Та хүүхдийнхээ ирээдүйг “ гар утсаар” балартуулж байна


2018-01-29 01:05:29 0

Сэтгүүлч Х.Таня

    Сүүлийн үед хүүхэд, залуучуудын хөгжил, хүмүүжлийн талаар олон шүүмж, зөвлөмж гарах болсон. Үгэнд ордоггүй, ааш нь олдохгүй байгаа бяцхан хүүхдүүдийг аюул ослоос хамгаалан эх, эцгийнхээ үүргийг гүйцэтгэх тийм ч амар биш болов. Уйлаад дайрах хүү, охин чинь ирээдүйд хэн болж төлөвших нь биднээс л хамааралтай цаг үед ирэв. Энэ талаар сургамжит өгүүллэг болон бодит явдлыг нэгэн ээж өөрийн цахим хуудаснаа байршуулсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж нэгийг бодуулж хоёрыг ухааруулсан нь лавтай.

Нэгэн түүх- Энэ түүхийг эмээ минь олон удаа ярьж байсан санагдана.

Хайчаараа тоглож байгаа эрх хүүгээсээ аав, ээж нь хайчаа авчихаж гэнэ. Гэтэл хүү уйлж, аав, ээжийгээ дийлээд хайчаа авч тоглож байгаад нүдээ сохолчихож. Хожим нь хүү аав, ээждээ:

-Хайчийг минь булаагаад авчихгүй дээ. “Уйллаа уйллаа гээд нүдээ сохортол уйлав л гэжүү дээ” хэмээсэн гэдэг.

Энэ бол орчин цагийнхан сонсоход мэдүүштэй түүх. Утсаа маажиж, газтай ундаа ууж, бэлэн гоймон идсэн хүүхдийн эцэг эхчүүд ойлгож ухах түүх.

Аав ээжүүд уйлж байгаа хүүхдээ сатааруулах гэж утсаа нүднийх нь өмнө барьж байна.

Юмны наадах цаадахыг мэдэхгүй үр хүүхддээ эцэг эх нь хэлж, ойлгуулж, бүр болохгүй бол хүний аав, ээж шиг загнаж зандраад ч болов ухааруулахгүй бол дээрх түүх нэг л өдөр давтагдаж, хүүхэд тань таныг зэмлэж, гомдож бүр яллах болно.

Ц.Доржмаа: Хүүхэд тань харилцааны эмгэгтэй болох, өсөлт нь удаашрах эрдэлтэй байдаг

    Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн мэдрэлийн эмч Ц.Доржмаа: Хүүхдээ уйлахад гарт нь утас бариулж тайвшруулдаг эцэг эхчүүд байдаг. Гэвч бага насны хүүхдээ утсаар удаан тоглуулах нь тийм ч зөв санаа биш. Гар утас, таблет, компьютер зэргээр өдөрт дөрөв болон түүнээс дээш цаг тоглодог 3-5 насны хүүхдүүдийн хувьд маш хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болох, мөн өсөлт хөгжил нь удаашрах эрсдэлтэй байдаг байна.

Хүүхдээ гар утсаар тоглуулахгүй байх 10 шалтгаан:

1.Гар утасны нөлөө нь 0-2 насны хүүхдийн тархины тогтмол хөгжилд сөргөөр нөлөөлдөг.

2.Эдгээр нь хөдөлгөөнийг хязгаарлаж биеийн хөгжлийг удаашруулах талтай.

3.Телевиз компьютер нь хүүхдийг илүүдэл жинтэй болгодог.

4. Унтахаасаа өмнө телевиз, компьютер үздэг хүүхдүүд нойрны дутагдалд ордог.

5. Хэт их технологийн хэрэглээ нь хоолны дуршил, ааш авирт сөргөөр нөлөөлдөг.

6. Тоглоом, кинон дээр гардаг хүчирхийлэл нь хүүхдийг ууртай уцаартай болгож сэтгэлзүйн хувьд эмгэгтэй болгодог.

7. Хэт их бичлэг, тоглоом, хүүхэлдэй үзэх нь хүүхдийн ой санамж, төвлөрөх чадварыг бууруулдаг.

