Б.Болорчимэг: Хеликобактерт уламжлалт эмчилгээ үр дүнтэй байна


2017-04-10 16:33:57 0

     Ходоодны хавдар нь удамшил, орчин, хооллолтын хэв маяг, нас, хvйс, цусны бvлэг, ходоодны шархлаа гэх мэт олон зүйлээс нөлөөлж үүсч байгаа ч ходоодны хорт хавдар нь хеликобактертай нягт холбоотой гэдгийг эрдэмтэд баталсан. Тиймээс ходоодон дахь хеликобактераа устгаж чадвал хорт хавдраас сэргийлж чадна.

Тодруулбал, 30 нас хүртлээ хеликобактераа устгаж чадвал ходоодны хорт хавдараас 100 хувь сэргийлж чадна. 40 нас хүртлээ устгаж чадвал эрчүүд 93 хувь, эмэгтэйчүүд 98 хувь, 50 нас хүртлээ устгаж чадвал эрчүүд 76, эмэгтэйчүүд 92 хувь, 60-аад насандаа устгавал эрчүүд 50 хувь, эмэгтэйчүүд 84 хувь сэргийлж чадна гэсэн үзүүлэлт байдаг талаар Харвард, Масачусетийн Технологийн Институтын шинжлэх ухаан технологийн хамтарсан хөтөлбөрт биотехнологийн судалгаа хийдэг доктор Б.Батзаяа олон нийтийн сүлжээнд бичсэн байв. 

ДЭМБ-ын 2016 оны судалгаагаар ходоодны хорт хавдарын нас баралтын тоогоор Монгол улс дэлхийд тэргүүлж байгаа харамсалтай мэдээ бий. Тиймээс ходоодны хорт хавдарын шалтгаан болсон хеликобактерийг эмчлэх үр дүнтэй эмчилгээний аргыг эрэлхийлэх нь чухал байна. Хеликобактерийг устгахад уламжлалт эм, эмчилгээ үр дүнтэй байгаа талаар эмч мэргэжилтнүүд хэлж буй.

Уламжлалт эмчилгээний үр дүн болон хеликобактерийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн үздэг талаар Манба Дацан эмнэлгийн их эмч Б.Болорчимэгтэй ярилцлаа.

-Хеликобактерийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн үздэг вэ?

-Уламжлалт анагаах ухааны онолд эрүүл хүний биед 8 түм 4000 хорхой байдаг гэж үздэг. Тэдгээрийг гадна орших, дотор орших гэж 2 ангилаад дотор оршихийг нь мөн дотор нь хий, шар, бадган, цусны хорхой гэж ангилдаг. Хийн хорхой нь олгойд, шарын хорхой арьс, нүд, шүд, шулуун гэдэс, бэлгэсд, бадганы хорхой ходоодонд, цусны хорхой цусанд орших бөгөөд цусны дотор гүйгээд нянгийн өвчний шалтгаан болж байдаг. Эдгээрээс ходоодонд орших бадган хорхой нь утас ороосон адил түүдэгнэж эвхрэн байдаг нарийн урт, жижиг хэмжээтэй цагаан болон улаан өнгөтэй байдаг гэж тэмдэглэсэн байдаг. 1982 онд Австралийн эрдэмтэн Бэрри Маршал, Робин Варрен нар ходоод, 12 хуруу гэдэсний шархлааны 90 хувь нь хеликобактераар үүсгэгддэг бөгөөд эцэстээ хорт хавдар үүсгэдэг хорт бактер гэдгийг тогтоосон нь одоо миний ярьж байгаа ходоодны бадган хорхой юм.

-Хеликобактерийг үүсгэх шалтгаан?

