Банкины тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна


2017-11-03 18:47:28 2

Сэтгүүлч Л.Баатархүү

    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод санаачлагч УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар өргөн барилаа. Уг нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар тухайлбал, банкинд авах албадлагын арга хэмжээг зөвхөн зөрчил гарсны дараа бус, зөрчил үүсч болзошгүй эрсдлийн түвшинд хүрсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх байдлаар хэрэгжүүлж, банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн үндэслэлийг шинээр хуульчлах гээд олон асуудлыг шийдэх заалт оржээ. Манай сайт уг хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй тодруулга, харьцуулгатай цуврал мэдээллийг та бүхэнд үргэлжлүүлэн хүргэх болно. 

Уг төсөл дараах чиглэл, агуулга бүхий зургаан зүйлтэй аж.

1. Банк үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавих шалгуур, банкны холбогдох этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдийн тодорхойлолтыг сайжруулж, банкнаас тэдгээртэй хийх хэлцлийн хязгаарлалтыг шинэчлэх;

2.  Банкинд хяналт тавих Монголбанкны үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд банкны хяналт шалгалтын бүрэн эрхийг өргөжүүлж тодорхойлно. Үүнд, банкны активын чанарыг үнэлэх, эрсдэл даах чадварын шинжилгээ хийх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгө, эрсдэлийн сан, бусад шалгуур үзүүлэлтийг банкны хувьд ялгамжтай тогтоох зэрэг багтана.

3. Банкинд санхүүгийн байдал, төлбөрийн чадварыг алдагдуулах дутагдал, доголдол, зөрчил гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах талаар Монголбанкны оролцоог нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд “банкийг тогтворжуулах төлөвлөгөө”-г боловсруулан Монголбанкинд ирүүлэх банкны үүргийг шинээр тодорхойлж, банкны эрсдэлийн түвшин тодорхой хэмжээнд хүрсэн тохиолдолд Монголбанкнаас авах “урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний төрлийг тогтооно.

4. Банкны төлбөрийн чадвар алдагдсан, эсхүл алдагдаж болзошгүй болсон тохиолдолд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхолд нийцтэй банкны үндсэн үйл ажиллагааг хадгалах үүднээс банкинд бүтцийн өөрчлөлт хийх арга хэмжээний үндэслэл, хэрэгжүүлэх хэрэгсэл, нөхцөл, журмыг шинээр тодорхойлно.

5. Банкинд бүтцийн өөрчлөлт хийх шаардлагагүй, эсвэл уг арга хэмжээ үр дүнгүй тохиолдолд банкны тогтолцооны тогтвортой байдлыг алдагдуулахгүй, үр нөлөөтэй байдлаар банкийг татан буулгах арга хэмжээ авах, банкнаас үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын дарааллыг шинэчилж, үр нөлөөг нэмэгдүүлнэ.

6. Банкны албадлагын арга хэмжээний хүрээнд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг хамгаалах, хохирлыг барагдуулах, шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэх хүрээг тодорхойлно гэж төсөлд дурдсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар эрсдэл даах чадвартай, санхүүгийн хувьд бэхжсэн банкны тогтолцоо бүрдэж Монголбанкнаас банкинд тавьж буй хяналт шалгалтын эрх зүйн орчин сайжирч, түүнийг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлэх, банк санхүүгийн салбарт бий болж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хөгжлийг түргэсгэхэд эрх зүйн хувьд таатай орчин бий болохыг төсөл санаачлагдын зүгээс онцоллоо. 

Эх сурвалж: www.parliament.mn

 


Сэтгэгдлүүд

  • zohiolch

    2017-11-03

    bankuud arai l het davarch bna. tedniig hamgaalsan huuliin tosol bolchihson uu, ard tumend eeltei bolson uu gedgiig medeelne shu

  • уншигч

    2017-11-03

    дараа нь ямар ямар заалт орж бгааг дэлгэрэнгүй мэдээлээрэй.