УИХ-ын 21 гишүүн МАХН-д очино


2017-10-23 18:13:52 0

   Улс төрчдийн ярианы сэдэвт МАН, МАХН хоёрын нэгдэл яригдсаар ирсэн. Хоёр намын ахмадууд язгуур угшил нэг, хоёул зүүны үзэл баримтлалтай намаа нэгтгэх санаа зорилготой. Дунд болон залуу үеийнхэн нь өөрсдийн дарга болох амбицаас болж хоёр намын нэгдлийг эсэргүүцэж байгаа дуулддаг. Ямартай ч 2009 онд У.Хүрэлсүхийн хичээл зүтгэлээр нам хоёр хуваагдаж, шинэхэн нэршилтэй намд М.Энхболд эзэн суусан. МАН-ын гишүүд хуучин гэртээ буюу МАХН-даа сэтгэлтэй, хайртай хэвээр байдаг тухай улс төрийн хүрээнийхэн шивэр, авир ярьж, хуучин буйрын эзэн хайрт дарга, хүчтэй лидер Н.Энхбаярыгаа санаж, МАХН-даа очих далдхан хүсэл тээсээр ирсэн.

Гэтэл энэхүү хүсэл мөрөөдлийг хангах мэт 2017 онд УИХ-д 65 суудалтай, засаглагч МАН үзэл бодлынхоо хүрээнд хоёр хуваагдсан. Ингэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжсэн 33, дэмжээгүй 32 хэмээн хуваагдаад байгаа гэх. Үнэндээ одоо МАН нь М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр дээр талцсан дахин хуваагдах гарцаагүй болсон тоглоом болоод байгаа.

Ямартай ч саяхныг хүртэл олон нийтийн зүгээс У.Хүрэлсүх болон түүний нөхдийг улс төрийн шинэчлэлийн төлөө зүтгэж буй шударга залуус хэмээн үзэж байсан. Гэвч тэрхүү итгэл талаар болж байгаа нь сайд нарын томилгоо болон олон нийтэд үзүүлж буй үг яриа, үйлдэл хөдөлгөөнөөс дүгнэгдэхээр байна.

Засгийн газраас түлхэгдэн унасан гишүүдээс 11 нь МАН-ын бага хурлын үеэр МАХН-д нэгдэх тухай нууц хэлэлцээрийг Н.Энхбаяртай ярилцсан талаар зарим хэвлэл мэдээллэж байсан нь үнэн гэдгийг  баттай эх сурвалжаас хэллээ. Эдгээр гишүүдийн МАХН-д элсэх болсон гол шалтгаан нь МАН–ын гишүүдийн ах дүүс, эхнэр, нөхөр АН-ын ҮЗХ-д хэт олноороо байдаг. Үүнээс үзэхэд эрх баригч хоёр намын үзэл баримтлал, чиг үүрэг, итгэл үнэмшил алдагдан холилдож хайрт нам нь гэр бүлийн бизнесийн эрх ашигт үйлчлэн АН төрийн эрх барьж байгаа мэт нөхцөл байдал үүссэнтэй холбоотой юм байна.

Өнөөдрийн байдлаар МАХН-д орох саналтай гишүүдийн тоо бодитойгоор 21 болж өссөн байна. Ингэхдээ тэд тус намын гишүүн болох хүсэлтээ Н.Энхбаяр даргад албан ёсоор илэрхийлж үнэнч байхаа андгайлсан бөгөөд МАХН-ын батлахыг гардан авах өдрөө ч мөн товлож тодорхой болгожээ. Ингэж У.Хүрэлсүх эрх мэдэл албан тушаалын төлөө МАН-ын сүйрэлд эцсийн цэгийг тавьсан байна.

МАХН-д хадаг барин очсон эдгээр гишүүд өөрсдийг нь түших эцсийн найдвараараа Н.Энхбаярыг сонголоо. Хүчтэй лидерийн эрэлд гарсан МАН-ын гишүүдийн хүслийг хангасан хүн нь Н.Энхбаяр болжээ. Хэрвээ тэд Н.Энхбаярын нөмөрт очоогүй бол У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Т.Аюурсайхан нарын журмын нөхөддөө өгдөг  “60 тэрбумынхан” гэсэнтэй ижил элдэв нэр хоч зүүж түмэнд ад үзэгдэн эцэс сүүлд нь шоронд морилох хувь заяа хүлээж байгаа гэмээр. У.Хүрэлсүхийг сөрж зогсоох ганц л хүчирхэг хүн байгаа нь өнөөгийн улс төрд Н.Энхбаяр болж таарлаа. Цаг хугацаа бүх зүйлийг эмчилдэг. Монгол Улсын гурав дах Ерөнхийлөгч Н.Энхбаярын улс төрийн тоглоом дахин эхэллээ.

tug.mn