан байдаг. Уг номд тус аймгийн нутаг дэвсгэрт буй 16 төрлийн археологийн олон мянган дурсгалууд  багтжээ. Ер нь тус аймаг их сайн судлагдсан гэж болно. Олон улсад Монголын археологийн судалгааг таниулахад Цагааны Төрбат багш бас их чухал нөлөө үзүүлсэн хүн.

-Баян-Өлгий аймгийн хадны зургуудын онцлог,  хэдий үед хамаарах, хэдэн газарт зургуудын төвлөрөл байдаг вэ?

-61 газарт хадны зургуудыг илрүүлсэн байдаг. Хамгийн алдартай нь Цагаан салаагийн 15км урт үргэлжлэх зургууд. Энд 10000 гаруй дүрс нэг дор бий. Харин цаг хугацааны хувьд чулуун зэвсгээс түргийн үе хүртэл.

Монгол Улсын нийт газар нутгийн таван хувьд нь хүний мөр гараагүй

-Та одоо өөрийнхөө илрүүлсэн хадны зургуудынхаа онцлогоос манай уншигчдад хуваалцаач. Хэдий үед хамаарах, ямар утга агуулгатай, юуг дүрсэлсэн, хэдэн ширхэг байсан вэ гээд...?

-Миний хувьд хэдийгээр археологийн салбарын хүн биш ч гэлээ төрөлх нутгаа таньж мэдэх, судлах маш их сонирхолтой болохоор хувиараа их аялдаг. Манай газарзүйн судалгааны бүтээлүүдэд Монгол Улсын нийт газар нутгийн таван хувьд нь хүний мөр гараагүй гэж үздэг. Үүний зарим хэсэг нь Баян-Өлгий, тэр дундаа Цэнгэлхайрханы бүс нутагт бий. Энэ хэсэг хамгийн бага судлагдсан. Хэдэн жилийн өмнө оюутан байхдаа ганц хоёр дүрсүүдийг харж байсан. Тухайн үед нэг их ач холбогдол өгөлгүй яваад өгсөн.

 Нийт дөрвөн хэсгээс хадны бүлэг зургууд олдлоо. Өнгөрсөн зун дахин очиж нэлээд олон хоног явж судалсан юм. Эхний газар Харганат голын нэг цутгал болох Хорымды голын хажууд д.т.д 2721м-т долоон хаданд 25 дүрс олдсон. Хоёр дахь нь эхнийхээсээ 1350 орчим метрийн зайд 2660м-ийн өндөрт газарт хэвтсэн чулуун дээр ихэнх гол дүрсүүд байв. Харин гурав дахь хэсэгт нь нийт дүрсний 70 орчим хувь буюу д.т.д 2673м-ийн өндөрт 370м талбайд тархсан байдалтайгаар, газарт чулуун дээр сийлж үлдээжээ. Дөрөв дахь нь өндөрлөг хэсэгт эгц хадан дээр бий.

Нийт 397 дүрсний зургийг нь авч, баталгаажуулсан. Дахиад ч өөр газар олон дүрс байхыг үгүйсгэхгүй.

Сэдвийн ажиглалт, дүрсүүдийг таних гэж оролдлоо. Нийт дүрсний 80 хувь нь газарт байгаа болохоор нар салхи, амьтны нөлөөгөөр нэлээд бүдгэрсэн байна билээ. Элгэн хадан дахь дүрсүүд элэгдэл багатай байдаг. Эдгээр дүрсүүдийн 61.5 хувийг таньж, тодорхойлсон л доо. Үлдсэн хувь нь эртнийх, гадны нөлөөнд их өртсөн болохоор танигдаагүй.

Хамгийн их нь буюу 37 хувийг /147/ янгирын дүрс эзэлж байсан. Харин дүрсэлсэн арга нь мэргэжлийн судлаачдын нэрлэснээр цохиж, хонхойлгож сийлжээ. Нохой, үхэр, морь, буга, ямаа, сарлаг, тэмээ, заан, хандгай зэрэг дүрснүүд байсан. Танигдаагүй дүрсүүдээс 32 нь амьтан гэдэг нь мэдэгдэж байгаа юм. Гэхдээ яг ямар амьтныг нь таньж чадсангүй.

Он цагийн хувьд хүрлийн түрүү үед хамаарах дүрслэл гэж болохоор байгаа. Баян-Өлгий аймгийн бусад газрын зургуудтай харьцуулахад энэхүү зургууд үйл явдал багатай, мэдээлэл өгөхөд жаахан хомсдуу.

Монголын археологийн холбогдох ном бүтээлүүдээс сайтар шүүж үзэхэд 61 нэр бүхий хадны зураг бүртгэлтэй газарт миний илрүүлсэн гээд байгаа дүрс, газрын нэр огт байгаагүй.

-Та энэ дүрсүүдээ бие даан судалж байна уу, эсвэл археологийн мэргэжлийн багш, судлаачдаас зөвлөгөө авав уу?

