Мake up artist Жижи: Нүүр будахдаа эхлээд зөв крем сонгох нь чухал


2017-07-01 01:12:47 0

- Цэцгийг услаад  байхаар гоё ургадаг шиг, хүний арьс ч адилхан-

Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг

    Сүүлийн үед охид, бүсгүйчүүд нүүр будалтдаа ихээхэн анхаарах болжээ. Үүнтэй холбогдуулан манай сайт нүүр будалтын урлагаар нэлээд “мундагт” тооцогдоод буй “Мakeup Jiji” салоны гоо засалч (захирал), нүүр будалтын багш Х.Жижи-тэй ярилцлаа. Гоо заслын урлагт дурлагч залуусаар түүний шавь нарын эгнээ тэлсээр байгааг хэлэхэд таатай байна. Ур чадвар, мэдрэмжтэй Жижигийн ярилцлагыг бүсгүй та амтархан уншаарай.

Таныг Жижи гэдэг нэрээр л хүмүүс мэднэ. Та өөрийгөө уншигчдад танилцуулаач?

- Энэ нэрийг хайртай хүн маань авгайлж өгсөн юм. Олонд таниулсан,  уран бүтээлийн нэр учраас энэ нэрээрээ л дуудуулах дуртай, дуудахад ч амархан. Би уран зураач, дизайнер чиглэлээр төгссөн л дөө.

Америк, Туркаас урилга ирсэн

Яагаад нүүр будалтын чиглэлээр суралцах болов. Та энэ мэргэжил гэхээсээ илүүтэйгээр энэ урлагт дурлаад хэдэн жил болж байна вэ?

-Оюутан байхад загварын шоу болдог байлаа. Биднээр шоунд оролцож буй залуусын нүүр будалт хийлгүүлдэг байсан юм. Моделиудыг будсаар байгаад сонирхолтой болсон гэх үү дээ. Ингээд л миний нүүр будалт чиглэлээр илүү сайн суръя, хувцасны загвар зохиолоо гэхэд бүрэн төгс харагдуулахын тулд  өөрөө будалтаа хийдэг байх хэрэгтэй юм байна гэж бодож, энэ гайхалтай урлагт дурласан хэрэг. Нэг ёсондоо цаг хугацаа намайг ийшээ татсан. Манайд өнгө судлал гэдэг хичээл ордог байсан юм. Тэр хичээл гоо засалч /Мake up artist/ болоход их тус болсон. Эхлээд youtube-ээр make up-ийг сурсан. Дараа нь сургууль дээрээ бие даан сурч, өнгөрсөн зун БНХАУ-д энэ чиглэлээрээ суралцаж, мэргэжлийн үнэмлэхтэй боллоо. Оны дараагаас дахин суралцах гэж байгаа. Америк, Турк хоёр улсаас урилга ирсэн. Аль нь илүү их юм сургах боломж байна тэр газар руу нь л явна. Энэ чиглэлээр ажиллаад таван жил болжээ. Хүмүүс нүүр будалтыг маш амархан гэж боддог. Харин суралцахаар ирсэн хүмүүс ийм хэцүү юм уу гэдэг. Нүүр будалт тийм амар зүйл биш.

Мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?

- Би амьтан тэжээдэг байсан. Үс нь унаад харшилтай болчихсон. Монголд байдаг материалууд ихэнх нь урдаас вагоноор ирдэг учраас  тоос, тоосонцор их хэмжээгээр шигдсэн байдаг юм. Хувцсаа эсгэх гэхээр тоосноос болоод одоохондоо хийж чадахгүй байгаа. Эрүүл мэндээ бодоод дизайнерийн мэргэжлээ орхъё гэж бодож байсан. Гэхдээ хүний дуртай зүйл, төгссөн мэргэжил учраас сэтгэл зүрхэнд уяатай, мартаж чаддаггүй юм билээ. Загварын шоу үзэхээр энэ шиг хувцсаа хийгээд явах ёстой байсан юм гэж боддог шүү. Одоо харшлаа эмчлүүлж байна. Он гаргаад мэргэжлээрээ ажиллана гэсэн бодолтой байгаа.

Нүдээ будахдаа дор хаяж гурван өнгийн тэн хэрэглэж байж илүү гоё болдог

-Нүүр будалтын хамгийн чухал зүйл нь юу вэ?

