21 зууны чимээгүй тахал аль хэдийнэ бидэнтэй “золгожээ”


2018-01-31 00:14:43 2

Сэтгүүлч Б.Жаргалцэцэг

           Дэлхий дахинд 10 секунд тутамд нэг хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. ДОХ, элэгний С вирусээс л аймшигтай өвчин. Хөдөлгөөний дутагдал, амттан, залхуурал “silent killer” буюу “чимээгүй тахал” үүсэв. Энэ бол чихрийн шижин.

УКТЭ-ийн дотоод шүүрлийн булчирхайн их эмч Д.Бодьцэцэг:  Чихрийн шижин нь нойр булчирхайнаас ялгарах инсулин гэгч сахар задлагч фермент ажиллагаагүй болсноос үүдэн цусанд их хэмжээний сахар хуримтлагдаж үүсдэг өвчин. Уг өвчнийг хоёр ангилж үздэг. Нойр булчирхайнаас ялгаран гарах инсулин гэх гормон нь цусны эргэлтэнд ороод сахарын солилцоог зохицуулдаг юм. Хэрэв энэхүү гормон дутагдах эсвэл түүний шүүрэл алдагдвал цусан дах сахар зогсонги байдалд орж, улмаар бодисын солилцоо алдагдана. Энэ үеийг чихрийн шижин өвчний нэгдүгээр хэлбэр гэнэ. Энэ нь ихэвчлэн 35 наснаас өмнө илрэн гардаг учир түүнийг “Залуучуудын” гэж нэршсэн байдаг. Энэ хэлбэрээр өвчилсөн бол өвчтөн насан туршдаа инсулин тарьж явахаас өөр замгүй болдог.

Х.Батжаргал: Өмнө нь яагаад үзүүлсэнгүй вэ гэж өөрийгөө зүхэхээс өөр юу ч хийж чадаагүй

Мөн энэ талаар П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн дотоод шүүрлийн тасгийн дөвөвдүгээр палатын өвчтөн Х.Батжаргалийн ярив:

- Би анх 2012 онд өөрийгөө энэ өвчнөөр өвчилсөн гэж мэдсэн. Одоо би 46 настай. Гэхдээ бүр зорьж очиж оношлуулаагүй юм. Гадуур явж байгаад эрүүл мэндийн өдөрлөг дээр үнэгүй оношилж байна гэхээр нь оношлуулаад үзсэн чинь “Та яаралтай эмчийн хяналтанд ор” Та чихрийн шижинтэй байна” гэж хэлэхэд анхандаа тийм ч их тоогоогүй. Түүнээс нэг жилийн дараа би гэнэт гэртээ ухаан алдаж унаад миний даралт ихсээд эмчид үзүүлтэл “Хүндэрсэн байна, зүрх рүү чинь орсон одоо хагалгаанд яаралтай орохгүй бол үхэх аюултай” гэж хэлэхэд зүрх зүсэгдэх шиг л болсон доо. Би өмнө нь мэдчихээд яагаад үзүүлсэнгүй вэ гэж өөрийгөө зүхэхээс өөр юу ч хийж чадаагүй. Тэгээд л группт ороод ажил хөдөлмөр хийх чадваргүй бас дуртай зүйлээ ч идэж чадахгүй байна. Биднийг тэтгэгч тэжээгч ганц зүйл бол одоо ИНСУЛИН гэх тариа болсон. Эгч нь цааш ярьж чадахгүй нь ээ. “Зүрхэнд ачаалал өгөөд байна” гээд яриагаа дуусгасан юм.

Чихрийн шижин гэгч энэ аюултай өвчинд "идүүлж" эхэлснээ хүмүүс тэр дороо мэддэггүй нэлээд цаг хугацаа алддагаараа шаналалын үндсийг тавьдаг гэнэ. Ам цангаж, амархан ядарч туйлдахаас өөр өвдөх зовиур байдаггүй учир хүмүүс түүнийг ердөө анзаарч хайхардаггүй. Тэр тусмаа эрүүл мэнддээ анхаардаггүй, хэр баргийн юмыг тоодоггүй, хэнэггүй монголчуудын дунд аль хэдийнээ өвчин нь хүндэрчихсэн яваа хүн цөөнгүй бий байх.

“Diabetes” эмнэлгийн захирал, дотоод шүүрлийн их  эмч И. Энхсайхан: Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчин нь эхэн үедээ инсулины хэт их үйлдвэрлэл бий болгодог болохоор таргалалт үүсгэдэг. Энэ хэлбэр 35-аас дээш насныханд элбэг тохиолддог юм. Энэ үед шинж тэмдэг бараг илрэхгүй, далд явцтай байдгаараа онцлог бөгөөд ихэвчлэн хүндэрсэн үедээ хожуу оношлогддог.

