Э.Содномпэлжээ: Амжилт гаргахын тулд заавал нэг зүйлийг золиослох хэрэгтэй


2016-10-10 10:54:52 0

   Сэтгүүлч О.Сайхан /www.jirgee.mn/

   Энхбаярын Содномпилжээ. Тэрбээр Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XV паралимпийн наадмын пауэрлифтингийн 88 кг-ын жинд өрсөлдөн хүрэл медаль хүртсэн билээ. Их олимпийн уриа "Хүчтэйгээс хүчтэй" хэмээх хүндийн өргөлт-пауэрлифтингийн төрөлд хөгжлийн бэрхшээлтэй байтугай жирийн хүн өрсөлдөхөд хүнд төрөл билээ. Эх орныхоо нэрийг өндөр өргөн, өргөсөн тангарагтаа үнэнч яваа тэрээр ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин юм. Э.Содномпилжээ Улаанбаатар хотод төрсөн ч Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөний гэрчилгээгээ авсан байдаг. Тэрбээр 3 насандаа Улаанбаатар хотод ээжтэйгээ хамт шилжин ирсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 9-р сургуулийг төгссөн нэгэн. 1999 оны тэр нэгэн гайт өдөр хөлөө гэмтээн өвчнөө оношлуулж чадахгүй байсаар "ясны хорт хавдартай" хэмээх онош сонсон хөлөө тайруулах дээрээ тулсан юм. Э.Содномпилжээгийн ээж Н.Амаржаргалд эмч нарын хэлсэн "зургаан сарын настай" гэсэн үг дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу санагдсан ч тэрээр үрийнхээ төлөө бүхнээ зориулан зүтгэсэн. Газар дээрх ганц үрийнхээ төлөө бүхий л амьдралдаа зориулсан Н.Амаржаргал гуай Содномпилжээгийн "амьд бурхан нь".

Үе тэнгийнхээ хүүхдүүдтэй тоглож, сургуульдаа явж чадахгүй бяцхан үрээ их спортоор хичээллүүлж, сэтгэлийн хат суулгасан ач гавъяа энэ л хүнийх. Ганц хүүгээ амьдралд хөл алдуулахгүй гэсэндээ эрдэм боловсролтой болгож, их спортын замд хөтөлсөн ээжийнхээ ачийг Содномпилжээ эхнээсээ хариулж яваа. Тэрбээр амьдралын эрхээр “Ард” санхүүгийн нэгдэлд нягтлан бодогч, "Монгол шуудан" компанид биеийн тамирын багшаар ажиллан, зав чөлөөгөөр бэлтгэлээ хийн Их спортын оргил өөд мацсаар. Монгол улсад паралимпийн олимпийн наадмын медальтан ердөө гуравхан бий. Найман жилийн өмнө Бээжингийн олимпоос Ж.Баатаржав Алтан медаль хүртэж анхны шанг татаж байсан бол энэ жил Риогийн олимпоос хоёр тамирчин олимпийн медальтан болсон.

Түүнтэй цуг хүрэл медаль хүртээд ирсэн Б.Ууганхүүг Дорноговь аймгийн удирлагууд өнгөрсөн амралтын өдөр хүлээн авч УБ хотод 2 өрөө байр, нутгийн иргэд 30 сая төгрөгөөр мялаан, "Саран Хөхөө" театр хүндэтгэлийн тоглолт хийсэн. Харин Улаанбаатар хотынхон одоохондоо нам жим л байна. Нийслэл хотоос төрөн гарсан олимпийн медальтангууд тийм ч олон биш. О.Гүндэгмаа, П.Сэрдамба, Э.Бадар-Ууган, Д.Мөнхбаяр, Н.Энхбат, Н.Төгсцогт гээд л цөөхөн байдаг. Тэднийг аав ээжийнх нь нутаг усныхан өөрийн нутгаас төрөн гарсан алдартануудаа болгоод өмчлөөд авдаг. 
Харин Улаанбаатар хотоороо овоглосон түүнийг Нийслэл, дүүргийн удирдлагууд тун удахгүй хүлээн авч, Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн гавъяаг нь дуурсгах биз ээ. Сонгинохайрхан дүүргийн биеийн тамир, спорт хорооны шинэ “Спорт цогцолбор” 2016 оны 09 сарын 16-ны өдөр нээлтээ хийсэн билээ. Олон олон хүүхдүүд Сонгинохайрхан дүүргээсээ төрөн гарсан анхны олимпийн медальтан Э.Содномпилжээгийнхээ амжилтын жимээр өгсөж, Их спортын оргилд хүрэх цаг тун удахгүй ирэх буй за.

Түүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна

"Хамгийн сүүлд гурав дахь оролтон дээрээ сайхан шахсан ч шүүгч тооцоогүй л дээ"

-Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу. Бэлтгэлдээ орсон сурагтай байна. Олимпоос хойш сайхан амарч чадав уу?

-Сайхан, сайхан намаржиж байна. Бэлтгэлдээ ороод хоёр л хонож байна даа. Шинэ дөрвөн жилийн программ, дөрвөн жилийн циклээр л бэлтгэлээ хийж, тактикаа боловсруулж эхэлнэ дээ.Тухтай сайхан амарч чадаагүй ээ. Одоо амраад байх хугацаа байхгүй учраас бэлтгэлдээ шаргуу орж эхэллээ. Он гараад тэмцээнүүд ар араасаа цуврана даа. Он гараад л дэлхийн цомын аваргын тэмцээн байна. Мөн Игерийн дэлхийн цомын аварга, Канадад бас нэг тэмцээн байгаа. Хамгийн сүүлд есдүгээр сард Мексикт Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.

-Олимп бол ард түмний дунд хуучраагүй сэдэв. Таны гаргасан амжилтаар дэлхий болон Монголчууд бахархсан. Хүрэл медалийн болзол хангаж, дараа нь мөнгөн медалийн оосроос атгаад алдсан тэр мөчөө та эргэн дурсвал?

-Олимп сайхан болсон. Гэхдээ сэтгэлд хүрээгүй л дээ. Яагаад гэвэл энд өргөж байсан штангаа тэнд очиж өргөхөөр өөрчлөгдөнө. Манай Хосоо багш “Бид нар өөрсдөө дэлхийн дээвэр дээр амьдардаг. Дэлхийн доод нөгөө ертөнц дээр очихоор штанги өөрчлөгддөг юм байна лээ шүү” гэж хэлсэн үнэн. Хамгийн сүүлд гурав дахь оролтон дээрээ сайхан шахсан ч шүүгч тооцоогүй л дээ.

-Та нартай хамт тогооч, эмч, сэтгэлзүйчтэйгээ явж чадсан уу. Үндсэн тамирчид эд нартайгаа хамт явсан шүү дээ?

-Бид нар тэгж чадаагүй. Манай хорооны ерөнхийлөгч Нямхүү гуайн ярилцлагыг уншихад эмчийнхээ зардлыг арайхийж олж явсан юм билээ. Тэгэхээр парагийнхан ямархуу байгаа нь ойлгомжтой шүү дээ. Нөгөө талаар улс эх орон ч гэсэн ямар байгааг тод харуулж байгаа л зүйл дээ.

-Үндсэн тамирчдынхаа бүх зүйлээр нь 100 хувь хангаж явуулчихаад та нарт яагаад арай дутуу сэтгэлээр хандсан мэт ойлголтыг төрүүлээд байна. Уучлаарай, магадгүй хөгжлийн бэрхшээлтэй тамирчид болохоор гадуурхагдаж байна гэсэн ойлголт олон нийтийн дунд төрөөд буйг нуухгүй юм?

