богино мэдээ New

68 нэр төрлийн халамж олгохоор төсөв батлав

Ард иргэд “корона”-ийн сүрэнд дарагдаж байх хойгуур эрхэм гишүүд ирэх оны төсвийг тэрүүхэндээ нам гүмхэн, бүхлээр нь баталчихлаа..

Тоймч Л.Баатархүү

     Ард иргэд “корона”-ийн сүрэнд дарагдаж байх хойгуур эрхэм гишүүд ирэх оны төсвийг тэрүүхэндээ нам гүмхэн, бүхлээр нь баталчихлаа.

Ямар лобби явсан, юу юу батлагдсныг мэдэх сөхөөгүйгээр тэд ийнхүү 2021 оны “авдралчихав”.

Энэ удаагийн төсвийн хагас их наяд нь халамжид урсахаар болжээ. Тодруулбал, 530 тэрбум төгрөгийг 68 нэр төрлийн халамжид зарцуулах аж. Эдийн засагчид, мэргэжлийн хүрээнийхэн, зарим тоо гадарладаг гишүүд хүүхдийн мөнгийг бүгдэнд нь өгөхийг эрс эсэргүүцэж байсан. Уг халамжаас болж эдийн засаг “эвгүйтэх” гэж байна гэдгийг тэд их хэлсэн ч ийнхүү талаар боллоо.

Тодруулбал, энэ оны эцэс хүртэл 18 хүртэлх насны хүүхдүүдэд сар бүр 100.000 төгрөг /1.2 сая хүүхэд/ олгох “үйлс”-ийг ирэх оны эхний хагас жил хүртэл олгоно.

Ирэх оны тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг, зарлага нь 13.9 их наяд буюу ДНБ /дотоодын нийт бүтээгдэхүүн/-ий 30 хувь байна гэж тооцжээ.

Харин төсвийн алдагдал ДНБ-ий 5.1 хувь буюу 2.2 их наяд төгрөг байх юм.

“Маш өөдрөг” төсөөлөлтэй эл төсвийг “шаардлагатай үед тодотгоно” хэмээн бараг эсэргүүцэгчгүйгээр батлагдав. Тухайлбал, 2021 онд “42 сая тонн нүүрс экспортлоно” гэсэн нь цар тахлын ийм үед бараг боломжгүйг эдийн засагчид олонтаа шүүмжилсэн.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0