Х.Баделхан: Барилгын материалын үйлдвэрлэл,хөгжилд шинэ эрин үе нээж байна


2017-12-15 16:33:44 0

     “Эрэл” ХХК-ийн БҮК-1 төслийн Байшин үйлдвэрлэх үйлдвэрийн нээлтэд  Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханыг урьжээ. Нээлтийн үеэр салбарын сайд “Монгол Улсын барилгын салбарт 1960-аад оны эхэн үеэс угсармал байшингийн үйлдвэрлэлийн эх суурийг тавьсан байдаг. Улмаар 30 шахам жил хөгжих хугацаанд Байшин үйлдвэрлэх комбинат-1 (БҮК-1) Улаанбаатар хотод орон сууцны шинэ хорооллуудыг сүндэрлүүлэхэд  түүхэн үүрэг гүйцэтгэснийг манай салбарынхан мартаагүй. 

Нийслэл хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр шинэ зууны шинэ хорооллууд барих төслүүдийг хэрэгжүүлэхээр салбарын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагааны хүрээнд дагуул хотууд, орон сууц, олон нийтийн барилга болон холбогдох дэд бүтцийг стратеги төлөвлөгөөний дагуу барихаар төлөвлөж байгаа. Тийм ч учраас энэ цаг үед БҮК-1 төслөөр хэрэгжүүлэх  угсармал барилгын үйлдвэрлэл ашиглалтад орж байгаа нь түүхэн ач холбогдолтой юм” хэмээн онцлоод барилгын материалын үйлдвэрлэл, барилгын хөгжилд шинэ эрин үе нээж байгаа “Эрэл” ХХК-ийн хамт олонд баяр хүргэж ажлын амжилт хүссэн юм.

“Эрэл” ХХК-ийн БҮК-1 төслийн хүрээнд ашиглалтад орж байгаа шинэ үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж нь ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн технологийг ашигладаг дэлхийн том үйлдвэрүүдийн нэг болон шинэчлэгдэж байгаа аж. Ингэснээр бүх дамжлагыг компьютерээр хянадаг бүрэн автомат үйлдвэр юм байна.  “Эрэл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Эрдэнэбат "Төслийн хүрээнд барих угсармал барилга нь газар хөдлөлтөд тэсвэртэйгээс гадна дулаан алдагдал багатай учир эдийн засгийн хэмнэлттэйг" онцоллоо.