-Мэргэжлийн, Монголын археологийг дэлхийд таниулчихсан мундаг хүмүүсээс зөвлөгөө, чиглэл мэдээж авч байгаа. Тухайлбал, Ц.Төрбат багш байна. Төрөө багш “Ийм өндөрлөг газар хадны зураг байна гэж бодоогүй” хэмээн олзуурхаж байсан. Өвөг дээдсийн үлдээсэн энэ өвийг олсондоо миний бие туйлын азтай тохиолдолд гэж бодож байгаа.

Цэнгэлхайрханыг даруй улсын тусгай хамгаалалтад авах хэрэгтэй байна

-Та бид хоёрын ярилцлага энд хүрээд түр өндөрлөж байна. Та олон нийтэд дайхыг хүссэн зүйл бий байх.

-Цэнгэлхайрхан уул маань орон нутгийн тахилгатай хайрхан. Энэ хайрханыг 1998 оноос хойш Улсын тусгай хамгаалалтад авах тухай ярьсаар ирсэн боловч төдийлөн ажил болсонгүй. Уг нь миний дээр ярьсан хүний мөр гараагүй цөөхөн газруудын нэг. Судлагдаагүй газар нутаг. Энд 20 орчим мөсөн уул, олон хадны зураг бий.

Үүнээс гадна 200-300 жилийн өмнөх он цагийг хамаарах, 3000 орчим метрээс хэд хэдэн булш илрүүлсэн.

Ийм ховор олдворууд, олон төрөл зүйлийн ургамал, амьтад байгаа учраас Цэнгэлхайрханыг даруй Улсын тусгай хамгаалалтад авах хэрэгтэй байна.

Мөн археологийн олдворын хамгаалалт манай аймагт жаахан муу байгаа. Байгаль дээр байгаа олдворууд хүн, амьтны нөлөөнд автаж үгүй болох эрсдэл их бий.

Дашрамд дурьдахад Баян-Өлгий аймагт эртний Скипийн соёлын ул мөр хадгалагдсан байдаг. Одоогоос 2500 жилийн тэртээ төв Азид амьдарч байсан аймгуудын том соёлын хамгийн зүүн зах нь уг аймгийн нутагт байдаг юм билээ.

Цаг, зав гарган ярилцаж, мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Та бүхэнд судлаачийн илтгэлийг бүрэн хэмжээгээр нь хүргэж байна. Энд дарж уншина уу.

 


Сэтгэгдлүүд

  • Иргэнхүү

    2020-04-17

    Иймэрхүү хадны зураг энэ нутгийн ханан хад болгонд бий дээ.Архелогчидод бол олдвор байх. Би өөр зүйл хэлье. Эртнээс тахилгатай энэ Ххйрханыг ямар ард түмэн тахиж ирсэн юм бол? Хоёрт, энд Хоромды гэдэг газар байхгүй, харин цагаан, хар Хорумдыг гэдэг газар бий. Эрхэм "архелогч" маань газрын нэрийг санмсаргүй алдаж бичив үү, санаатайгаар өөрчилж бичив үү гэдэг нь сонин. БӨ-д газар нутгийн нэртэй холбоотой нэг "аянархуу" юм явагддаг гэсэн. Хорум нэрийг нэрийг манай мөхсөн нийслэл ч зүүж явсан гэдгиймг манай мэргэн түүхчид ч мэднэ, үгийнх нь утгыг мэддэг эсэхийг би мэдэхгүй. Зарим эрхэм "хүрэм" гэсэн нь ч байнаас хол тусна даа. Их хаад маань хүрэм өмсдөггүй байсан юм шүү дээ.

  • Б.Отгонбаяр

    2020-04-16

    Мундаг залуу байна.Судалгааны ажилд нь амжилт хүсье.

  • tugeene.mn

    2020-04-16

    Та бүхэн сэтгэгдэл бичихдээ бусддаа хүндэтгэлтэй хандана уу

  • Цэнгэл сумын иргэн

    2020-04-15

    Хавар болхоор ийм юмнууд эмээ уугаагүйгээс болоод донгосж байдаг МУ-ын Үндсний их сургуулийн багш гэх чиг тэнэг гөлөг

  • Цэнгэл сумын иргэн

    2020-04-15

    Урианхай новчнууд яс бийтгий хаяараай казак болон монгол үндэстний хороонд

  • baynmunh

    2020-04-15

    Ene horimdi gej bish horimdig gej tuwa vg ug gazar ni bayn ulgii aimgiin tsengel sumiin nutagt ordog zalruulga higerei

  • Мөндыр

    2020-04-15

    Хорымды гэж казах үг үү тува үг үү

  • Зочин

    2020-04-15

    Баян-Өлгий аймгийн казах сумдууд монгол сумдынхаа газар нутгийг их эзэлж байгаа юм байна даа

  • Бат

    2020-04-15

    Амжилт

  • Л

    2020-04-15

    Бүгд Монгол нэртэй шүү. Хорымди гэдэг газар бхгүй шүү. Багахан доромжлоорой