Азийн хөрөнгө оруулагчид Монголд чуулна


2019-06-07 08:55:51 1

Сэтгүүлч Л.Баатархүү

   Азийн томоохон хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, экспортлогч, бизнесийн төлөөллүүд Монголд чуулах гэж байна. Тодруулбал, Монголын зах зээлийн судалгаа, бизнесийн хөрөнгө оруулалт, дэлхийд өрсөлдөх Монгол брендыг бий болгох зорилгоор үндэсний үйлдвэрлэгч та бүхэнтэй хамтран ажиллахаар тэд энэ сарын 13-д Улаанбаатарт чуулна.

Уг чуулга уулзалтад онлайн худалдаа, Экспортын зөвлөх үйлчилгээний “Пакс Монголика” ХХК, Азийн зах зээлд тэргүүлэх компаниуд болох Япон улсын маркетинг, борлуулалтын үйлчилгээ үзүүлэгч Glowd Inc., БНСУ-ын онлайн худалдаа, экспортын Zeffiro Inc, БНХАУ-ын ӨМӨЗО-ы шууд худалдааны групп компани болох Монгол Хан компани оролцох юм.

Нөгөөтэйгүүр Монгол улсын гадаад худалдааг өргөжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Зүүн Азийн зах зээлд борлуулах, тэдгээрт дэмжлэг үзүүлэх, экспортын боломжуудын талаар мэдээлэл өгч, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны зорилгоор “Азийн зах зээлд гарах гүүр” арга хэмжээг анхны жилдээ зохион байгуулах гэж байна. Цаашлаад гадаад харилцааны хүрээнд харилцан туршлага солилцох бизнес аялалуудыг тогтмол зохион байгуулж, Азийн бизнесийн хамтын ажиллагаа олон улсын холбоо байгуулан ажллахаар төлөвлөжээ.

Энэхүү арга хэмжээнд Япон, БНСУ, БНХАУ-ын туршлагатай, экспорт гадаад худалдааны чиглэлээр мэргэшсэн экспертүүд оролцох аж. Тэд Монгол улсын бизнес эрхлэгчдэд тулгардаг экспортын асуудлуудыг шийдсэн шийдлийнхээ талаар, Япон, БНСУ болон БНХАУ-ын зах зээлд, цаашлаад дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахад шаардлагатай зөвлөгөө мэдээллүүдийг хүртэл өгөх юм.

 Дашрамд дурьдахад шаардлага хангасан байгууллагуудтай экспортын хамтын ажиллагааг эхлүүлэх гэнэ. Харин шаардлага хангаагүй байгууллагуудад сургалт, зөвлөгөөг тогтмол өгч бизнес хөгжүүлэлтийн ажил дээр хамтарч ажиллах юм.

  Хэзээ: 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр

Зохион байгуулагдах газар: Улаанбаатар хот, Их Монгол Оффис, Хурлын танхим


Дэлгэрэнгүй мэдээллийг: 99992844, 88028828
ЖИЧ: Ирсэн зочин бүрт БНСУ-ын CELLTRION SKINCURE гоо сайхны компаний гарын бэлэгтэй.

 


Сэтгэгдлүүд

  • Map

    2019-06-07

    сонирхолтой