-Бүх юм. Цэцгийг услаад л байхаар гоё ургадагтай адил, хүний үндсэн арьсний суурь маш чухал. Мөн идэж байгаа зүйлдээ анхаарах хэрэгтэй. Нүүрээ будуулахаар ирсэн бүсгүйчүүд бүх юмыг нүүр будалтад даатгадаг. Батга юм уу ямар нэгэн зүйл гарахад мэргэжлийн хүнээр буудуулчих юм чинь  100 хувь дараад өгчихнө гэж боддог. Гэтэл тийм биш байдаг. Эхлээд идэж байгаа зүйлдээ анхаараад дараа нь гадна талаас нь маск, шим тэжээл өгөх зүйлсийг хэрэглээд нүүр будалтандаа анхаарах ёстой. Нүүр будахдаа эхлээд зөв крем сонговол будалт гоё болно.  Манайхан цайрах дуртай болохоор хүзүү, цээжнээсээ эхэлж цайвар өнгийн крем түрхдэг. 

Ингэж будах нь буруу.  Амьд, гэрэлтсэн харагдахын тулд хүзүү, цээжээ адилхан өнгөөр будна. Дараа нь илүү натурал харагдах  нүдний цэвэрхэн будалт.  Хөмсөгний өнгөө бага зэрэг цайвар өнгөөр тавиад, нүдээ будна. Нүдээ будахдаа дор хаяж гурван өнгийн тэн хэрэглэж байж илүү гоё болдог. Бас нэг чухал будалт бол уруул. Хүмүүс маш олон уруулын будаг цуглуулсан байдаг юм. Бүдэг яагаан, шаргалдуу /вeige/ өнгийг сонгож будвал илүү гоё, залуу харагдана.

Нүүр будалт гэдэг хүний хувцаснаас ялгарах зүйлгүй гэж байх. Та мэргэжлийн хүний хувьд нүүр будалтыг тайлбарлаач?

- Нүүр будалт гэдэг тодорхой хэмжээгээр өөр харагдаж байж нүүр будалт болно. Хүн нүүр будалтаар хөгшин ч болж болно бас залуу ч болж болно. Нүүр будалтыг зөв хийж сурах юм бол наснаасаа таваас 10 дахин залуу харагдах боломжтой. Тэгж харагдахын тулд өнгөө зөв сонгох нь чухал. Хувцас сонгохдоо би ийм өнгийн  хувцас өмсвөл илүү гоё, залуу харагдана гэж сонгодог. Түүнтэй адилхан нүүр будалт тэр чигээрээ өнгө. Хүмүүс ихэвчлэн нүдний будгийг саарал өнгө сонгодог. Энэ нь хүнийг цонхигор харагдуулдаг юм. Тэгэхээр илүү шаргал амьд өнгүүдийг сонгож байж залуу харагдана. Эдгээр өнгийг сонговол хараад л баймаар эмэгтэй гэдэг шиг та мөн адил тэгж харагдах боломжтой.

Буруу суурь тавьж, тос түрхвэл арьс өнгөө алдана

-Нүүр будахдаа эмэгтэйчүүд юун дээр илүү алддаг вэ?

-Арьс арчилгаан дээрээ. Эрүүл арьстай, үл ялиг сэвхтэй, ганц хоёр батганы сорвитой, хацар нь ягаавтар охидууд өө даралт сайтай крем хэрэглэдэг. Энэ нь буруу зүйл. Харин миний дээр хэлсэнчлэн хүзүүтэйгээ адилхан өнгөөр нүүрээ будахад л дарагдчихдаг. Мөн нүүрний будгийг судлах хэрэгтэй. Энд тэндхийн хуурамч бүтээгдэхүүн хэрэглэснээс боломжийн үнэтэй брэнд бүтээгдэхүүн хэрэглэвэл арьсанд сайн талтай. Хятад бүтээгдэхүүн хэтэрхий химийн гаралтай байдаг болохоор арьс  үхжиж, харшилтай болгодог юм. Харшилтай болчихвол хэн ч таны гоо сайхныг буцааж өгч чадахгүй. 

Дараагийн том алдаа бол тос түрхээд л будалтаа хийчихээр энэ арьсны зөв арчилгаа, зөв будалт болчихно гэж ойлгодог. Энэ бол өрөөсгөл ойлголт юм. Зөв будалт хийх гэж байгаа тохиолдолд base /суурь, үндсэн/ юм уу primer тавиад будалтаа хийвэл гоё харагдана. Тос түрхсэнээрээ арьс маань эсэргээрээ өнгөө алдах мөн цагийн дараагаас бүх хэсгээрээ гялайж эхэлдэг. Энэ нь буруу суурь тавьсных. Зөв суурь тавиад зөв бүтээгдэхүүн хэрэглэвэл таны арьсыг хамгаалж өгдөг. Бүтээгдэхүүнээ судлаад зөв будалт хийвэл гоё харагдана.