-Эмзэглэх зүйл бишээ. Харин ингэх тусам илүү сайн байж амжилт гаргаж Монголынхоо нэрийг эх дэлхийд дуурсгах ёстой гэсэн бодол хүчийг би өөртөө бий болгодог юм шүү дээ. Паралимп гэдэг чинь зэргэлдээ хамтран гэсэн үгнээс гаралтай юм билээ. Манай тамирчид эрүүл тамирчид олимпийн эрхээ авахын тулд яаж өрсөлддөг үү яг л тэр замаар өрсөлддөг. Тамирчин хүн яаж зүдэрч, ядарч, хөлс хүч, хөдөлмөр оюунаа шавхан байж оноо авдаг, яг л тэр зарчмаар бид эрхээ олж авдаг. Шүүлтэн дээр “Өө зайлуул, энэ хөлгүй юм. Энэ тэргэнцэртэй тамирчин юм” гэсэн ойлголт байхгүй. Их хатуу л тэмцэж байж эрхээ олж авна даа. Тамирчин хүн бол тамирчин шиг л байх ёстой. Нэг талаасаа бол их хатуу шүүлттэй наадам. Маш их тэвчээр шаардана даа. Амжилт гаргахын тулд заавал нэг зүйлийг золиослож байж хүссэн амжилтандаа хүрдэг.

"Хоёр гурван удаа шантарч болъё гэсэн бодол төрж байсныг нуухгүй ээ"

-Таны энэ олон жилд шантрах, болъё, энэ спортыг орхиё гэсэн бодол төрж байсан уу?


-Хоёр гурван удаа шантарч болъё гэсэн бодол төрж байсныг нуухгүй ээ. Бэлтгэл хийгээд явахаар ар гэрийн асуудал бүрэн орхигдоод байсан. Өвөл ажил хийхгүй л бол түлээ нүүрсээс өгсүүлээд хэцүү байдаг. Тэгэхээр ажил хийж, ээж хүү хоёроо тэжээх үүрэгтэй. Тэгээд өвөл нь ажлаад зун нь бэлтгэлдээ ордог байлаа. Сүүлдээ бэлтгэлээ хийж, хичээж амжилтад хүрэх бодол тээсэн. Манай ээжийн бага дүү \бурхан болсон\ надад их сайхан урам зориг орох үгийг хэлж байлаа. “Чи олс өөдөө авирчихаад олсны үзүүрт хүрэхэд жаахан газар үлдсэн байхад чи хаях юм бол хэн ч биш болно. Наадахыг чинь хоёр дээд сургууль төгссөн, нисгэгч мэргэжилтэй би улсын аваргын медаль атгах байтугай үзүүрээс нь ч атгаж үзээгүй хүн. Чи юу ярьж байгаа юм, бэлтгэлээ хийгээрэй. Миний дүү юм дуулгана” гэж хэлж байсан. Тэгээд л бэлтгэлээ хаяж цалгардуулахгүйгээр явсан даа. 2013 онд тэмцээн уралдаанд явах гэхээр мөнгө төгрөг олдохгүй хүнд хэцүү үе байхад шантарч байсан. Харин нагац ах маань сэтгэл сэргэж сэвхийтэл босч ирэх урмыг хайрласанд баярладаг юм.

-Санхүүгийн хувьд хүнд хэцүү байдаг гэлээ. Тэмцээн уралдаанд явахаар мөнгө төгрөгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-2013, 2014 оны тэмцээний зардлыг спонсор буюу хувь хүмүүсээ гаргуулдаг байсан. Тухайн үед Соёл спорт аялал жуулчлалын яамнаас онгоцны зардал даана. Аар саархан санхүүгийн дэмжлэгийг "Хас"-ын Ч.Ганхуяг захирал маань гаргаж байсан. 2013 онд ганцаараа тэмцээнд явж байсан. Тухайн үед уг нь 80-д орох байсан ч багш, менежер байхгүй гэж хасагдаад, тэгээд ээж маань замдаа хоолонд ороорой гэж 150 ам.доллар өгсөн. Түүгээр нь торгуулийн мөнгөө төлөөд 88-д орж байсан.

-Амьдралын хувьд хүнд хэцүү зүйлийг туулсан гэдгийг тань мэднэ. Ээжтэйгээ хамт хүүгээ өсгөж өдий зэрэгт хүргэсэн сайн аав. Төрүүлж өсгөж, түшиж тулж яваа ачлалт сайхан ээжийнхээ талаар яриач?