-Хеликобактер нь үл зохицох идээ, амтлаг амттай идээ болон цагаан идээг хэтрүүлэн хэрэглэх, өдөр тутмын буруу хооллолт, даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүн, чанарын баталгаагүй жимс, хүнсний ногоо болон халдвар дамжих хэд хэдэн хүчин зүйлүүдээс шалтгаалж үүсдэг. Амнаас ам, өтгөнөөс ам, эмнэлгийн нөхцөлөөс (багаж хэрэгсэл, ялангуяа ходоод, дээд гэдэсний дуран, ходоодны шүүрлийн шинжилгээний уян гуурс) гэсэн халдвар дамжих замууд байдаг.

-Хеликобактер байх ёстой хэмжээнээс ихсэх эсвэл багасах тохиолдолд өвчилнө гэж ойлгож болох уу?

-Цусны шинжилгээн дээр хеликобактер 0-30 байвал хэвийн гэж үзэн түүнээс хэтэрвэл эмгэг байдалд хүрлээ, ходоодонд аюул учруулах нь ээ гэж үздэг. Уламжлалт анагаах ухаанд ходоодны бадган хорхой нь тодорхой хэмжээнд эрүүл байдлаар байх ёстой. Харин хорхойг хөдөлгөх буюу тухайн өвчнийг үүсгэх шалтгаан нөхцөл нь бүрдсэн тохиолдолд өвчин үүсдэг гэж ойлгож болно.

-Хеликобактертай бол ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Эхэн үедээ шинж тэмдэг илрэхгүй байж болно. Харин яваандаа хоолны дуршил буурах, цээж гашуун оргих, хэхрүүлэх, хүчиллэг зүйлээр гулгих, идсэн хоолоор эсвэл бор хүрэн зүйлээр бөөлжих, гэдэс дүүрэх, цанхайх, өтгөн хатах зэрэг шинжүүд илэрдэг.

-Хеликобактерийг илрүүлэх оношилгооны аргуудын талаар?

-Техник технологи сайн хөгжсөн болохоор хеликобактерийг илрүүлэх олон үр дүнтэй лабораторын аргууд бий болсон байна. Үүнд, цусаар хеликобактерийн эсрэг биет үүссэн эсэхийг шинжилдэг. Өтгөнөөс бага хэмжээтэй авч лабораторид шинжлүүлэхэд бактер байгаа үгүйг үздэг оношилгооны өндөр үр дүнтэй арга бий. Үлээлтээр шинжлэх нь идэвхжилийг бодитоор шинжилдэг ганц арга тул хяналтын шатны шинжилгээнд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр аргуудыг судалгаанд ашиглаж эмчилгээний үр дүнг тооцох бүрэн боломжтой.

-Хеликобактерийн үед гурвалсан эм уудаг шүү дээ. Уламжлалт анагаах ухаанд ямар эмчилгээ хийдэг вэ?

-Гурвалсан эмэнд нянгийн эсрэг антибиотик, ходоодны шарханд уух эм, ходоодны шүүрэл дарангуйлах эм багтдаг. Заавал энэ гурвыг ууж байж эмчилгээ үр дүнгээ өгнө. Сүүлийн үед хеликобактер нянгийн эсрэг эмэнд дасал болчихсон, антибиотик эмэндээ дарагдахаа больчихсон учраас эмчилгээний илүү үр дүнтэй аргыг эрэлхийлж, эмчлүүлэх нь чухал.

Уламжлалт анагаах ухааны арилгах, амирлуулах эмийн эмчилгээ нь ходоодны бадган хорхой буюу бидний хэлж сурсанаар хеликобактер өвчинд үр дүнтэй байгаа бөгөөд мөн л ходоодны шүүрэл дарангуйлах, ходоодны шархыг эмчлэх, бактерийн эсрэг гэсэн 3 зарчмаар амирлуулах, арилгах эмнээсээ тухайн үйлчлүүлэгчид тохирох эмийг сонгон хэрэглэдгээрээ онцлогтой. Тиймээс эмчийн хяналтанд тууштай эмчлүүлвэл ходоодны бадган хорхой өвчний эмчилгээний үр дүн өндөр байдаг.