Тэгвэл энэ өвчинд тусах гол шалтгаан нь юу юм бэ гэх асуулт ургана. Хэт таргалалт, хөдөлгөөний хомсдол, дархлаа сулрах, нойр булчирхайн үрэвсэл, хорт хавдар, вирусийн халдвар, сэтгэл санааны дарамт, буруу хооллолт, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх, хийжүүлсэн ундааг их хэмжээгээр уух, хэвлий болон тархины гэмтлүүд гэх мэт зүйлсээс болж чихрийн шижин өвчин үүсдэг. Монгол Улсад ихэнхдээ буруу хооллолт буюу амьдралын буруу хэв маяг дадал зуршлаас болж сүүлд нь өөрсдөө хохирч аж. Ер нь сахар хэвийн хэмжээнээсээ өндөрссөнөөс цус өтгөрч, нарийхан хялгасан судаснууд захаасаа бөглөрдөг тул дараа, дараагийнхаа эд эрхтэнд нөлөөлж эхэлдэг гэнэ.

Хамгийн нарийн судастай нь мэдээж зүрх, бөөр, тархи, хараа, сонсголын эрхтнүүд. Ганцхан жишээ татъя. Өнөөдөр манай орон болоод дэлхий нийтэд хамгийн их тархсан өвчин бол зүрх судасны өвчин. Энэ өвчнөөр манай гариг дээр жилд 18 сая орчим хүн нүд аньдаг ба тэдний гуравны нэг нь чихрийн шижнээс үүдэлтэй гэсэн ДЭМБ-ын судалгаа дүгнэлт гарчээ. Ийнхүү зүрх, бөөрний дутагдлаар хорвоог орхигсдын цаана чихрийн шижин гэгч "нууц ноёнтон" сууж байдаг боловч үхлийн эцсийн оношинд барагтай бол нэр нь дурдагдалгүй өнгөрч чаддаг нь хамгийн аймшигтай. Жилд ДОХ-оор хоёр сая, сүрьеэгээр гурван сая орчим хүн нас бардгаас үзэхэд чихрийн өвчнөөс үүдэлтэй цаашаа харагсад хамаг олны анхаарал татаж буй дээрх хоёр өвчинд нэрвүүлэгсдийг нийлүүлснээс хавьгүй хол давж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар чихрийн шижин өвчин нийт халдварт бус өвчний дотор 0.84 хувийг эзэлж, 10000 хүн амд 58.3 байгаа нь өмнөх оноос 8.4-өөр нэмэгджээ. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 10000 хүн амд 56.4, эмэгтэйчүүд 10000 хүн амд 60.1 байна. Насны бүлгээр 45-65 насныханд хамгийн өндөр тохиолдож 10365 буюу 1 000 хүн амд 222.7 тохиолдож өнгөрсөн оноос 30.1-ээр нэмэгдсэн байна. Байршлаар нь үзэхэд Төвийн бүсэд 10000 хүн амд 57.3 буюу хамгийн өндөр тохиолдож байна. Төвийн бүсийн аймгууд дотроос Дархан-Уул /88.8/, Дундговь /57.0/, Сэлэнгэ /53.8/ аймгуудад өндөр байна.

Чихрийн шижинтэй тэмцэх ОУ-ын нийгэмлэгийн хамгийн сүүлийн үеийн тооцоогоор дэлхийн хэмжээнд чихрийн шижин өвчинтэй 382 сая хүн амьдарч байгаа бөгөөд 2035 он гэхэд 592 саяд хүрч дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчинд өртөхөөр байна гэсэн судалгаа гарчээ.

УКТЭ-ийн дотоод шүүрлийн булчирхайн их эмч Д.Бодьцэцэг:  Манай тасагт жилдээ чихрийн шижин өвчнөөр 5000 орчим хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 4000 орчим нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингээр өвчилсөн хүн байдаг. Энэ бол хэвтэж эмчлүүлээд байх өвчин биш. Ийм өвчтэй хүнд хамгийн түрүүнд сургалт эмчилгээ хийдэг. Өвчний онцлог, түүнийг хэрхэн даван туулах тухай сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Хөдөлгөөн болон хоолоо зохицуулах, эмийн, инсулин гэсэн таван төрлийн эмчилгээ хийдэг. Тэгэхээр манай тасагт нэлээд хүндэрсэн хоёрдугаар хэлбэр болон инсулин хийлгэх шаардлагатай нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс хэвтэж эмчлүүлдэг. Энэ өвчнийг даралт хэмжиж, дурандаад, эход хараад оношлохгүй. Уг өвчин шууд өвдөөд, хавдаад эхэлдэггүй болохоор хүн ядарч байна, ажлын ачааллаас болоо биз, даралт ихсэж байна гэх зэргээр явсаар хүндрүүлдэг.