-Миний өсгөнө ч гэж юу байх вэ, ээж минь өсгөж өдий зэрэгт хүргэлээ дээ. Одоо бол аавтайгаа эн зэрэгцэхээр өсч торниж том болж байна. Би өөртөө тодорхой зорилт тавьчихсан бэлтгэл сургуулилалт гээд явчихаар миний хүүг эмээ нь хардаг байсан. Хамаг ар гэрийнхээ ажлыг ижий л минь зохицуулж, ар нуруундаа үүрч, хүүг нь өвөртөө тэвэрч хүн болгосон юм. 2015 он хүртлээ ээжтэйгээ хамт амьдарлаа. Манай ээж Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн. Аав ээж нь тус аймгийн Цагаанхайрхан сумаас гаралтай. Надад хамгийн ойр дотно байгаа хүн бол яах аргагүй миний ээжээ. Өдий зэрэгт хүргэж өсгөж хүмүүжүүлж, амжил бүтээл гаргахад байнга сэтгэл санаа болон бусад зүйлсээр туслаж дэмжиж ирсэн ээжийнхээ ач гавьяаг яаж мартах билээ. Миний ээж бол сэтгэлийн асар их тэнхээ, бас тэсвэр тэвчээртэй хүн дээ. Эмэгтэй хүнд ямар агуу ухаан, сэтгэлийн тэвчээр байдгийг би ээжээсээ олж хардаг бас мэдэрдэг. Харин миний аав бол Хөвсгөлийн Шинэ-Идэр сумынх.

Хүү нь сайн явж нэрд гараад ирэхээр төрсөн эцэг нь тоож эхэлж байгаа юм байлгүй дээ

-Аавтайгаа холбоотой байдаг уу?

-Ер нь бол холбоогүй байсан. Намайг хөлөө тайруулах үед нэг удаа холбогдож “Аав нь очноо” гэж хэлээд сураг тасарсан. Тэгээд чимээгүй байж байгаад өнгөрсөн 2015 онд Дэлхийн аваргын тэмцээнд орсны дараа миний утсыг олж авч холбогдсон. Тэрнээс хойш “Миний хүү” гэж залгаж ярьдаг болсон. Хүү нь сайн явж нэрд гараад ирэхээр төрсөн эцэг нь тоож эхэлж байгаа юм байлгүй дээ. Тэрнээс өмнө бол сураг чимээгүй байсан.

-Өмнө огт холбоогүй байж байгаад гэнэт гараад ирэхээр тэр хүнд гомдох сэтгэл төрсөн үү?

-Гомдож байсан. Намайг өвчтэй хүнд хэцүү үед “аав нь очно” гэж хэлчихээд ирээгүйд их гомдсон. Одоо гомдол цайсаан. Энэ хорвоод нэг нь бий болгож, нөгөө нь төрүүлж өсгөсөн эцэг эх хоёртоо л хүн баярлаж явах хэрэгтэй юм шиг санагддаг. Гэхдээ миний өдий зэрэгтэй яваа нь ээжийн минь л ач гавьяа юмдаа.

-Тамирчин хүний гаргасан амжилт ар гэртэй нь зайлшгүй холбоотой. Гэр бүлтэй болж шинэ хүнтэй болсон юм байна?

-Ам бүл нэмсэн. Өнгөрсөн долдугаар сард охинтой боллоо. Мэдээж хүн өсөж хөгжинө, үр хүүхэдтэй өнөр өтгөн болно. Тэгэхээр ядаж хотын төвд байртай болчихвол хүүхдээ сонирхсон дугуйланд явуулах юмсан гэж боддог. Тиймээс байртай болчихвол гэж мөрөөддөг. Гэр хороолол хэцүү. Өвлийн улиралд байнга галлана, хүйтэн. Энэ жил нялх нойтон хүүхэдтэй зутрах болов уу гэж айгаад л байгаа шүү.

-Хүүгээ спортын хүн болгохоор шийдсэн үү?

-Хүү минь “жүдогоор явна аа, ааваа” л гэж ярьдаг болсон. Хүсэл мөрөөдлийг нь хүндэтгээд хичээллүүлнэ дээ.

-Нийслэл хотоос төрөн гарсан паралимпийн анхны медальтангаа Нийслэл, дүүргийн удирдлагууд хүлээж авсан уу?