-Манба Дацан эмнэлэгт хеликобактераа эмчлүүлсэн хүмүүсийн бодит үр дүнг танилцуулахгүй юу?

-2015-2016 онд Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлсэн хеликобактертэй буюу В хэлбэрийн ходоодны үрэвсэлтэй гэж оношлогдсон 40 гаруй үйлчлүүлэгчдийн биеийн байдал сайжирсан, зарим үйлчлүүлэгчдийн шинжилгээнд хеликобактер илрээгүй, эмчилгээний үр дүн сайн байсан.

-Хеликобактерийн халдвараас яаж сэргийлэх вэ?

-Ямарваа нэгэн өвчнөөр өвдөөд эмчлүүлсэн тохиолдолд дахин өвчлөхгүйн тулд дэглэм сайн сахих хэрэгтэй байдаг. Ялангуяа ахуйн халдвар ихтэй өвчний үед маш сайн анхаарах шаардлагатай. Хеликобактерийн халдвараас сэргийлэхийн тулд болж өгвөл нийтийн хоолны газар орохгүй байх, өөрийн гэсэн аяга тавганд идэж ууж занших, хаанаас оруулж ирсэн нь мэдэгдэхгүй чанарын баталгаагүй хүнс, хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Гэр бүлийн нэг л хүн хеликобактераар өвчилсөн тохиолдолд гэр бүлийн бүх гишүүд эмчлүүлэх шаардлагатай. Ахуйн нөхцөлөөр бүх хүнд халдварладаг тул зөвхөн өвдсөн хүн нь эмчилгээ хийлгээд үр дүнгүй.

-Бага насны хүүхдэд ч хеликобактер халдах уу?

-Хеликобактер хүүхэд, хөгшин, залуу бүх хүнд халдварладаг ходоодны шарх, хавдар үүсгэдэг хортой бактер юм.

-Уламжлалт анагаах ухаанд идээ унд, явдал мөрөөр эмчлэх эмчилгээний томоохон арга бий. Тиймээс ходоодны өвчнөөс сэргийлэхийн тулд, нэгэнт өвдсөн тохиолдолд ямар идээ унд хэрэглэх ёстойг хэлж өгөхгүй юу?

-Ходоодны өвчин нь архаг өвчин бүгдийн үндэс суурь болж байдаг тул ходоодны үрэвсэлтэй гэлтгүй хүн бүр өдөр тутамдаа шингэхэд хялбар, аль болох ходоод, улаан хоолойг цочроохооргүй эрүүл, аюулгүй, чанартай хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх ёстой. Уламжлалт анагаах ухааны онолд хоногийн 24 цагийг гурав хуваагаад өглөөний 03:40-07:40, 15:40-19:40-ийг хийн цаг гэж үзэн энэ цагуудад шингэхдээ амархан халуун, бүлээн шөлтэй хоол идэх, 11:40-15:40, 23:40-03:40 хүртлэх цагуудыг шарын цаг гэж үзэн энэ цагуудад буюу өдрийн цагаар махан удаан шингэдэг хоол хүнсийг илүүтэй хэрэглэх, 07:40-11:40, 19:40-23:40 бадганы цаг байдаг тул ходоодыг амраан өлөн байх хэрэгтэй гэж тэмдэглэсэн байдаг.

-Ходоодны өвчнөөс шалтгаалж бусад эрхтэн өвчлөх үү?

-Тэгэлгүй яахав. Уламжлалт анагаах ухааны онолд “Ходоод нь тариалангийн талбайтай адил тул галын илчийг тэтгэ” мөн “Дотор өвчин бүгдийн үндэс нь эс шингэх юм” хэмээн номлосон бөгөөд ходоодны бадган, эс шингэх өвчин нь өөр олон архаг өвчин үүсгэх үндэс суурь болж байдаг.

“Уламжлалт анагаах ухаан” сонин