8. 8- 18 насны хүүхдүүдийн 10% нь технологийн төрөл бүрийн хэрэглээнд хүчтэй донтож байна.

9. Электрон төхөөрөмжөөс ялгарч буй цацрагт тогтмол хордох.

10. Технологийн тусламжтай хүмүүжсэн, суралцсан хүүхдүүдийн мэдлэг тогтворгүй.

    Чихэвч зүүснээс машинд дайруулсан, гоймонгоос болж ходоод нь цоорсон, утаснаас болж хараа, ой ухаан нь муудсан, бүр цаашлаад тархины, нүдний хорт хавдартай болсон тухай судалгаа, мэдээлэл энэ тэрүүгээр зөндөө дайралдана. Даан ч хүүхдийн балчир ухаанд энэ мэдээлэл боловсруулагдаж, ойлгогдохгүй байгаа. Та ч хүүхэд байхдаа бас тийм л байсан. Нас таныг ухааруулсан. Тийм болохоор бид аав, ээж байх хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлж эрүүл саруул хүүхдээ элдвээс хамгаалж боол шиг нь биш, эцэг эх шиг нь байхсан.

Сохортлоо уйлав л гэжүү дээ

Сахарын өвчтэй болтлоо уйлав л гэжүү дээ

Хавдартай болтлоо уйлав л гэжүү дээ

Ходоодоо цоортол уйлав л гэжүү дээ

Дүлий болтлоо уйлав л гэжүү дээ

Шүдгүй болтлоо уйлав л гэжүү дээ гэж таныг ЯЛЛАХ эрх хүүхдэд бий!

Иргэн М: Манай хүү одоо найман нас хүрэх гэж байгаа. Багадаа утас ярихаар авах гээд уйлаад байдаг байлаа. Тэр үед бага байсан учраас утасны түгжээ гаргаж чаддаггүй байсан юм. Харин одоо бол хэдэн ч удаа солисон утасны түгжээ маш хурдан гаргачихдаг. Ажлаас ирэхээр хичээлээ хийхгүй тоглоод л байх юм. Тоглуулахгүй байхаар хэдэн өдөр зөрүүдлээд уйлаад суучихдаг хэцүү зантай. Тэгээд өрөвдөж, аашийг нь тааруулах гэж утсаа өгсөөр байгаад одоо хүү маань тоглоом тоглохоороо амаа ангайгаад байдаг болсон. Саяхан нүднийх нь харааг үзүүлсэн чинь холын хараа нь бага зэрэг муудсан байна гэсэн. Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд хүүхдүүдээ зөв эрхлүүлж байгаарай, эцсийн эцэст үр хүүхдээ хохироов гэж хэлэх байна.

     Бидний амьдарч буй орчинд технологи хөгжихийн хэрээр ухаалаг гар утас, зөөврийн компьютер, таблиц, зурагт гэх зэрэг орчин үеийн техник технологи маш хурдтай хөгжиж, бид бүхний өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэглээний нэг аль хэдийнэ болжээ. Одоо эдгээр нь зөвхөн томчуудын хэрэглээ гэлтгүй бага насны хүүхдүүдийн өргөн хэрэглээнд аажмаар шилжиж байгаа нь анзаарагдах болов. Өнгөрсөн онд ЮНЕСКО-гоос гаргасан судалгаагаар 3-5 насны хүүхдүүдийн 93 хувь нь долоо хоногт 28, өдөрт дөрвөн цагийн турш зурагт үздэг нь тогтоогджээ. Бусадтай бага харилцаж, ихэвчлэн зурагт, компьютерын өмнө чимээгүй сууж цагийг өнгөрүүлдэг хүүхэд бүрэг, өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг, үг ярианы хөгжил муу, хичээл сурлагадаа сайн боловч нийгмийн харилцаанд орох дургүй болох гэх мэт сөрөг талтай юм. Тиймээс зурагт, ухаалаг гар утаснаас илүү бага насны хүүхэдтэйгээ тоглож, ярилцаж, үнсэж, тэвэрч хамтдаа цагийг өнгөрүүлбэл хүүхдийн сэтгэц, хэл ярианы хөгжилд их тустай байдгийг онцолсон байна.