богино мэдээ New

Цусны өвчин илрэх шинж тэмдэг, бусад нөлөөлөл

Зарим төрлийн цусны өвчин удамшина. Бэлгийн “х” хромсомоор удамшина. Энэ нь зөвхөн эрэгтэй хүнд илэрдэг. Харин эмэгтэй хүмүүс тээгч болно. .

Бэлтгэсэн сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг

Цусны өвчин гэж ямар өвчин бэ ?  

Цусны өвчин гэдэг нь хүнд байх ёстой цусны эрүүл эсүүд хавдрын эсээр солигдож буй гэсэн үг юм байна. Тодруулбал, эрүүл хүний биед байх ёсгүй залуу хавдрын эсүүд цусанд орж, нас бие гүйцсэн эсийн үүргийг гүйцэтгэж чадахгүй, эмгэгээр олширсны улмаас үүсдэг өвчин. Энэ төрлийн өвчин нь дотроо цусны төрөл бүрийн хавдрууд, цус гоожих эмгэгүүд, цус багадалт гэсэн үндсэн гурван бүлэгт хуваагддаг аж. Тухайлбал, хамар, ам, нүд, чих зэргээс цус гарах нь цус гоожих эмгэгт хамаарна. Цус багадалт л гэхэд олон янзын шалтгаантай. Эдгээрээс хавдар нь хамгийн их өсч байгаа эмгэг өвчин гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Цусны өвчин яаж илэрдэг вэ?

Хамраас цус гоожих эмгэгт хамаарна. Цус гоожих эмгэг нь дотроо олон янз. Зөвхөн хамраас ч биш ам, нүд, шулуун гэдэснээс эхлээд бүх газраас цус гарч болно. Тууралт хэлбэрээр ч байж болдог.  Хүний хамрын дотор байгаа судаснууд эмзэг учраас цусны өвчин туссан үед хамгийн түрүүнд хамраас цус гарч мэдэгддэг. Гэхдээ тэр болгоныг цусны өвчин гэж үзэхэд хэцүү. Тиймээс хамраас цус гарсан тохиолдолд эмчид яаралтай үзүүлж, шинжилгээ өгч байх хэрэгтэй.

 Анх үүсэхэд ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй. Ерөнхийдөө бие сульдах, ядрах, дархлаа суларснаас болж ханиад, томуу хүрэх, хааяа биеэр хөх толбо туурах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Мөн хамар, буйлнаас цус гарах, эсвэл ямар нэгэн халдварт өвчинд өртөмтгий болдог. Хэрэв шалтгаан нь тодорхойгүй халуурч, ядарч, сульдах тохиолдол гарвал заавал шинжилгээ өгч оношоо тодруулах хэрэгтэй.

Цусны өвчин яагаад үүсдэг вэ?

Цусны өвчин ихэсч байгаа нь хэд, хэдэн шалтгаантай.

  • Хамгийн гол нь бидний хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнд баталгаа байдаггүй.
  • Гадаадаас оруулж ирж буй янз бүрийн жимс, ногоонууд болон генетикийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүнүүд хавдар үүсгэх нөхцөл болдог.
  •  Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс өвлийн турш угаараар амьсгалдаг. Энэ нь хавдар үүсгэх гол шалтгаан аж.

Мэдээж цусны өвчин үүсгэх гадаад, дотоод хүчин зүйлүүд гэж бий. Хавдрын ген гэж хүн болгонд байдаг. Энэ ген нь байнга идэвхждэг бөгөөд түүнийг дарангуйлж байдаг өөр генүүд бас бий. Хүнд энэ хоёр ген харилцан тэнцвэртэй байх ёстой. Гэхдээ төрөлхийн идэвхтэй гентэй хүмүүс гэнэ. Үүн дээр нэмэгдээд дээр дурьдсан гадны хүчин зүйлүүд нөлөөлөхөөр хүмүүс хавдраар өвчлөх нь амархан болдог.

Мөн хавдрын идэвхитэй гентэй хүн байж болно. Тийм хүн жинхэнэ байгалийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн, малынхаа махыг идэж байгаа ч гэсэн хавдраар өвчлөх магадлалтай. Өөрөөр хэлбэл, тухайн хүний генийн онцлог гэсэн үг.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Халдварт өвчин шиг урьдчилан сэргийлэх арга бараг байхгүй.

 Харин жилд нэгээс хоёр удаа заавал урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх хэрэгтэй. Мөн химийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх нь чухал.

Цусны өвчин удамших уу?

Зарим төрлийн цусны өвчин удамшина. Бэлгийн “х” хромсомоор удамшина. Энэ нь зөвхөн эрэгтэй хүнд илэрдэг. Харин эмэгтэй хүмүүс тээгч болно. Хэрэв нөхөр нь цусны өвчтэй бол тэднээс гарсан эмэгтэй хүүхэд нь тээгч болоод, эрэгтэй хүүхэд нь цусны өвчтэй болно.

Хэдэн насны хүмүүс өвчилдөг вэ?

Ихэвчлэн хөдөлмөрийн насны залуу хүмүүс өвчилдөг. Хүүхдүүдэд ч бас тохиолдоно. Тухайн наснаасаа хамааран өөр өөр өвчлөлүүд илэрдэг.

Биедээ анхаарал тавьдаггүй, хүнд ажил хийдэг ч юм уу, зав чөлөө муутай хүмүүс анзаарахгүй явсаар өвчнөө хүндэрчихсэн үед нь эмнэлэгт хандах тохиолдол их байдаг. Ингэж оройтсон үед эмчилгээ авахдаа муу учраас тухайн хүний хувьд ер нь цаашид амьдрахад хэцүү болно гэсэн үг.