Хүйтрэхийг далимдуулж малын тэжээлийн үнэ огцом нэмэгджээ


2018-01-05 19:54:11 2

Сэтгүүлч Б.Жаргалцэцэг

   Олны нэрлэж заншснаар Цайз захын автобусны буудлын хажуу талын малын тэжээл зарж буй гаднах лангуун дээр 50 гарсан гэмээр эмэгтэй ирэн шуудай хивэг авах гэж 6000 төгрөг өглөө. Гадаа хүйтэн ч гэж жигтэйхэн.

Энэ үед би сурвалжлага хийх боломжоо ашиглаж Архангай дахь ахынхаа “даалгавар”-аар хивэг, овъёосны үнэ асууж зогссон нь тэр. Намайг мунгинаж байх зуур өнөөх эгч хэтэвчнээсээ нэг таван мянгат болон мянган төгрөг гаргаж өгч хивэгээ авах гэтэл...

Худалдагч, “Та юу авах билээ” гэв. Өнөөх эгч “Би чамд хивэг авах гээд 6000 төгрөг өглөө шүү дээ” гэж байна.

 Харамсалтай нь нэг шуудай хивэгний үнэ өмнөх жил болон намрынхаас хоёр дахин өсөж 12000 төгрөгт хүрчээ.  

Худалдан авагч эгчийн царай барайгаад л явчихлаа. “Яахаараа ийм үнэтэй болчихдог юм. Жилийн өмнө би 6000 төгрөгөөр л авдаг байсан” сар гаруйн өмнө ирэхэд ч ийм үнэтэй байсан биз дээ” гэх хариултыг худалдагч руу чулуудлаа.  

Харин худалдагч “Юу яриад байна аа эгчээ, энэ жил их хүйтэн өвөл болно гээд бүх газар л ийм байгаа” гэсэн юм.

   Энэ хоёрын товчхон харилцаанаас та бүхэн малын тэжээлийн үнэ хэрхснийг гадарласан байх. Манай сайтад малын тэжээлийн үнэ огцом нэмэгдэж буй талаарх мэдээлэл ирж бид тэжээл худалдаалдаг гол төвд ирсэн нь энэ.

Өнгөрсөн жилийн энэ үед нэг шуудай хивэгний үнэ 5000-6000 төгрөгийн хооронд байжээ. Гэтэл өнөөдөр “Их цайз” зах дээр 10-11 мянган төгрөгт хүрсэн аж. Харин “Энхжин” худалдааны төвд 11-12 мянган төгрөг байв.

Золгож буй өвлийг нэлээд хүйтрэх сургаар тэжээл худалдаалагчид үнэ хөөрөгдөж эхэлсэн талаарх ундууцлыг малчид онцолж байна.

Улсын хэмжээнд 2017-2018 онд “60 сая гаруй мал өвөлжинө” гэсэн Үндэсний статистикийн хорооны судалгаа гарчээ. Харин энэ тооны малд 70000 гаруй тонн хивэг шаардлагатайг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас /ХХААХҮЯ/ мэдээлсэн.

Хивэг, тэжээлийн үнэ ингэж өсснийг худалдаалагчид ийн тайлбарлалаа.

-“Яг өдийд тэжээлийн үнэ хямдхан байдаг юм. Харин энэ жил үнэ ерөөсөө буусангүй. “Алтан тариа” ХХК-ийн хивэг олдоц муутай байгаа. Урагшаа гаргадаг гэж л хүмүүс ярих юм. Энэ жилийн өвлийг хүндхэн болно гээд малчид сүүлийн үед их тэжээл авч байна” гэлээ. 

Хивэгний гол нийлүүлэгч “Алтан тариа” ХХК-ийн хувьд бидний олсон мэдээллээр хэсэг хугацаанд энэ төрлийн тэжээлийг үйлдвэрлээгүй аж. Тиймээс үнэ өсөхөд нөлөөлснийг худалдаачид онцолж байлаа. Ямартаа ч одоогоор тус компанийн зүгээс “Хивгийг хэвийн хэмжээнд үйлдвэрлэж байгаа” хэмээсэн.

Б.Наран:  Энэ жил арай дэндүү үнэтэй байна

   Малынхаа тэжээлээ бэлтгэхээр ирсэн Б.Наран: Энэ жил арай дэндүү үнэтэй байна. Би ихэвчлэн Цайз захаас малын тэжээл, хивгээ авдаг юм. Байнга л 5000-6000 төгрөгөөр авдаг. Уг нь сүү өртөглөж авахгүй, хэдэн үнээнээсээ цайныхаа сүүг авчихдаг байсан л даа. Гэтэл одоо тэжээл нь ийм үнэтэй байхад цаашид бараг сүүгээ худалдаж авсан нь дээр юм шиг санагдлаа. 