-Тосыг яаж хэрэглэвэл зөв хэрэглээ болох вэ?

-Тосыг унтаж байхдаа юм уу, гэртээ амарч байхдаа арьс арчилгааны журмаар хэрэглэнэ. Тос болоод тосны төрлийн бүтээгдэхүүнүүд  арьс арчилгааных. Нүүр будалтын бүтээгдэхүүн гэдэг нь зөвхөн бүрхүүл үүсгэж, гадны нөлөөллөөс хамгаалж өгдөг юм. Энэ хоёрыг  яалгах хэрэгтэй.

-Энэ жил ямар  будалт, өнгө тренд болж байна вэ?

-Burgundy өнгө зонхилсон будалт их тренд болж байгаа. Бас давхраагүй охидыг давхраатай мэт будалт. Хөмсөгний хувьд үсэрхэг өтгөн хэрнээ маш цэвэрхэн зассан хөмсөг моодонд орсон.

-Та фэйсебүүкээр модель сонгож  будалт хийдэг. Ямар охидыг сонгодог вэ? Таны модель болохыг хүсдэг охид их байдаг байх?

-Нэвтрүүлэгт орох гэж байгаа бол найруулагчийн хэлсэн хүнийг сонгоно. Бусад тохиолдолд хамгийн түрүүнд бичсэн хүнийг л сонгодог доо.

Салхи үлээхээр тайвширлыг мэдэрдэг

-Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Мотоцикл сонирхдог юм шиг байсан?

-Чопперийн холбоонд байсан. Сүүлийн үед мотоцикл байхгүй, явах цаг зав ч алга. Стресстсэн үед мотоцикл унахаар тайвширдаг. Уул өөд мацаж мацаж гараад салхи үлээхээр тайвширлыг мэдэрдэг /инээв/. Бүх муу юм холдоод сайхан энергиэр дүүрч байгаа юм шиг санагддаг. Салхинд их дуртай. Эмэгтэй хүн Монголд мотоцикл  унах бас хэцүү. Мөн аялах их дуртай.

-Та сургалт явуулдаг энэ талаараа яриач?

-Сургалт өсвөр насныханд танхимын хэлбэрээр заана. Харин 25-аас дээш насныханд ганцаарчилж заадаг юм. Үүнд мэргэжлийн анги, мөн өөрийгөө будах гэсэн сургалтууд бий. Сургалт болгон өөр, өөр хугацаатай. Эхний хичээл дээр юу сурахыг хүсэж байна вэ тухайн хүнээ судлаад, цуглуулчихдаг дараагийн хичээлээс хүссэн зүйлийг нь заана.

-Гэрийн нөхцөлд нүүрээ хэрхэн зөв будах вэ. Охид бүсгүйчүүддээ зөвлөхгүй юу?

-Цэвэрхэн арьстай байх юм бол будалт гоё харагддаг. Сайхан харагдахын тулд хүний идэж ууж байгаа зүйлс маш чухал. Хүчтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглээд дэмий. Би хуурай аьстай байлаа гэхэд тос түрхэхээр шууд чийгшилтэй болгодог бүтээгдэхүүнээс татгалзаарай. Тийм бүтээгдэхүүн ихэнхдээ арьсны хорыг дотогш агуулаад гадагшлуулдаггүй. Хэрэглэхээ болихоор нүүр батагшиж, сэвхдэх хэлбэрээр хор гадагшилдаг.  Хурдан үйлчилгээтэй биш удаан хэрнээ найдвартай бүтээгдэхүүн сонговол зүгээр. Крем сонгохдоо хэт өө дарагчтай нь сонгох хэрэггүй. Илүү хөнгөн, жигд крем жижиг өөг маш хурдан дардаг. Гялалзуулагч хэрэглэвэл арьс бас гоё харагдана. Гэрийн нөхцөлд тосон гэрэл сүүдэр тавиад, фүтерээ түрхээд, гялалзуулагч хэрэглэхэд л та маш гоё харагдана.

-Багахан хугацаанд ярилцсанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

-Баярлалаа