Японоос 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо


2017-12-06 10:53:39 1

Сэтгүүлч Л.Баатархүү

   Хоёр улсын Засгийн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсаас гурван жилийн хугацаатай шат дараатайгаар 850 сая ам.доллар хүртэлх санхүүгийн хөнгөлөлттэй хүүтэй дэмжлэг үзүүлэхээр боллоо. Үүнээс 2017 оны төсөвт нэмэр болгох зорилгоор эхний ээлжийн 700 тэрбум төгрөг буюу 283.3 сая ам.долларыг яаралтай шилжүүлэх талаар Японы талаас мэдэгдсэн юм. Уг эхний ээлжийн мөнгийг жилийн 0.8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс зургаан жил чөлөөлөх боломжтойгоор олгох аж.

Энэхүү “Төсөв, нийгэм эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Засгийн газар хоорондын Солилцох нот бичигт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Такаока нар гарын үсэг зурав. М.Такаока сайд “Ямартаа ч 2017 оны Монгол Улсын төсвийн дарамтыг тодорхой хувиар бууруулна гэдэгт итгэлтэй байна. Эхний удаад олгож буй 700 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хөнгөлөлттэй хүүгийн нөхцөлтэй зээл танай улсын 2017 оны төсвийн 10 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй. Байгалийн баялагийн үнэ өсөж, экспорт нэмэгдэж, танай улсын эдийн засгийн нөхцөл байдалд эерэг дүр зураг харагдаж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар төсвийн сахилга батаа сайн хангана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Дээрх 850 сая ам.долларыг “Макро эдийн засгийн тогтвортой удирдлагыг хангах”, “Нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх”, “Эдийн засгийн өсөлтийг дэмжих” гэсэн гурван шинэчлэлийн арга хэмжээнд Японы Засгийн газраас дэмжлэх үзүүлэх аж. 


Сэтгэгдлүүд

  • уншигч

    2017-12-06

    ямар хэрэг бна аа. төсвөө зээлээр нөхнө гэж юу гэсэн үг вэ