Ес эхлэхээр малчдад үнэхээр хүндрэлтэй байдаг талаар ярьж байна. Учир нь малчдын хувьд ганцхан орлогын эх үүсвэр тэдний тэжээж, өсгөж буй таван хошуу мал нь байдаг. Гэтэл малын тэжээлийн үнэ огцом нэмэгдсэнээр тэд тэжээлээ авч чадахгүйд хүрээд байгаа гэнэ.

Харин малчдын хувьд тэжээл, хивэг олдоц муутай байгаа нь Хятад улс руу экспортлож буйтай холбоотой байж магадгүй гэдгээ нуусангүй. Малын тэжээлийн нөөц, хангамж, эрэлт хэрэгцээг зохицуулах зорилгоор дотоодын гурилын үйлдвэрүүдээс бэлтгэсэн малын тэжээлийн хивэгний экспортыг одоогоос хоёр жилийн өмнө хязгаарласан байдаг. Гэвч экспорт хязгаарласан хэдий ч малын тэжээл болон хивэгний үнэ энэ хэвээр  байх уу гэх асуулт малчид болон тариаланчдад гарч байна.

ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг: Яамнаас шаардлагатай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн

 -Одоогоор нийт нутгийн 60 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Өдөр болгон шахуу их, бага хэмжээгээр нэмж орж байгаа цаснаас шалтгаалж дагтаршсан бүрхүүл тогтож эхэлсэн нь хамгийн ихээр санаа зовоож байгаа. Энэ жилийн зуншлагаас шалтгаалан малчдын түвшинд өвс, тэжээлийн хангалт муу байна. Тиймээс малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж зээл олгон дутагдаж байгаа өвс, тэжээлийг ОХУ-аас импортлон аймаг сумдад хамгийн бага үнээр борлуулахаар боллоо. Өөрөөр хэлбэл, гаалийн татвараас чөлөөлнө гэсэн үг. Энэ сарын дундуур импортоор оруулж ирсэн малын тэжээл худалдаанд гарч эхэлнэ. ХХААХҮЯ өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг аймгуудаас авч, дүгнэлт хийж, шаардлагатай үед тулгамдсан асуудлыг Улсын онцгой комисс, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлж ажиллах зорилгоор “Шуурхай штаб”-ыг байгуулан ажиллуулж байна.

            Салбарын сайд нь ийнхүү ярилаа. Салбарын яамнаас ямартаа ч тэжээлийн үнийг хямдруулах арха хэмжээнүүдийг авч эхэлсэн нь тодорхой боллоо.

Гааль болон НӨАТ-аас малын тэжээлийг чөлөөлснөөр 25 кг-аар савласан хивэг 9800 орчим, 40 кг хорголжин нь 17200 орчим төгрөгөөр тус тус худалдаалах мэдээлэл байгаа юм.

Энэ сарын байдлаар 1947,8 тонн хивэг, 1324,1 тонн хорголжин, 21,2 тонн тэжээлийн бэлдмэл импортоор орж ирээд байна. Үүнээс ХХААХҮ-ийн яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан  есөн аж ахуй нэгж нийтдээ 1248,2 тонн хивэг, 761,9 тонн хорголжин тэжээлийг импортоор оруулжээ. Үүнийг Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн малчдад хүргэн, худалдаалах ажил өрнөж байна.

  Өвөл хэцүүхэн болох сургаар хивэгний үнийг тодорхой хэмжээгээр хөөрөгдөөд байсан худалдаачдыг “хазаарлах” төрийн зохицуулалт, арга хэмжээ гарсанд малчдын магнай тэнийж эхэллээ. 


Сэтгэгдлүүд

  • MGL

    2018-02-05

    ZUN NI NAADAM HUUTSULDUUD ,SONGUULIIN SHOW HIIJ HIIJ ZASAG NI YU CH HIIGEEGUI ENE HAVAR CH NOGOO IDEH , NOHOI IDEHIIG NI YALGAAD UGUH NI DEE , YAANDAA

  • unshigch

    2018-01-05

    hudaldaachid ugaasaa tegdeg shde. yumnii surgaar une nemne