Малгайгүй явснаас болж амь насаа алдахад хүрч байна


2018-01-05 20:51:50 0

Сэтгүүлч Б.Жаргалцэцэг

   Нэгдүгээр /Улсын клиникийн төв эмнэлэг/ эмнэлгийн коридороор толгойгоо марлаар ороосон нэгэн эмэгтэй хүнээр түшүүлж удаан гэгч нь алхаж явна.

Энэ бүсгүй хоёр жилийн өмнө хэний ч өмнө хараа дээгүүр алхалж явдаг байсан ч Ц дахин жаргалтай явах цаг хугацаа бага байгаа нь даан ч харамсалтай санагдана. Тэрбээр одоо 25 настай, хийж бүтээх, сурч, боловсрох оргил үе нь.

Ц-ийн ингэж шаналж, хэцүүхэн дүр зурагтайгаар амьдралын мөчийг туулж байгаа нь өөрөөс нь болжээ.

Энэ бүсгүй өвлийн улиралд малгай өмсөхгүй явснаас болж судас нь нарийсч толгой нь үе үе хатгаж өвддөг болсон аж. Одоо Ц чанга дуу сонсоход ч хэцүү байдаг тухай бидэнд хуваалцаж байв.

Ц:Хэнэггүй явсандаа харамсаж байна

    Өвчтөн Ц /түүний хүсэлтээр нэр, зургийг нь нийтэлсэнгүй/ : Би сурагч байхдаа л хэнэггүй хүүхэд байсан. Аав ээж хоёр дандаа хэлдэг байлаа. “Малгайгаа өмсөж яв, толгой чинь өвдөнө шүү” гэж. Заримдаа би өглөө эрт босоод үсээ угаачихаад нойтон үстэйгээ толгой нүцгэн гараад явчихдаг байсан. Тэр үедээ бага зэрэг даардаг ч гэсэн гоё л байвал хамаагүй гэж боддог байлаа. Алхсаар сургууль руу ороход миний үс хөлдчихсөн байдаг байсан. Тэр үед үснийхээ хэвийг алдуулахгүй нь тулд нэг их тоогоогүй. Харин оюутан болоод би бүр л их гоёж гоодох дуртай болсон. Ерөөсөө малгай өмсдөггүй намайг ангийнхан хүртэл “малгай өмс” гэж хэлж байсныг би чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн дөө. Гэтэл хоёр жилийн өмнө манай сургууль дээр нэгдсэн үзлэг болсон юм. Тэр үед би өөрийгөө тархины өвчтэй болсон гэдгээ мэдсэн. Түүнээс хойш чихэвчээр дуу сонсохоор толгойгоор хатгуулж, хааяа юм сонсохгүй, хараад муудаж, нулимс гоожиж, тархиар маш хүчтэй хатгуулж өвдөж, нойр ч хүрэхээ байсан. Одоо малгай өмсөж явдаггүй, хэнэггүй явсандаа маш их харамсдаг.

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн нэг гэгдэх Улаанбаатар хотод Монголын гурван сая хүний талаас илүү хувь нь амьдардаг. Харамсалтай нь залуучууд нь малгай өмсөж хэвшээгүй нь тэдний эрүүл мэндэд маш сөрөг нөлөө үүсэж байна гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргасан байна.

Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Сувд ийн ярилаа.

-Залуучууд малгай өмсөж сураагүй бас хэвшээгүй. Малгай өмсөхгүй толгой нүцгэн явбал насанд хүрсэн хүн биеийн дулааныхаа 3/1-ийг, хүүхэд биеийн дулааныхаа 3/2-ыг алддаг. Нөгөөтэйгүүр залуус малгай өмсөхгүй явснаар эрүүл мэнд болон гоо сайхнаараа хохирч байдаг. Наад зах нь үсний өнгө алдах мөн тархины судаснууд нарийсч, архаг өвчин сэдрэх, цус харвах, толгой хатгаж өвдөх, нойр муудаж, ой тогтоолт мууддаг.

Хотын гудамжаар залуус маань толгой нүцгэн явж байх нь элбэг харагддаг. Түүнийгээ малгай өмсөж сураагүй, дасаагүй, дух загатнадаг, мартчихаж, ойрхон гарсан, куртикны малгайгаа өмсдөг, үс муухай болно, үсний хэлбэр алдагдаад соронзлогдчихдог гэх мэт олон шалтаг хэлж байна. Ингэж малгайгүй явах нь ирээдүйд учирч болох маш том эрсдэлд орж байгаагаа тэд өөрсдөө ч мэддэггүй.