- Одоогоор хүлээж аваагүй л байна. Тун удахгүй хүлээж авах байх аа. Манай Сонгинохайрхан дүүрэг паралимпийн үеэр шинэ Спорт цогцолбортой болсон. Энэ цогцолборыг санаачилж бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон дүүргийн удирдлагуудад маш их баярлалаа. Манай дүүрэг Улаанбаатар хотын хамгийн их хүн ам төвлөрсөн дүүрэг. Тийм учраас манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон дүүргийн удирдлагууд спортын олон арга хэмжээ зохион байгуулж, хүн амынхаа эрүүл мэндийн төлөө улам их анхаарна гэдэгт итгэлтэй байгаа. Миний спортын гаргасан амжилт олон хүнд итгэл найдвар төрүүлсэн байх хэмээн найдаж байгаа.  Нийслэлийн Засаг дарга С.Батболд спортын олон арга хэмжээ зохион байгуулдаг, спортод элэгтэй хүн учраас паралимпийн тамирчдыг цааш цаашдаа улам ихээр дэмжих байхаа. 

-Асар их хөдөлмөрийн цаанаас амжилт дөнгөж цухуйна гэдэг. Тамирчин хүн өөрийнхөө урсгасан хөлс, гаргасан хүч хөдөлмөрөөрөө амжилтаа үнэлүүлж дүгнүүлж, Спорт хэмээх их оргилын оройд гардаг гэдэгтэй санал нийлэх үү. Та тавьсан зорилгынхоо хэдэн хувьд хүрсэн бэ?

-Нийлэлгүй яах вэ, ёстой үнэн эд шүү. Тамирчин хүний амжилт юугаар хэмжигдэж харагдах уу, өөрийнх нь гаргасан хөлс хүч, ур ухаанаар л бүх зүйл илт болно доо. Зорилгынхоо 50 хувьд ч хүрээгүй яваа. Надад тавьсан зорилт олон. Гэхдээ эхнээсээ үр шимийг нь хүртэж явна.

Би ялагдсан үедээ гутардаггүй

-Спорт эзэндээ ялалт, ялагдал хоёрыг л авчирдаг. Ялагдсан тохиолдолд өөртөө ямар дүгнэлт хийдэг вэ?
-Би ялагдсан үедээ гутардаггүй. Ер нь гутарч үзээгүй гэж хэлж болно. Харин улам их хичээж, дараагийн тэмцээндээ энэ хүнийг заавал ялна гэсэн бодлоор өөрийгөө хурцалдаг. Хүндийн өргөлт бол өөрийн өөртэйгээ тэмцэнэ. Дотоод хүнээ сайн сонсож ярилцаж чадах юм болдог спорт.

-Анх хэдэн оноос эхэлж хичээллэж эхэлсэн бэ?

-2000 оны намраас хичээллэж эхэлсэн. Тухайн үед намайг хөл муутай нэг эгч ээжийн ажлын гадаа харж уулзаад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт байдаг юм. Миний дүү яваач” гэсэн саналыг тавьж байсан. Ээжид хүртэл хэлж байсан. Харин ээж надаас “Чи спортоор явж чадах уу” гэж асуухад би “Чадна аа” гээд л толгой дохиж байснаа сайн санадаг юм. Тэр эгч ээжид Биеийн тамир спортын газрын Тамгын газрын дарга Л.Ням ахыг надад зааж өгсөн. Тухайн үед манай холбооны ерөнхийлөгч Л.Ням ах намайг сайтар харж шинжиж байгаа штанг өргөх саналыг тавьсан. Яг чамд тохирно гээд багшийг зааж өгсөн. 2000-2002 он хүртэл бүтэн хичээллээд, удалгүй багш гадагшаа явсан. Тэгээд 2003 онд арван жилээ төгсөөд ажлын байран дээр гарч ирсэн. 2008 онд эдийн засаг хямраад ажиллаж байсан ажлаасаа орон тооны цомхтголоор халагдсан. Тэгээд ажил хайж яваад 2009 оны хоёрдугаар сард бэлтгэлдээ эргэн орсон. Манай багш “Чамд боломж байгаа. Ирээдүйн бэлтгэлээ үргэлжлүүлэн хийнэ” гээд л орсон доо.