Манай улсад 1990 оноос өмнө бараг байгаагүй гэж болно. Энэ оноос хойш хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөж хотжилт ихэссэнтэй холбоотойгоор чихрийн шижин өвчнөөр өвчлөгсөд ихсэх хандлагатай болжээ. Жилд дэлхийд 10000 хөл тайрагдаж байна гэсэн ДЭМБ-ын судалгаан дээр байдаг.

НҮБ болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар 11-р сарын 14-ний өдөр чихрийн шижинтэй тэмцэх Дэлхийн өдөр хэмээн тэмдэглэх болжээ. Инсулинийг нээсэн хүмүүсийн нэг, эмч физиологич Фредерик Бантинг 1891 оны энэ өдөр төрсөн юм. Түүний гавьяаг үнэлэн энэ өдрийг чихрийн шижинтэй тэмцэх өдөр хэмээн зарлажээ.

“Голден жим” фитнес клубын Захирал Ц. Баянмөнх: Сүүлийн үед Монголчуудын дунд ахмад настан гэлтгүй залуучууд чихрийн шижин өвчнөөр өвчлөх нь нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор манай клуб ганцхан мэргэжлийн чиглэлээрээ үйл ажиллагаа явуулахаас гадна эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах гэж байна. Тухайлбал, Улсын нэгдүгээр эмнэлгийн эмч Д.Цэцгээ, Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн эмч Н.Оюунгэрэл, Н.Мөнхзул, Хоёрдугаар эмнэлгийн эмч Н.Банзрагч нартай болон чихрийн шижин өвчинтэй холбоотой мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллахаар боллоо. Монгол хүний төлөө юу хийж болох вэ? гэдэг асуудлаар нэлээд хэдэн удаа уулзалт зохион байгуулсаны үр дүнд энэхүү ажлаа хэрэгжүүлэхээр шийдвэр гаргасан. 

Богино хугацаанд чихрийн шижинтэй үр дүнтэй тэмцэж өндөр үр дүн үзүүлсэн эмчилгээний шинэ арга бол соронзтой гутал. Эргүүлж тойруулаад харахад энгийн нэг гутал ч хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж улмаар даралт ихсэх, хараа, сонсгол муудах, бөөрний дутагдалд орох зэрэг чихрийн шижин өвчний улмаас гардаг хүндрэлүүдийг арилгадаг нь судалгаагаар тогтоогджээ. Улсын төв нэгдүгээр эмнэлэг өөрийн хяналтад байдаг 68 өвчтөнд энэхүү аргыг туршсан байна. Үр дүнд нь 14 хүн нь эдгэрч, үлдсэн 54 өвчтөний цусан дах сахарын хэмжээ 50 орчим хувиар буурчээ.

Мөн монголчуудын гаргасан “Сахар бууруулагч цай” маш өндөр үр дүнтэй байгааг өвчтнүүд болон судалгааны байгууллагууд онцолж байна.

Тэгвэл бид чихрийн шижинд өртөхгүй байх ямар боломж байна вэ.

  • Эрүүл зөв хооллох
  • Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх
  • Илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах
  • Хорт зуршлаас татгалзах зэрэг болно.

Бид өөрсдийн амьдарч буй орчноо өөрсдөө хамгаалж, эрүүл сайхан амьдралаа өөрсдөө цогцлоон бүтээж чадна. Тиймээс аюулт “чимээгүй тахал” болсон чихрийн шижин өвчний тархалтыг багасгахын тулд бид одооноос амьдралын хэв маягаа буруу зуршлаас салган, эрүүл амьдралыг сонгох хэрэгтэйг зөвлөж байна. Бидний үлгэр дуурайлал бусад хүмүүст урам зоригийг өгөх болно гэдгийг та бүхэнд итгэл дүүрэн хэлье. Бид бол юуг ч бүтээж чадах оюун ухаант хүмүүс юм шүү.


Сэтгэгдлүүд

  • toroo

    2018-03-07

    mongolchuud aimaar bna shde. zaluuhan humuus hurtel chihriin shijintei bna. dasgal hodolgoon tun chuhal. gadnii yanz buriin yum heregleed demii shu

  • уншигч

    2018-03-07

    энэ сахар бууруулагч цайнаас яаж авах вэ