Бага насны хүүхдүүд алга болсоор байна


2018-01-28 22:59:20 0

Сэтгүүлч Б.Жаргалцэцэг

        “Дуудлага өгөх гэсэн юм. Манай охин хичээлээсээ ирж байна гэсэн юм. Тэгсэн хоёр цаг гаруй байхгүй”, “Манай 5 настай хүүхэд гадаа тоглож байгаад алга болчихлоо” гэх мэт ар гэрийнхнийх нь хоолой “зурагдсан” дуудлагууд цагдаагийн байгууллагад байсхийгээд л ирэх болсон нь өсөх гэж “зүдэрч” яваа монголчуудад нь айдас болж байна. 

    Өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагад “Оршин суугаа газраасаа хүүхэд алга болсон” гэх 1210 дуудлага иржээ. Нэг, арав ч биш бүр мянгаар тоологдох ийм сэтгэл сэрдхийлгэм тоо хараад айхгүй, санаа зовнихгүй байх эцэг, эх бараг үгүй болов уу. 
Нийгмийн цочроосон энэхүү асуудлын талаар бид эцэг, эхчүүд, мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж тайлбар, байр суурийг нь авлаа. 
“Бага насны хүүхдүүдэд олон нийтийн газар анхаарал тавих хараа хяналт бага зэрэг сулрахад таны хүүхэд алга болох, төөрөх өндөр магадлалтай байдаг” талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвөөс онцолсон.   

    Нөгөөтэйгүүр хүүхэд алга болохоос гадна, тэд гэмт хэрэгт холбогдох, амь нас, бие эрхтнээрээ хохирох байдал газар авсаар байна. Үүнийг таслан зогсоох ямар нэгэн арга хэмжээг ямар ч төрийн болон төрийн бус байгууллагаас одоог хүртэл хийгээгүй байгаа. Гэхдээ ганц тэдгээр байгууллагууд биш эцэг, эхчүүдийн анхаарал халамж хамгийн чухал байгааг цаг хугацаа аль хэдийнэ шаардаад эхэлсэн. 


Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдүүддээ хэрхэн, яаж анхаарал хандуулдаг талаар тодрууллаа.

Та хүүхэддээ танихгүй хүнтэй хамт явж болохгүй гэдгийг яаж ойлгуулдаг вэ? 

Эцэг эхчүүд: Ач, зээ нартаа байнга захидаг. Танихгүй хүн “гоё юм авч өгье, хамт явъя” гэвэл хамт явж болохгүй шүү” гэдгийг байнга хэлдэг. Ер нь бага насны хүүхдүүдэд анхаарал халамж маш чухал. 
 
Эцэг эхчүүд: Өдөр бүр л хэлдэг. Хичээлээ тараад гэртээ ирэх замд чинь танихгүй хүн хамт явъя, ээж аав дээр чинь очъё гэх мэт худал үг хэлбэл итгэхгүй шууд гэртээ ирэх ёстой шүү.
 
Эцэг эхчүүд: Ач зээ нартаа бүгдэд нь хэлдэг. Танихгүй хүн нааш ир, гоё чихэр авч өгье гэж хэлбэл очиж болохгүй шүү. Муу хүмүүс тэгдэг юм гэх мэт үгийг байнга хэлдэг дээ. 
 
Эмээ: Бага насны хүүхдүүд маш эрсдэлтэй байдаг юм байна. Өөрийнхөө дур сонирхлыг дагаад хөтлөгдөөд яваад өгдөг. Тийм учраас эцэг эхчүүд алхам тутамдаа хүүхдүүддээ анхаарал хандуулах хэрэгтэйг ойлголоо.
 
. Тэгвэл бид бага насны хүүхдүүдээс дуртай зүйлсийнх нь талаар асуулт асууж туршилт явуулсан юм. Хамт явах санал тавихад харамсалтай нь ганц ч хүүхэд эсэргүүцэлгүй дагаж явахыг зөвшөөрсөн. 

Одоогоос таван сар орчмын өмнө БЗД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амиа алдсан хэрэг 2017 оны наймдугаар сарын 23-нд гарсан. Талийгаачийн эцэг нь охиноо “Ээж рүүгээ оччихоод ир” гээд явуулсан байдаг. Гэтэл 10 гаруй жил хамт хөрш байсан айлын залуу А гэгч охиныг хууран мэхэлж буудлын өрөө рүү авч орсон гэх мэдээллүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан нь саяхан. Энэ мэт сэтгэл эмзэглүүлэм хэргүүд цаашид гарахгүй гэх баталгаагүй байгаа нь даан ч харамсалтай.

Амиа алдсан охин ээж: "Миний үр багаасаа аав ээждээ эрхэлж өссөн эрх хүүхэд. Саяхан хүртэл дүүтэйгээ мөөмөө булаацалдаж байсан охин минь өнөөдөр бузар муухай хүмүүсийн гарт... /уйлав/. Ээжийнхээ энгэрээс нэг ч удаа салж байгаагүй. Би үрээсээ нэг ч хором холдоггүй байсан. 13 жилийн турш яаж өсгөлөө. 13 жил энэ хүүхдэдээ яаж анхаарал тавьж байлаа даа. Тэгтэл охиныг минь алчихлаа. Хэлэх ч үг алга...
 
Охин аав Т.Лхагвасүрэн
"Миний охиныг хороосон хоёрын нэг нь манай хамар хашааны айлын банди байна лээ. Нөгөөх нь манай доохон талд байдаг айлын хүүхэд. Айлын ганц эрх охин байсан юм”.
 
Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар улсын хэмжээнд хүүхэд алга болсон дуудлага өдөрт дунджаар 10-15 ирдэг аж. Дуудлагын 50 хувийг өдөртөө, үлдсэнийг нь дараагийн өдөр олдог байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 14 хүүхэд сураггүй алга болсон тухай Нийслэлийн цагдаагийн газраас онцолж байсан юм. Тэгвэл хүүхэд алга болж байгаа нэг жишээ дурьдахад Дорноговь аймгийн Замын-Үүдийн ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагч Д.Сэржмядаг охин 11 дүгээр сарын 2-ны 18:00 цагт алга болсон. Түүнийг эрэн хайх ажиллагаа явсан боловч бүтэн гурван сарын турш олдоогүй л байна. 

/НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад/
Л.Нарантуяа: Нийслэлийн хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар оршин суугаа газраасаа алга болсон гэж цагдаагийн байгууллагад бүртгүүлж эрэн сурвалжлагдсан 1210 хүүхэд байна. Бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Ер нь бол бага насны хүүхдүүд эцэг, эхийн хараа хяналт багахан сулрахад л хүн олноор цугласан газар төөрөх өндөр магадлалтай. Тиймээс эцэг эхчүүд гадуур олон нийтийн газраар явахдаа хүүхдүүдээ гарнаас нь хөтлөөд явах нь зүйтэй. 
 
Бага насны хүүхдүүд минь бэлгийн мөлжлөг, бусдын золиос болсоор байх уу. Өсөх гэж, өөдлөх гэж зүдэрч яваа улсын иргэд нь “хар дарсан зүүдэнд дунд амьдарсаар байх уу”.