Малгайгүй явах нь цус харвалтын гол үндэс болдог

Толгой нүцгэн явбал зөвхөн даарч, дулаанаа алдаад зогсохгүй цус харвах эх үүсвэр болж та амь насаа ч алдах эрсдэлтэй.

Улсын нэгдүгээр эмнэлгийн мэдрэлийн их эмч Ч. Мөнхзаяа: Манай улс хүйтэн, дулааны хэмийн зөрүү ихтэй, эрс тэс, хуурай уур амьсгалтай орон. Насанд хүрсэн хүний уураг тархинд нэг минутанд ойролцоогоор 750 мл (зүрхнээс тархи руу урсах цусны 15 хувь) цус урсан тэжээлээр хангадаг. Харин даарвал биеийн дулааны 7-10 хувийг алдаж, гүрээний судас нарийсч, цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг. Ингэснээр хүн цус харвах маш өндөр магадлалтай болдог бөгөөд ялангуяа хүйтний эрч -30 градусаас дээш гарах үед хүний судас царцдаг учраас нэн аюултай.

 

 

Малгайгүй явснаар үс халзардаг

    Улсын клиникийн гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Ардын эмч Х.Хусаян:  Үүнийг залуучууд нэг их мэддэггүй. Ядаргаанаас эсвэл удмаас боллоо гэх мэтчилэн өөрсдөө таамаглаж боддог. Халзралт нь үсний үндэс болох булцуунд тестостерон гормон нөлөөлснөөр үүсдэг юм.  Энэ нь жил ирэх тусам солигддог. Харин малгайгүй явснаар даарч тестостероний үйл ажиллагааг удаашруулснаас болж үсний ургалт нарийсан сүүлдээ халзрахад хүргэдэг. Мөн үсээ өдөр бүр угааж, угаасныхаа дараа нойтон үстэйгээ хүйтний улиралд гарах нь хамгийн аюултай билээ.

Насан туршдаа тархиар хатгуулж өвдөнө

Ганцхан малгай өмсөхгүй явснаар насан туршдаа таны тархиар хатгуулж өвдөнө.

Улсын гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн тасгийн өвчтөн С.Ариунбилэг: Би одоо 40 хүрч байна. Гурван сайхан хүүхэдтэй. Хүүхдээ төрөхөөс өмнө малгай өмсдөггүй байлаа. Төрсний дараа хүртэл энэ зан минь засарсангүй. Арван хэдэн жил зүгээр л байлаа. Өвөл ч зун ч бүх улиралд малгай өмсдөггүй байсан. Бага хүүгээ төрүүлээд амаржсаны дараа толгойгоор үе үе хатгадаг болсон. Ер нь  бусад бүсгүйчүүдэд хэлэхэд жирэмсэн байхдаа хэзээ ч битгий өвлийн улиралд толгой нүцгэн яваарай. Насан туршдаа толгойгоор хатгуулж өвдөнө гэдэг хүсэх зүйл биш.

Ингээд харахад малгайгүй, толгой нүцгэн явснаар маш олон өвчний эх үүсвэр болдог аж.

Ø  Архаг өвчин сэдрэх

Ø  Тархиар хатгуулж өвдөх, цус харвах

Ø  Хараа, сонсгол муудах

           Ø  Нулимс гоождог болох

Ø  Нойр муудах

Ø  Мэдрэлийн суурь өвчин үүсэх

Ø  Ой тогтоолт муудах

Ø  Стрест өртөж ажлын чадвар буурах

Ø  Хуйхны эрүүл орчин алдагдах

Ø  Үс хуурайшиж, өнгөө алдах зэрэг өвчин зөвхөн малгайгүй явснаас болж үүсэж байна.

    Бид өөрсдийн эрүүл мэндийг эртнээс хамгаалахад хэцүү зүйл юу ч байхгүй гэдгийг эмч нар онцолж байлаа. Эрүүл мэнддээ анхаарч өөрийгөө эрүүл байлгахын тулд юуг хийх талаар  Улсын нэгдүгээр эмнэлгийн мэдрэлийн их эмч Ч. Мөнхзаяа: Манай залуучууд ерөөсөө гадаад төрхөндөө илүү анхаараад эрүүл мэндээ бодохоо байжээ. “Малгай өмсөхөөр надад зохидоггүй юм аа” гэдэг үгийг маш олон удаа сонсож байсан. Өөртөө тохирсон, загвартай малгайгаа сонгоод өмсөх боломж нээлттэй байна.