богино мэдээ New

Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл гишүүдийн ухааныг сорих нь

Сэтгэл сэрдхийлгэсэн эл тоо нэг салбараас экспортын голлох орлоготой манай улсын хувьд хямралд хүргэж болохоор дүр зургийг үндсэн чиглэлд анхааруулжээ. .

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн анхны хэлэлцүүлэг болно

Тоймч Л.Баатархүү

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн анхны хэлэлцүүлэг болно.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар гишүүд “Ипотекийн зээлийн санхүүжилт, төсвийн бодлого, мөнгөний бодлогын уялдаа холбоо, “Саарал жагсаалт”-аас гарах ажлын төлөвлөгөө, инфляцийн түвшин, валютын нөөц, зээлийн хүүг бууруулах асуудал, гадаад өр, 2019 оны мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар тодруулах хариулт”-ыг ажлын хэсгээс авсан юм.

Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн хувьд тероризмыг санхүүжүүлэх, мөнгө угаахтай тэмцэх чиглэл рүү нэлээд анхаарчээ. Мөн гадаад өр хамгийн том анхаарал хандуулах сэдэв болов. Учир нь өнгөрсөн 2010 оноос хойш дөрөв дахин нэмэгдэж 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 29.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Гэтэл ирэх 2020-2024 онд төр, хувийн хэвшил нийт 14.3 тэрбум төлөхөөр байгаа нь Монгол Улсын валютын нөөцөөс 3.5 дахин өндөр дүн болчихоод буй юм.

Дээрх 29.5 тэрбум ам.долларын 33 хувийг Засгийн газар, төв банкны өр эзэлж байгаа аж. Одоогоор долоон хувь буй Монголбанкны гадаад өрийг цаашид нэмэгдүүлэхгүй байх зөвлөмжийг ч чиглэлд тусгалаа.

Сэтгэл сэрдхийлгэсэн эл тоо нэг салбараас экспортын голлох орлоготой манай улсын хувьд хямралд хүргэж болохоор дүр зургийг үндсэн чиглэлд анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахад төсөөлсөн валютын орлогоо олж чадахгүй нөхцөл байдалд хүрнэ. Үүнээс үүдэж санхүүгийн том хямрал болох аюулд орохыг ч үгүйсгэхгүй юм. Тэгвэл энэхүү эрсдлээс зайлсхийхийн тулд мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар санхүүгийн сахилга батыг дээд зэргээр нэмэгдүүлэх, санхүүгийн нөөц бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын үргээхгүй хадгалах, нэмэгдүүлэх арга сүвэгчилвэл бидэнд боломж байгааг онцолжээ.

Гадаад орчны таашгүй сөрөг үзэгдлүүдээс сэргийлэх, эдийн засгийн таагүй нөхцөл байдал үүсгэхгүй гэвэл дээрхээс гадна улс төрийн тогтвортой, нэг багийн шийдэлтэй байхыг цаг хугацаа шаардаж байна.

Валютын нөөцийн хувьд сүүлийн гурван жилд өмнөхөөс дөрөв дахин нэмэгдсэн ч Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан хэмжээнээс 27.5 хувиар бага буй юм. Ирэх жил сонгогдох УИХ, Засгийн газарт амаргүй он жилүүд байх болно.  

Ямартаа ч ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл гишүүдээс ухаалаг, мэдлэгтэй, мэдээлэлтэй байхыг шаардах нь. Ийм байж гэмээнэ асуудлыг зөв оношилж, илүү шинжлэх ухаанчаар хандвал хар сүүдрээс ангижрах боломжтой.

Эдийн засгаа өсөлттэй, найдвартай, аюулгүй байлгах олон зөвлөмжийг уг үндсэн чиглэлд дурьдсан учраас одоогийн парламент их ажил хийх хэрэгтэй болох нь.

Эрхэм уншигч та бүхэндээ Мөнгөний бодлогын үндсэн чиглэлтэй холбоотой мэдээллүүдийг үргэлжлүүлэн хүргэх болно.