"Лу.Болдоос болж хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан" гэв


2017-11-15 17:52:36 1

Тоймч Л.Баатархүү

   УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар маш нууц баримт бие бие рүүгээ шидэлцсэн "ширүүхэн" хурал боллоо. 

Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр Лу.Болд, Ж.Батзандан нарын гишүүд түүн рүү дайралт хийсэн байдалтай хурал болов. Гэтэл Б.Хурц маш нууцад хамаарах хэд хэдэн мэдээллийг хэлж орхилоо. Тэрбээр “Лу.Болд гишүүн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа хойд Солонгосоос зэвсэг авах асуудал яригдсан юм. АТГ ч түүнийг нь шалгаж байсан. Тэгж ярьвал хойд Солонгост танаас болж хоёр хүн цаазлуулсан. Та тэр улсад 300.000 ам.доллар төлөх ёстой шүү. Молекул Батж.Батбаяр гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Би одоо цааш нь ярих уу, үгүй юу” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд ийн тайлбар өглөө. “Манай улс хойд Солонгостой зэвсгийн наймаа хийж байгаагүй. Гэхдээ оролдлогууд байсан. Өмнө нь ОХУ-ын хуучин зэвсгийг зарах оролдлогууд яригдаж байсан юм. Энэ асуудал намайг сайд болох үед дамжиж ирсэн. Би 300.000 ам.доллар аваагүй” гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцыг Элчин сайд болохыг эрс эсэргүүцэж буй. Түүний гол хэлж байгаа байр суурь нь “УИХ-ын гишүүдийг тагнаж чагнасан, ордон доторх хүмүүс түүнээс айж байна” гэх зэргээр ярьж байгаа.

Гэхдээ улс орон, үндэсний аюулгүй байдалд учруулахуйц эрсдэлтэй зүйлийг хэн нэгэн хийхээр зэхэж байвал тэр хүний УИХ-ын гишүүн, жирийн иргэн байхаас үл хамаараад тагнуулын байгууллага мэргэжлийн ажиллагаа явуулах эрхтэй байдаг аж. Б.Хурцын хувьд “зарим асуудалд ажлаа л хийсэн” гэсэн юм.

Ямартаа ч тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаан ширүүхэн болсон ч гишүүдийн 78.6 хувийн саналаар Б.Хурцыг Элчин сайдад томилуулах саналыг дэмжлээ. 


Сэтгэгдлүүд

  • zochin

    2017-11-30

    naad gar chini ugaasaa reketchin gj olon niit heldeg. Mongold shudargaar ingej tultlaa bayajih bolomj tun homs