-Өвдөг нь өвдөж эхэлсэн үеэ яривал. Яаж байгаад гэмтээсэн юм бэ.

-1999 онд өвдгөө бэртээгээд тухайн үедээ онош нь олдохгүй баахан эмнэлгээр явсан. Эмч нар мэдэхгүй буруу эмчилгээ хийснээс болж нөгөөх нь хортой хавдар болж хүндэрсэн. Би хүүхэд байсан болохоор ээж гэр орондоо уйдаж байгаа байх гэж боддог байсан юм болов уу. Асаргаанд байдаг болохоор миний сэтгэлийг засах санаатай ийм зүйл сонирхож бэлтгэл хийхүү гэсэн саналыг тавьж байлаа. Хиймэл хөлтэй болохоор удаан явах бол өвдөнө, бусдаараа бол гайгүй дээ.

-“Сүлд” спорт хороонд хэзээнээс эхэлж харьяалагдаж эхлэв. Ажил бэлтгэл хоёроо яаж зохицуулдаг вэ?
-Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн харьяалагдаж эхэлсэн. Цаг зав гаргаж зохицуулна аа.

-Ш.Энхсайхан багштайгаа таарсан үеэ дурсаж яривал. Багш нь юу гэж сургаж зааж зөвлөдөг вэ?

-Болгарын биеийн тамирын хүндийн өргөлтийн ангийг төгссөн. Хүндийн өргөлтийн дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Ш.Энхсайхан гэж хүн бий. Дасгалжуулагчийн нэгдүгээр зэрэгтэй. Монголын хүндийн өргөлтийн спортыг ид хүнд хэцүү үед буюу 1990-2000 он хүртэл дасгалжуулагчаар нь ажиллаж, олон жил чирсэн хүн дээ. Одоо үндэсний бөхийн олон аварга, аймаг, цэргийн цолтой бөхчүүд багш дээр бэлтгэл сургуулиалт хийж байна. Миний багш бол намайг “Чи юманд хүрнэ ээ. Хамгийн гол бэлтгэл сургуулилалт уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй шүү” гэдэг юм. Багш, Л.Ням ах хоёрын нүд мэргэн харжээ.

-Улсын аваргын тэмцээнд эрүүл тамирчидтай хамт тэмцээнд оролцдог хэрнээ гадагшаа болохоор парагийнхаа тамирчнаар явдаг. Энэ хоёрын хооронд ялгаа бий юу?

-Хэвтээ шахалт болохоор адилхан. Нэг нь эрүүл, нөгөө нь пара тамирчдаараа л ялгарна даа.

-Гаргасан амжилтуудынхаа тухайд, одоо хэчнээн медалтай байна вэ?

-2010 онд Женко Х.Баттулгаас алтан медаль авч, дараа 2011, 2012, 2013 онд Улсын аваргаас дандаа хүрэл медаль авсан. Манай холбоо хоёр хуваагдсан байдаг бөгөөд 2014 нөгөө холбооны тэмцээнд ороод алт авч байлаа. Тэгээд ар араасаа цуварсан медалиуд бий.

-Цаашдынх нь зорилгыг сонирхож болох уу?

-Медалийнхаа багцийг нэмэх зорилготой. Одоо надад Дэлхин аваргын медаль дутуу байгаа. Авна даа. Харин бусад тэмцээнүүдээс мөнгө, хүрэл авч байсан даа. Тэд нарынхаа өнгийг өөрчилж алт болгох зорилготой. Алтан медалийн цуглуулга хийнэ.

-Танд амжилт хүсье ээ. Спортынх нь замнал дардан шулуун байх болтугай?

-За баярлалаа, тэр ерөөл бат оршиг ээ.

Ингээд ярилцлагынхаа төгсгөлд намайг үргэлж дэмжиж тусалдаг ард түмэндээ ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, “Ард” санхүүгийн нэгдэл, "Хас" банк Ч.Ганхуяг ахдаа, “Голден жим” фитнес клубийнхэн болоод гэр бүлийнхэн, ах дүү, төрөл төрөгсөддөө бүгдэд нь баярласан талархсанаа илэрхийлье.